The MongolZ 2025 оны дэлхийн шилдэг баг болов

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 18

И-спортын төрөлд гайхалтай амжилт гаргасныг нь үнэлэн “The MongolZ”-ийг Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2025 оны хоёрдугаар сард албан ёсоор орууллаа. Монгол Улсын Засгийн газар ч бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Яг энэ цаг үетэй зэрэгцэн The MongolZ баг эх орондоо ирж, MESA Nomadic Masters Spring 2025 тэмцээнд оролцов. Хуучин багийн бүрэлдэхүүнтэй тоглох, сонирхолтой форматтай дээрх тэмцээн и-спорт сонирхогчдын цөсийг хөөргөж, амжилт ялалтаар нь бахдах боломж олгосон юм.

Энэ улирлын эхний хагаст 1xBet брэндийн албан ёсны түнш “The MongolZ” баг оролцсон бараг бүх тэмцээнийхээ плей-офф шатанд шалгарч, анхны цомоо өргөх хүсэл тэмүүлэл нь бадарсан билээ. Тэд 2025 оны тавдугаар сар гэхэд HLTV чансааны эхний тавд эрэмбэлэгдэж эхлэв. Зуны амралт эхлэхээс өмнө “The MongolZ” багийнхаа төдийгүй, улсынхаа и-спортын түүхийг шинээр бичих бахдам амжилтаа үзүүлсэн билээ. Тэд 2025 оны зургаадугаар сард BLAST.tv Остин мейжор тэмцээний хэсгийн шатнаас 3-2 амжилтаар шалгарав. Шөвгийн наймд "Faze Clan" багийг 13:9, 13:11 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд тэд Өмнөд Америкийн “paiN Gaming” багийг 13:5, 13:5-аар торох юмгүй буулган авав. Ингээд тэд Остин Мейжорын шигшээ тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч “Vitality” багтай учраа таарсан билээ.

Цагийн зөрүүнээс шалтгаалан ихэнх тэмцээн Монголын цагаар шөнийн 03:00 цагт үзэгчдийн хүртээл болж байсан юм. Гэвч цагийн зөрүүг үл ажран Монголын хүүхэд, залуус и-спортын шилдэг багаа хөгжөөн дэмжсэн билээ. Тэд шигшээд шалгарсан нь л өөрөө түүх байлаа. Ази тивээс мейжор тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь 3-4-р байр байсан юм.

Шигшээ тоглолт үлгэрийн гэмээр эхэлсэн. “The MongolZ” баг дэлхийн чансааг тэргүүлэгчдийг эхний үед Мираж дээр 13:5-аар илүүрхэн шуугиан тарив. Гэвч тэд дараалсан хоёр үед 4:13, 6:13-аар хожигдол хүлээн мейжорын цомоос атгаад алдсан юм. Тэдний тухай дэлхийн хэвлэлүүд шуугьж, ярих ярианы сэдэв болоод зогсохгүй HLTV чансаанд анх удаагаа гуравдугаарт эрэмбэлэгдэв.

Зуны завсарлагын дараа “The MongolZ” баг BLAST Bounty Fall 2025, FISSURE Playground №2 тэмцээнд аман хүзүүдэж, 2025 оны Esports World Cup тэмцээнд түрүүлсэн юм. Ийнхүү тэд 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр HLTV чансааг тэргүүлж, дэлхийн тэргүүн багийн оройд заларлаа. Тэд үүнээс гадна Valve чансааг ч тэргүүлсэн юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top