Засаглалын ШИНЭЧЛЭЛ ба АШИГ СОНИРХОЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

УИХ-ын  намрын ээлжит чуулган нээлтээ хийгээд хэдхэн хонож байгаа ч энэ удаагийн чуулганы ач холбогдол хэчнээн өндөр болох нь эхний өдрөөсөө харагдсан нь гарцаагүй. Чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч засаглалаа өөрчлөх цаг хугацаа ирээд байгааг дуулгаад авав. Тэрбээр реформын талаар олон удаа давтаж ярьсан нь засаглалын эрхийг нэг гарт төвлөрүүлэх сонирхолтойг нь илтгэсэн үйлдэл боллоо.  

Өөрөөр хэлбэл, "Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ. Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт шавхагджээ. Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ. Улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн нам, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе. Эрс шинэчлэлд бэлтгэгтүн, Үндсэн хуулиа ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн өөрчилж, тэднээр хэлэлцүүлэн дэмжүүлэгтүн. Үүнийг эс хийвээс түүхэн хариуцлагаас зугтаасан хэрэг болно. Тогтолцооны эрс шинэчлэлд намынхаа болон бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс хандваас үндэсний эрх ашгаас урвасантай дүйцэх хэмжээний гэмт хэрэг, нүгэл болох болно. Цаг үе бидэнд эрс шинэчлэлийг тулгаж байна. Үүнийг ард түмний өмнө хүлээх түүхэн хариуцлага хэмээн хүлээн авагтун” гэж уриаллаа. 

Түүнчлэн 2015 онд эрхлэн гаргасан “Монгол Улстай ижил төстэй зарим орны засаглалын болон эрх зүйн тогтолцоо, сонгуулийн хэлбэрийн талаарх мэдээлэл” товхимолд дурдсанаас үзэхэд, 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро гэсэн дөрвөн оронд л байдаг хагас парламент-хагас Ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо мэдэж байгаагаа Ерөнхийлөгч хэлсэн.

Энэ бүхнээс үзэхэд, Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсыг ганц хүний буюу Ерөнхийлөгчийн засаглалтай болгох хүсэл сонирхол их байгааг илэрхийлэв. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийн засаглалын асуудлыг өөрөө төрийн тэргүүн байгаа цаг үедээ амжуулах хүсэлтэй байгаагаа ч нуусангүй.

Хэдийгээр төрийн тэргүүн маань Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг хүслээ ч намууд ямар байр суурьтай байгаа нь чухал. Намуудын хүсэл сонирхлоос хамаарч Үндсэн хуулийн өөрчлөл шийдэгдэж, уг өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэн баталгаажуулна.

Эрх баригч нам МАН-ын хувьд парламентийн засаглалыг хамгийн тохиромжтой гэж байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Үндсэн хуулийн өөрчлөлтөд бид Ерөнхий сайд, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэл рүү явж байгаа. Бид л тогтолцооны гажуудал болоод байна гэж яриад байгаагаас биш яг үнэндээ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ыг эрх мэдлийг маш тодорхой  зааж өгсөн. Харамсалтай нь, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр 40 гаруй хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Үүнээс үүдээд эрх мэдлийн хуваарилалт тодорхойгүй болсон. Тийм учраас Үндсэн хуулийг номоор нь хэрэгжүүлэхийн тулд бусад нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудыг эргэн харах ёстой. Манайх шиг цөөн хүн амтай улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй, хэт дарангуйлал тогтох үндэстэй” гэсэн юм.

Тус намын олонхи гишүүн ч ийм байр суурьтай нь харагдсан. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Үндсэн хуулийн реформыг зайлшгүй хийх шаардлагатай. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, УИХ нь Засгийн газар, Засгийн газар нь УИХ ч юм шиг байгаа байдлыг засах хэрэгтэй. Энэ нь улс орныг урагшлуулахгүй байгаа юм. Монгол Улсын хувьд парламентын ардчиллыг гүнзгийрүүлэх нь зөв” гэсэн бол Ж.Мөнхбат гишүүн28 жил явж ирсэн буруу системээсээ Монгол Улс гарах ёстой гэдгийг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар чуулганы нээлтэд хэлсэн. Ямар байдлаар өөрчилж шийдэх нь парламентын бүрэн эрх. Ямартай ч олон жил хүлээж байгаа энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцнэ гэсэн итгэлтэй байна” гэсэн юм.

