Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир 2018 оны тавдугаар сарын 14-нд бурхны оронд заларч, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж барамгүй гарз тохиолоо.  

А.Эрдэнэ-Очир Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул. Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээл нь уншигчдын хүртээл болсон. “Алтан бийр” найргийн наадмын 1992, 1993, 1995, 1998 он, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998 оны, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан. Шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоорх шагнуулсан.  Дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч”, БНСУ-ын Ханчоны соёлын нийгэмлэгийн “Байгалийн модернизм” шагнал, Б.Явуухулангийн нэрэмжит шагналтай А.Эрдэнэ-Очир нь МҮОНР-ийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны редактор, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, их утга зохиол, утга соёлын амьдралын төлөө сүүлчийн мөчийг хүртэл зүтгэж явсан юм. Ард түмний сэтгэлд өнөд эгшиглэн үлдэх түүний шүлгүүдээс толилуулж байна. 

 

Зам

Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад 
Хагацлын гунигт донсолсон донхолтой 
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн 
Униарт мушгиа хавцал дээр 
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд 
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд 
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж 
Нулимс хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч 
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам 
Энэ миний хувьхан заяаны зам аа 

Миний зурсан хорвоо...

Бүжин хярсан бут цагийн эрхээр өргөслөөд
Бүлээхэн бороо намиравч солонго холдоод намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно

Саруул талд тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо долгис болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгилахад гэгээ болно

Аадар, хур, цас, салхи нь ч хүртэл зүрх хөдөлгөх аястай
Сүү нулимсаар миний үдсэн минь дуу болно
Амьд явахад эргэн тойрон сэтгэл хөдөлгөх увидастай
Сүүдэр гэрлээр миний зурсан хорвоо дууль болно

 Голын тохой дээр...

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
 
Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө
...Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

Ижийтэй хүн үхдэггүй

Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно 
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад 
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно 
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ 
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана 
Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно 
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг 
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг 
Ижийгээ амьдад үхэж болохгүй 
Ижий минь цээжиндээ наргүй болно

Аялагхан залуу нас минь ...

Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явнаа 
Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй 
Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж 
Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүй
Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас 
Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй 
Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж 
Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй
Аар саархан зовлон зүрх тархийг идэж 
Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж 
Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар 
Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
danx(185.125.231.241) 2025 оны 03 сарын 13

zalyy xalyyn nasiig ni bodwol xaramsaltai l baina.gexdee bysadtai zvirlvvlex shaardlagagvi.bawyy gyain xywid xiisen ch yumtai xelex ch vgtei xvn. bawyy gyaigaar orolddog chi myy xen be.zvgeer baixad zvgeer l baigaarai goloog mini.

1  |  0
Сүхбат(112.214.155.191) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий арай л эрт халив. Болдогсон бол БавуугийнЛхагвасүрэн, Жанцанноров мэтийн ард түмний хандиваар амьдрагч долдой нар оронд нь үхэжсбайьал зүгээрсэн. Хэнд хэрэггүй амны зугаанууд.Жанцанноров хандиваар хагалгаа хийлгээд удлаа ганц бүтээл төрсөнгүй хүүхэд шуухадаа төрийн албанд зүтгүүлсэн шиг. Лхагвасүрэн зөндөө хандиваар бас л ямар ч нэмэргүй. Залуу хүний нийгэмд болон гэр бүлдээ хэрэгтэйсэн.Нэн ч хэрэггүй төгцөг бол илүү.

1  |  0
Top