Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх ёстой
“Шүүх, шүүгчийн хэрэг шийдвэрлэсэн шийдвэрүүдэд хийсэн дүн шинжилгээ судалгаа нь шүүх байгууллага, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, хяналт тогтоох гэсэн оролдлого биш шүү” гэсэн үгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас шүүгч, судлаач, өмгөөлөгч, оюутнууд оролцуулан өнөөдөр (2018 он 10.10) зохион байгуулсан “Шүүхийн шийдвэр, түүний хэрэглэээ ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон судлаач багш бүхэн хэлж байлаа. Судлаач, өмгөөлөгч нар шүүх, шүүгчийн шийдвэрт нарийн дүн шинжилгээг үг, утгын алдаанаас эхлээд хуулийн зүйл заалтыг хэрхэн хэрэглэдэг, хохирогчийн нөхөн олговрыг яаж олгодгийг хүртэл нарийвчлан судалснаа танилцуулсан юм. Анхаарууштай шүүгч олуулаа ирж номын дуу сонсоход ч буруудхааргүй мэт санагдах. Зарим судлаач “Шүүгч нар зөвлөгөөн, хэлэлцүүлгийг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх мэтээр ойлгож оролцохдоо хойрго ханддаг” гэдгийг ч шүүмжлэв. Манай шүүх тогтолцоонд гурван шатны шүүх гэсэн ойлголт байдаг. Иргэдийн дунд ч заавал гурван шатны шүүхээр дамжих ёстой гэх ойлголт түгээмэл. Манай улсад судалгаагаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 54 хувь нь хүчингүй болдгийг гаргажээ. Гадаадын улс орнуудад энэ тоо 15 хувь хүрэхтэй үгүйтэй байдаг гэнэ. Иргэн гурван шатны шүүх дамжаад шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй “дахин заргалдаж, өөрийнхөө буруугүйг нотлох” тухай ярих үзэгдэл түгээмэл болсон байна.
“Англид 1240-өөд онд хийгдсэн шүүхийн шинэчлэл манайд одоо хэрэгжиж байна”
Хэлэлцүүлгийн үеэр доктор Д.Баярсайхан “Шүүхийн шийдвэрүүдэд судалгаа, дүн шинжилгээ хийсэнд эмзэглэх хэрэггүй. Таван жилийн өмнөөс хуулийн сургуульд хэрэглээний хичээлийг бодит жишээн дээр ордог боллоо. Барууны орнуудад анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх байдаг бол манайд эсрэгээрээ. Заавал гурван шатны шүүх дамжина гэсэн ойлголттой. Анхан шатны шүүхийн шийдвэр төгс биш гэж үздэг шүүгч ч бий. 1240-өөд онд Англид хийгдсэн шүүхийн реформ одоо л манай улсад хэрэгжиж байна. Эрүүгийн хууль шинэчлэгдсэн байхад хэргийг шийдвэрлэхдээ 1960, 1970-аад оны үеийн сэтгэхүй, туршлагаараа хандаад байна” гэсэн байр суурийг илтгэлдээ дурдсан байв. Тэрбээр, сүүлийн 10-аад жил эрүүгийн хэргийн шийдвэрлэлтэд дүн шинжилгээ, судалгаа хийжээ. Шүүгч нарын дунд хуулийн нэр томьёог буруу хэрэглэх, үг, утгын алдаатай, ойлгомжгүй шийдвэр гаргах алдаа түгээмэл байгааг судлаачид хэллээ.
Цочирдон, бачуурсны улмаас ахыгаа хутгалсны цаана...
Судлаачид шүүхийн шийдврүүдийн тодорхой хэргүүдээс жишээ авч ярьсан. Хуульд “Сэтгэл, санаагаараа цочирдон балмагдах” гэсэн зүйл заалт бий. Үүнийг хэрхэн хэрэглэсэн талаар дурдагдсан. 30 настай залуу 40 настай ахтайгаа маргалдаж, хэл амаар доромжлосноос эл хэрэг үйлдэгджээ. Ах нь дүүгээ хориглож, дарж унагаан боомилсон. Гэрт байсан хүмүүс салгасны дараа нь дүү нь ахынхаа араас хутгалжээ. Шүүгч шийдвэрлэхдээ “...Сэтгэл, санаагаар цочирдон балмагдсаны улмаас...” бусдад хүнд гэмтэл учруулсан хэмээн үзжээ. Судлаачийн тайлбараар “цочирдон, балмагдах” гэдгийг шүүгч дутуу, буруу өнцгөөс хуулийн зүйл заалт ашигласан байх магадлалтай гэсэн дүгнэлт гаргаж байсан юм. Цочирдон, балмагдсан биш санаатай үйлдэл байж болохоор тохиолдол ажээ. Энэ мэт цөөнгүй хэргийн талаар хэлэлцүүлгийн үеэр дурдагдсан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд судлаач, өмгөөлөгч нар санал, хүсэлт хэллээ.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 2 )
Нөгөө талаар УДШүүх болон давж заалдах шатны шүүх нь хуулийг хүссэнээрээ тайлбарлаж эхэлсэн бөгөөд жишээ Иргэний хуулийн нэг зүйл заалтыг 5 өөр байдлаар хэрэглэсэн байгаад судлагаа хийвэл зохилтой. УДШүүх болон ШЕЗөвлөл нь анхан шатны шүүгч нарт зөвлөмж болон сургалт хэлбэрээр хуулийг тайлбарлаж, тэр сургалт зөвлөмж нь бусад хуульч болон судлаачдаас нууц байлгахыг Лүндэндорж тусгайлан үүрэгдсэн байдаг. Ингэхлээр чинь яаж хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх вээ. Тийм учир анхан шатны шүүгч нарт ямар нэгэн буруу тохох шаардлаггүй харин УДШүүх болон давж заалдах шатны шийдвэрт дүгнэлт судлагаа хийх
Судлаачид Та бүхэн нэг зүйлийг орхигдуулсан байна. Учир нь бидний эрх зүйн систем нь ром гермааны гэх боловч баталсан хэрэгжиж байгаа хуулиуд чинь харин жишгийн систем руу хүчээр хэлбийлэгсэнд огт анхаарлаа хандуулсангүй. Мөн УДШүүх нь Үндэсн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрхийг үгүй болгосноор анхан шатны шүүх хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх вээ гэдгээ бүр ойлгох оо болсон байгаад оршиж байгаа юм.