Парламентыг бүрдүүлж байгаа олонхийн төлөөллийн саналыг хүргэхэд ийм байна. Юутай ч энэ намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх магадлал тун өндөр боллоо. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтийн үеэр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бол хэд хэдэн парламент дамжин ярьж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй” гэсэн.

Мөн УИХ дахь сөрөг хүчин ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. АН-ын бүлгийн байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан төлөөлөн хэлсэн. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гурван арга зам байгаа гээд Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 68 дугаар хэсэгт заасны дагуу ард нийтийн санал асуулгын дагуу өөрчлөлт оруулж болно. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу шийдвэрлэж болно. Гуравдугаарт, Зөвлөлдөх ардчиллын тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах боломж бий. АН ард түмнээрээ хэлэлцүүлж өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгэхээр ямар ч байсан энэ намрын чуулганаар Үндсэн хуулиа өөрчилж, ядаж л өөрчлөх оролдлогууд хүчтэй өрнөх нь. Намууд ч бэлэн байх шиг байна. Харин яаж өөрчлөгдөх нь сонин. Үндсэндээ “Парламентын ардчиллаа гүнзгийрүүлж, түүнээс бий болдог Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг эрс хязгаарлах чиглэл рүү явах уу. Эсвэл Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлдэг Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг бий болгох чиглэл рүү явах уу” гэсэн хоёр сонголт л яригдана. Гэхдээ улс төрийн намуудад аль хувилбар нь ашигтай харагдахаас шалтгаалан сонголт шийдэгдэх биз ээ. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batjargal B . HUD.(122.201.22.137) 2025 оны 03 сарын 13

Zochin hoertoi sanal heg baina . Parlamenttai baigaad ard irged yaj jargasan yum . Garsan NAM bolgon uuriin hedee buutsiiluud l taarsan . Odoo ard irged ulsaa bodoh heregtei gej bodnom .Minii l bodol erunhiilugchiin zasaglal heregtei baina . Undur n.astan

1  |  0
иргэн(202.9.42.11) 2025 оны 03 сарын 13

Парламентын сонгодог зарчмаар Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг дээшлүүлж, ерөнхийлөгчийг амар амгалан байлгавал зохилтой. Төрийн ажилд их хутгалдуулж болохгүйг бид хангалттай харж байна. Бас нэг зүйл одоо 2 зүйлийг хувийн анкатандаа бичүүлэх хүсэл ноёлж байна. Болсон болоогүй эрдэмтэн доктор нэр зүүх, Сайд байсан гэж бичүүлэх 2 жинхэнэ мода болчихжээ. Юм л бол шалавхан татаж унагаад өөрсдөө сайд болох нууц хүслэдээ хөтлөгдөөд л нэг бол мөнгөөр хүн хөлсөлж цол хмгаалдаг болоод удаж байнадоо. Хэдэн жилийн өмнө ТЭХЯ-ны төрийн арийн бичгийн дарга нэг л өдөр ”доктор” болчихсон цохиж явж билээ.

1  |  0
Зочин(182.160.39.45) 2025 оны 03 сарын 13

Харин жижиг улсад ерөнхийлөгчийн засаглал нэн тохироно.Энэ олон сүлжээ бүлэгүүд асуудлыг зөв шийдэхгүй нь батлагдсан.Заавал АНУ,ОРОС мэтэд ерөнхийлагчиийн засаг байна гэвэл эндүүрэл.Ганцхан хүний гар доор төрөө төвхнүүлж байсан удам судраа ч бодсон тэр шүү.

1  |  0
Close menu