Батлан хамгаалах салбарыг нуруутай авч явах Нямаагийн Энхболд

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 02

   
 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сайд нарын тухай  Зиндаа.мн сайт цувралаар хүргэж байгаа. Энэ удаа Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдыг онцолж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг  “ХҮЧТЭЙ”  байлгаж, хэн нэгний нүдэнд  балчир бас бяргүй эсвэл айдас, хүйдэстэй харагдуулахааргүй  Сайдуудын нэг нь Нямаагийн Энхболд. Үнэнийг хэлэхэд өмнөх Засгийн газарт хамт ажилладаг сайд нараа  бүү хэл энгийн иргэнд ч айдас төрүүлдэг сайд байсныг хэн ч үгүйсгэхгүй. Доожоогүй, дуугүй байхаар бусдын нүдэнд олзлогдоно гэдэг дээ. Түүнтэй адилтгавал Хүрэлсүхийн Засгийн газар  “Хүчтэй” байхаас өөр сонголтгүй. Хүчтэй байх нь хүрсэн бүхнээ  хяргахийн нэрийдэл бас биш. Хяргаж мэдэх салбарыг хяргахааргүй төлөв төвшин улстөрч удирдан чиглүүлж байна. Төв нутгаас  гарсан төрмөл улстөрч.  Ямарч асуудалд ул суурьтай хандаж  долоо  хэмжиж нэг огтолдог эрхэм.  2000 оноос хойш төрсөн нутгаасаа тасралтгүй тав дахь  удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэхээр түүнд ноён нуруутай гэдэг үг гоёдох биш багадмаар санагдана.Нэг тойргоос нэр дэвшээд дараагийн сонгуулиар өөр тойрог руу нүүдлийн шувуу шиг одоогүй гэсэн үг. Тийм улстөрч олон. Парламентдаа хамгийн туршлагатайд тооцогдох  учраас  залуучууддаа үлгэр, дууриал  болж яваа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашсан. Гэхдээ хэн нэгнээс албан тушаал гуйгаагүй өдий хүрсэн гэлцдэг.

Хэвлэлийн мэргэжилтэй гээд салбарынхантай нь сүжрээгүй улстөрч

Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг хэвлэлийн инженер мэргэжлээр төгссөн.

 Төгсөөд тухайн үеийн Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакц, Улсын  хэвлэлийн комбинатын орлогч даргаар ажиллаж байжээ. Хэвлэлийн салбар ажилласан гээд  хэвлэл мэдээллийнхэнтэй сүжрээгүй. Ерөнхий сайдын сунгааны үеэр түүнийг таван хүний саналтай барианд гэлдэрч орж ирсэн тухай зарим хэвлэл шоолонгуй хандахад тоогоогүй. Үүнээс илүүтэйгээр хэвлэл, мэдээллээр түүний тухай элдэв, хов жив бичигдэж байгаагүй нь хэр нэр цэвэр эрхэм бэ гэдгийг нь  тодорхойлно. Ерөнхий сайдын сунгаанд оролцсон нь үнэн. Өөрөө дэвшсэн нь юу л бол. Албан тушаалын төлөө тэгтлээ улаарахгүй хүн гэдгийг Төв аймгийн сонгогчид нь бүү хэл  улстөр сонирхдог хэн бүхэн  гадарлах байх. Хөндлөнгөөс нэрийг нь дэвшүүлээд, дэмжинэ гээд молиго үмхүүлсэн үү, мэдэх юм алга. Тэр өөрөө юу хэлсэнгүй, дуугарсанүй. Хэвлэлийн чиглэлийн мэргэжилтэй хэрнээ хэвлэлийнхнээс дөлж, тойрч явдаг хачин жигтэй улстөрч. “Би цалин нэмүүлсэн”, “ард түмэн зүдэрч байна” гэх зэргээр хэзээ ч популизм хийдэггүй,  би, би  гэж цээжээ дэлддэггүй  эл эрхэм  батлан хамгаалах салбараар тоглохгүй нь тодорхой.

Батлан хамгаалах салбарыг өөд татах сэтгэл бий

Намдуу дөлгөөн түүний дотор Батлан хамгаалах салбарыг дэнхийтэл өргөх хүч  нуугдаж буй нь гарцаагүй. Салбарынхан нь ингэж л итгэж, найдаж байгаа. Том намын хүлээн зөвшөөрөгдсөн лидерийнх нь  хувьд шүү дээ. Одоо түүний туршлага, боловсрол, мэдлэгийг бүрэн ашиглах л үлдсэн, Хүрэлсүхийн Засгийн газарт. Монгол Улсын Батлан хамгаалах салбар арваад жилийнхээс тэс өөр болсон. Алив зүйл  өдрөөр биш цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа үед Батлан хамгаалах салбарт цэрэг техникийн шинэчлэл, мэргэжлийн цэрэгтэй болох, гадаад харилцаагаа улам өргөжүүлэх  олон асуудал байна.   Шинэ сайд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай хэрхэн харьцахаа мэднэ. Энэ албан тушаалыг хашиж явсан учраас аварга аваргынхаа зовлонг ойлгоно гэдэг шиг зүйл.  Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа  хөгжиж байна. Хөгжлийг нь түргэтгэхэд түүний Гадаадад харилцааны сайдын албан тушаалыг хашсан туршлага ахиад хэрэг болно. Монгол цэргүүд халуун Арабаас эхлээд хаа холын Африк тивд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эх орныхоо нэрийг НҮБ-д “САЙН”-аар дуудуулж байна.  САЙД нь бас сайн ажиллах үүрэгтэй. Цэрэг, армийг заавал мэргэжлийн хүн удирдах ёстой гэдэг ч даяаршиж буй өнөө цагт энгийн хүн удирдахад харшлах зүйлгүйг өмнөх Сайдуудын томилгооноос  бэлхнээ  харж болно. Ноён нуруутай,  туршлагатай парламентч Нямаагийн Энхболд Батлан хамгаалах салбарыг хэрхэн удирдахыг цаг хугацаа харуулна.

Д.Анар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.35) 2017 оны 11 сарын 02

Б.Бат-Эрдэнэ гэдэг хүнээс хавьгүй илүү байхаа.

0  |  0
Unen(203.91.115.41) 2017 оны 11 сарын 02

Zov hun bna lee.

0  |  0
irgen(202.179.24.108) 2017 оны 11 сарын 02

Tand ajliin amjilt husie, MAN sain beltgesen olon bolovson huchintei gej boddog

0  |  0
baagii(103.206.195.30) 2017 оны 11 сарын 02

ikh l daryyhan xvn baina lee.

0  |  0
Irgen (202.70.34.70) 2017 оны 11 сарын 02

N.Enhbold bol sain uls turch. Mongolyn terguunii seheeten.

0  |  0
Top