Нийгэм, эдийн засгийн хямралаас үүдэж ажилгүй иргэдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 3 дугаар сарын эцэст 47 мянгад хүрчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.8 (34.2%) мянга нь Улаанбаатарт, 7.2 (21.0%) мянга нь Хангайн бүсэд, 6.4 (18.7%) мянга нь Төвийнбүсэд, 5.8 (16.8%) мянга нь Баруун бүсэд, 3.2 (9.3%) мянга нь Зүүн бүсэд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.4 хувийг бүрэн дунд, 31.2 хувийг дипломын дээд болон бакалаврын, 6.9 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 5.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.8 хувийг магистр, доктор, 1.2 хувийг боловсролгүй иргэд эзэлж байгаа юм.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлжээ. Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2022 онд 5.6 хувьд хүрч буурна гэж Хөдөлмөрийн судалгааны институти тооцоолсон байдаг. Харин нийт ажиллагсдын тоо энэ хугацаанд нэг сая 260 мянган хүнд хүрэх төлөвтэй байгаа аж.
Тус институтийн судалгаагаар хөдөлмөр эрхлэлт 2022 он хүртэл жил бүр дунджаар 20 мянга 545 ажиллагсдаар нэмэгдэх юм байна. Монгол Улсын хувьд ажиллах хүчний оролцоо эрэгтэйчүүдийн хувьд 25-49 нас идэвхитэй үе байдаг бол эмэгтэйчүүдийнх харьцангуй хожуу буюу 35-49 насны үе хамгийн идэвхитэй байгаа аж.
Нөгөө талаар иргэд ямар нэг ажилд оръё гэхэд боловсрол, нас, хүйс биеийн өндөр гэх мэт хэт өндөр шаардлага тавьдгаас болж 40-50 насны эрчүүдийг ажил олгогчид “гадуурхах” байдалтай байна. Эзэмшсэн мэргэжил, дадлага туршлага байгаа боловч хүссэн ажилдаа орж чаддаггүй тэдгээр хүмүүс аргагүйн эрхэнд манаач, харуулын ажилд ордог боловч дийлэнх нь хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүйн дээр дийлэнх нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Иргэний хуулийн 359.1 дэх хэсгээр зохицуулагддаг хөлсөөр ажиллах гэрээний үр дагавар нь тухайн ажилтны нийгмийн асуудлыг хангалттай шийдэж өгдөггүй.
Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байдаг. Харин хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгаа тохиолдолд ажил олгож байгаа этгээдүүд нь хэзээ ч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөх үүргийг хүлээдэггүй. Хэдийгээр Иргэний хуулийн 364.2-д “Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно” гэж заасан ч амьдрал дээр энэ харилцаа зөвхөн ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болдог.
Иргэдийн ихээр гомдол гаргадаг бас нэг зүйл бол хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллана гэж зөвхөн амаар тохиролцоод бичгээр гэрээгээ байгуулдаггүй явдал юм. Хөлсөөр ажиллах гэрээгээ бичгээр байгуулж, гэрээнд цалин хөлс олгох журам, илүү цаг, амрах, хооллох завсарлага зэргийг тусгадаггүйгээс болж иргэд тухайн даргын үзэмжээр ажиллах болдог. Цалин хөлсөө хугацаандаа өгөхгүй байх, ажил их гэж шалтаглан амралтын цагт амраахгүй байх, өвдсөн гэмтсэн үед тусламж дэмжлэг үзүүлэхгүй байх зэргээр иргэдийн эрхийг маш ихээр зөрчиж байгаа нь юм. Мөн тухайн ажлын байранд ажиллуулахдаа туршилтын хугацаа гэх зүйлийг тулгадаг. 7 хоног, 1 сарын хугацаанд ажиллуулчихаад туршилтын хугацаанд сайн ажилласангүй, одоо яв, туршилтын хугацаа учраас цалин өгөхгүй гэсэн хууль бус шаардлагыг зарим байгууллагууд тулгадаг. Гэтэл туршилтын хугацаа гэх ойлголт нь хөдөлмөрийн гэрээн дээр яригддаг аж.
Цалингаа шаардахаар дургүй бол яв, энэ ажлыг чинь хийх өөр олон хүн байна гэсэн байдлаар дээрэнгүй хандаж хохироох хууль бус явдал өнөөдөр их байна. Тиймээс иргэд ямар нэг ажилд орох бол хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байлаа гэхэд хөлсөөр ажиллах гэрээндээ өөрийн эрхээ хамгаалах заалтуудыг аль болох тодорхой оруулах хэрэгтэй.
Иргэний хуулийн 363.1-д “Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэж заасан. Хэрэв таны ажлын байр шаардлага хангахгүй байвал, жишээлбэл автомашины зогсоолын манаач нарын хувьд манаачийн байр нь хүйтэн, хангалттай түлээ нүүрс өгдөггүй гэх мэт асуудал байвал үүнийг даргаасаа шаардах эрхтэй. Манаач, харуулын ажил хийдэг хүмүүсийн хувьд тулгардаг бас нэг бэрхшээл нь тэдний хариуцлагын бүсээс эд зүйл хулгайд алдагдвал өөрсдийн цалин, мөнгөөрөө төлөх болдог.
Иргэний хуулийн 363.1-д “Ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй” гэж зааснаар ажил олгогчид мөн зохих үүрэг байдаг. Иймд иргэд өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга бол ямар нэг ажил хийхдээ заавал бичгээр гэрээ байгуулах, гэрээндээ нийгмийн баталгааны талаар заалтуудыг оруулах юм. Аман гэрээгээр ажиллаж байгаад та цалингаа авч чадаагүй бол та шүүхэд хандаж цалин хөлсөө гаргуулж авах хууль зүйн үндэслэлтэй гэдгийг энд сануулъя.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 1 )
Hodoo aj ahuin uildveriig sergeegdeh erchim huchtei hosluulahad baival hamgaalaliig bodoh estoi jishee n shuvuu deer ueiin salhin teeremd tsohiulah ue baisan tiimees zuv gazraa songoj baiguul