Дэдүүдийн ДЭГЭЭ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байгаа Г.Занданшатарын Засгийн газар дэдүүдээ залж тэсэж үлдэхээр шийджээ. Татвар төлөгчид нь дансаа хаалгаастай, ард иргэдийн бензиний шар нь байнга асаалттай, шатахуундаа хэдэн цагаар дугаарлаж байгаа манай нийгэм хэзээ мөдгүй тээглэж унах гох дэгээ бишгүй бий. Гэтэл дэд нэртэй дэгээ л дутаад байв гэж.

Дотоод дэгээ

Ердөө жилийн өмнөхөн дөө. Сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар дэдүүд л төсөв аваад, бүтээмжгүй байна гэж пор хийтэл пургиад дэдүүдээ сугалж орхисон. Магадгүй өөрийн засгийг өөрөө онхолдуулах дэгээ нь ч дэдүүдийг тооцооноос гаргасанд оршиж байсан байж болох. Дэдүүдээ суга татчихаад шадар сайдын тоог гурав болгоод, яамгүй дөрвөн сайдтай болсон юм. Сүрэг бүтэн гэдэс цатгалан байлгахын тулд шүү дээ. Улс төрийн тоглоом төд удалгүйгээр жилийн дараахан өөрсдийнх нь хүрээлэл нэвсийтэл унагаахаар дэгээ тавьж эхэлсэн.

Улс төрийн фракцуудын тэнцвэрийг хадгалах үүднээс дэдүүдийг гаргаад ирлээ.

Эхний дэгээний пургисан шороон дээр Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсан юм, уг нь. Улбар зангиа зүүгээд, томилогдохоо хүлээж байхдаа индэр дээрээс шударга ёсыг сахин, хариуцлагын гэрээ хийж, хэмнэлтийн горимоор ажиллана гэдгээ нухацтай гэгч нь хэлж байв, тэр. Тэгээд яасан. Гурав хүрэхтэй үгүйтэй сарын дараа өөрсдийнхөндөө дэгээдүүлсэн. Хотын фракцын цодгор хүүгийн тавьсан дэгээнд эгээтэй л бүдэрч унаагүй тэр Цэц дээр асуудлаа “чирч” очоод суудалтайгаа үлдсэн. Намын дарга нь өөрөө ч биш улс төрийн өөр тооцооны хүн болчихсон нь дэдүүдийг хадганд боож залах гол шалтгаан болов. Ядаж байхад намын дарга нь спикер байдаг. Хүний өөрийнхгүй ирэх дайралт нь их байгаа болохоор улс төрийн фракцуудын тэнцвэрийг хадгалах үүднээс дэдүүдийг гаргаад ирлээ. Дэдүүдийн ерөнхий байр байдлыг харвал хэний фракцын хүн хаашаа яваад байгааг тодорхой харчхаж болно.

Айлын дэгээ

Парламентын засаглалтай улсад сөрөг хүчний амь, амьсгаа чухал үүрэгтэй. Тэр ч утгаараа Г.Занданшатарын гох дэгээг хараад сууж байсан нь Ардчилсан намынхан. Дэд сайд нарын томилгооны сургаар тэд улс төрийн акц хийсэн. Хийгээд Ерөнхий сайд дээр намын бүлгээрээ явж орсон. Энэ болтол улс төрийн сөрөг хүчний аяндаа хийх үйл явц өрнөж байв. Гэтэл яасан. Өрөөнд нь ороод хөмсөг зангидаад асуудал тавиад байхад л Г.Занданшатар “та нарын баталсан хууль” гэж “гөрдөөд” хуулиасаа энэ зүйл заалтыг авч хаях улс төрийн манлайлал үзүүл гэж “нам”-ын даалгавар тавьж орхив. Бүхэл бүтэн улс төрийн намын дарга нь УИХ дахь бүлэгтэйгээ орж ирээд байхад л “ах нам” ийнхүү мадлаад сууж байгаа нь хувь заяаны шоглоом гэлтэй.

Уг нь бол сөрөг хүчин ах намын улс төрийн шийдвэрт ямар ч буруугүй юм шүү дээ.

Уг нь бол сөрөг хүчин ах намын улс төрийн шийдвэрт ямар ч буруугүй юм шүү дээ. Ардын намын Удирдах зөвлөл хуралдсан уу, хуралдсан. Хуралдаад шийдвэр гаргасан уу, гаргасан. Шийдвэрийн дагуу дэд сайд нар томилогдсон уу, томилогдсон. Гэтэл та нар энэ хуулиа батлуулсан гэж мадлуулаад, эрх баригчдын улс төрийн шийдвэрийн гол буруутан нь болоод Г.Занданшатарын өрөөнөөс гарлаа. Сонгуулийн өмнө уг нь хүчтэй сөрөг хүчний дүр бүтээж байвал “зайрмагийн цехийн” эзний толгойлдог Ардчилсан намд хэрэгтэй байсан юм уг нь.

Том дэгээ

Г.Занданшатарын Засгийн газарт дэгээ хангалттай бий. БНХАУ-ын нүүрсний үнэ 2026 оны дунд хүртэл сэргэх янз алга. Уг нь нүүрсний экспортын биет хэмжээ өсөөд байдаг. Өссөн ч үнэ нь тааруу болохоор төсвийн орлогод нөлөөлсөн. Ялангуяа импорт буурснаас шалтгаалж гаалийн татварын орлого багассаны учиг нь ердөө энэ юм. Дээрээс нь инфляц өсөөд байдаг. Он гараад эмч, багш нарын цалинг үе шаттай нэмж эхэлнэ. Тэтгэврийг ч үе шаттай нэмэгдүүлнэ. Гэтэл төсөв тасраад байдаг. Уг нь энэ онд нүүрс болон зэсийн ханш түүхэн өсөлт үзүүлээд үнэт металлын үнийн өсөлтийн супер цикл тохиосон. Гэвч уул уурхайгаас хамааралтай бид супер циклийн сүрэнд даруулаад л өнгөрчээ. Өнгөрөхдөө манай төсвийн болон татварын орлогын тодорхой хувийг бүрдүүлж буй “Оюутолгой”-гоо баахан нооллоо. Сонсгол нэртэй сонгогдсон сонсголыг оны өмнөхөн харах хувьтай байж. Гэрээгээ хэрхэн шинэчлэх вэ, яаж үр ашигтай ажиллах вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой манай төр нийгмийг шал өөр тийш нь эргүүлж орхив. Жагсаал тараадаг өөдгүй дүрсүүд, тоондоо төрсөн шинэхэн попуудаар “гэрээг цуцал” гэх маягтай “шошго” хадаад дуусгав.

Гэхдээ байна аа энэ улс оронд чинь намын фракцуудын тавьсан дэгээнээс илүү эдийн засгийн олон дэгээ мань хэдийгээ дэгээдэх гээд л хүлээж байгаа юм шүү дээ!!!

Олон улсын томоохон байгууллагууд геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж дэлхий нийт богино хугацааны мөчлөгийн хямралд өртөнө гэж базаахгүй мэдээ дуулгаад байдаг. Дунджаас дээгүүр орлоготой манайх шиг улсад хямрал гайгүйхэн “шанаа” өгнө. Угаасаа төсөв ч зарлагатайгаа тэлээд талийж байгаа манайд хямралын шок хэрхэн тусах нь одоо харагдана. Ядаж байхад дэгээдсэн шорооны пургианд тодорсон Г.Занданшатарын Засгийн газар 50 жилийн хүслийн жагсаалтаа болиод таван жилийн уриа лоозонгоор сольчихсон гэж байгаа. Лоозон сүртэй ч амьдрал өөр байна.

***  

Эрх баригчид цайраад олны өмнө ил цагаан дэгээддэг боллоо. Бүр сөрөг хүчинтэй нь хамт. Өмнө нь ядахдаа нууж байгаад тайзны ард дэгээддэг байлаа. Одоо бол ордон дотор индрийн өмнө л дэгээддэг болж. Яг л Хрушевийн үеийн Зөвлөлт шиг. Дэдүүдээ хадганд боогоод залж байгаа нь цаанаа учиртай. Их сонгуулийн өмнө засаг, заяа хоёртойгоо үлдэх гэсэн эрх баригчдын л хүсэл юм. Ядахдаа дэд болоод дээрдсэн хоёрдугаар ээлжийнхэн “ах нарынхаа” дохиураар хөдөлж Засгийг унагаад байхгүй юм даа. Гэхдээ байна аа энэ улс оронд чинь намын фракцуудын тавьсан дэгээнээс илүү эдийн засгийн олон дэгээ мань хэдийгээ дэгээдэх гээд л хүлээж байгаа юм шүү дээ!!!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top