Хүн төрөлхтнийг хүлээж буй хүнсний дажин

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 09

Амьдрал бол асуудал гэсэн үг буй. Тэгвэл ээлжит асуудал хүн төрөлхтөнд нүүрлэж байгааг шинжээчид анхааруулж байна. Энэ асуудлыг хүнсний хямрал, бас өлсгөлөн хэмээн нэрлэжээ. Дэлхийн хүн амын тоо долоон тэрбумыг  даваад байна. Олуулаа байх сайхан ч энэ бол ганцхан цэнхэр гаригт маань ахадсан тоо. Асуудлын гол нь дэлхий тэднийг даахгүйдээ биш, хоол хүнсийг нь залгуулах хэмжээ хязгаар гэж бий. Газар нутаг, ургамал тариалан, ан амьтан, мал аж ахуй гээд бүгд хязгаарлагдмал нөөц боломжтой. Үүн дээр байгалийн өөрийнх нь араншин болох ган зуд гэхчлэн  аюул нэмэгдэнэ.

Цаг уурчид 2015 оныг хамгийн хамгийн дулаан жил болно хэмээн тодорхойлж байна. Мэдээж, энэ бол ган гачиг болох тухай сануулга. Тэгэхээр хонин  жилийн хувьд хүн төрөлхтний чихэнд дэлдэх аюулын харанга өлсгөлөн байх магадлалтай. 

 

Асуудлын гол нь дэлхий тэднийг даахгүйдээ биш, хоол хүнсийг нь залгуулах хэмжээ хязгаар гэж бий.

Өнгөрсөн зун  АНУ,  Энэтхэгт ихээхэн ган болсныг мартаагүй байгаа байх.  1956 оноос хойш америкчууд ийм аймаар ган гачигтай нүүр тулж байгаагүй гэсэн. 2014 оны зун АНУ-ын 29 мужийн 1300 орчим тойрог байгалийн гамшигт нэрвэгдсэн тухай тоо баримтыг тухайн үед мэдээлж байв.  

 

Энэ ч бас бага хэрэг. Хойт хөршийнхөн маань төмсний ургацынхаа тал орчим хувийг тавиад туучихсан.   

Дэлхий нийтэд өлсч буй ард түмэн үй түмээрээ байна. Тэдний нэг, бидэнд хамгийн ойр нь  Умард Солонгос. Тус улсын 25 сая хүн амын гуравны нэг нь хүнсний наад захын хэрэглээгээр гачигдаж байна.

Дэлхнийд 925 сая хүн өлмөн зэлмүүн амьдарч байна. Өөрөөр хэлбэл долоон хүн тутмын нэг нь өлсгөлөн гэсэн үг.  Африк тивийн өлсгөлөнг дэлхий нийтээрээ  хичээгээд ч шийдэж чадаагүй хэвээрээ.

Хүн төрөлхтний ходоодыг баярлуулдаг гол бүтээгдэхүүн бол цагаан будаа. Дэлхийн цагаан будааны зах зээлд Энэтхэгийн нийлүүлэлт чухал байр  суурь эзэлдэг. Гэтэл Энэтхэгт өнгөрсөн жил нүүрлэсэн ган гачиг цагаан будааны нийлүүлэлтэд нөлөөлчихөөд байгаа. Хэрэв энэ  жил үнэхээр дулаан жил болж ган гачиг нүүрлэвэл дэлхийн зах зээл дээрхи цагаан будааны үгүйлэгдэж байгаа орон зайг  нөхнө гэдэг эргэлзээтэй асуудал болно.   Энэ мэт таагүй мэдээллүүд ар араасаа урссаар байна.

Дэлхий хавтгай болж,  байгаа нь байхгүйдээ гар тэнийдэг болсон болохоор илүү дутуугаа хуваалцаад нэг хоёр жилдээ тэсэх л байх. Гэхдээ ингэлээ гээд асуудал нэг мөр шийдвэрлэгдэхгүй. Эрэлт нийлүүлэлтийн ийм хангамж нөгөө талдаа зах зээлийнхээ жам ёсоор хийгдэнэ. Өөрөөр хэлбэл мөнгөтэй хүн хөгжмөө захиална  гэсэн үг. Хомсдлыг дагасан үнийн хөөрөгдөл гаарна.

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага 2008 онд үнийн үсрэлтээс шалтгаалан "Гуравдагч ертөнцөд" хүнсний дажин дэгдсэн шиг үйл явдал давтагдах вий хэмээн болгоомжилж байна. Ялгаатай нь 2008 оны хүнсний бүтээгдэхүүний үнийн дажин дамын худалдаанаас шалтгаалж байсан бол энэ удаагийнх хомсдлоос шалтгаална гэсэн үг. Хэрэв дэлхий нийтэд ган гачиг нүүрлэвэл 2013 оных шиг  хүнсний бүтээгдэхүүний  үнийн хөөрөгдлийг авчирна хэмээн мэргэжилтнүүд болгоомжилж байгаа юм.

Эрэлт нийлүүлэлтийн ийм хангамж нөгөө талдаа зах зээлийнхээ жам ёсоор хийгдэнэ. Өөрөөр хэлбэл мөнгөтэй хүн хөгжмөө захиална гэсэн үг. Хомсдлыг дагасан үнийн хөөрөгдөл гаарна.
Өөр нэг аюул нь өлсгөлөнд хүүхдүүд хамгийн их нэрвэгддэг. Дэлхий дээр жил бүр нас барж байгаа 10.9 сая хүүхэд , таван сая насанд хүрэгчдийн  үхлийн шалтгаан нь ердөө хоол хүнсний хангамж хүрэлцээний дутмаг байдлаас болдог.  

Энэ асуудлыг намжаах нэг арга бол нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх явдал  гэж нотолдог. Үүний тулд шинэ техник технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ ч зүй байх. Гэхдээ үүний нөгөө талд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэсэн ойлголт гарч ирдэг.

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаархи таагүй мэдээлэл, таамаг яриа нь хэрэглэгчдийг дайжуулах  шалтгаан болсоор байна.

Харин монголчуудын хувьд бол ихэнхдээ ориг бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломжтой ард түмэн. Газар нутаг, мал сүрэг, тариа ногоо, уух ус бүх юм унаган хэлбэр агуулгаараа байгаа, одоохондоо. Энэ газар шороо, ан амьтан, мал сүрэг монголчуудыг нэг их баян цатгалан болгоогүй юмаа гэхэд зуун зуун дамжсан олон жилүүдэд ходоодыг нь  хонхолзуулж байсан нь үгүй билээ. Одоо ч тэр л янзаараа байгаа.

Хэрэв эдүгээ Монголд хүн өлсөж байна гэвэл тэр арчаа муугийнх, ажилгүй хойргийн харгай. Хормойн чинээ газарт ногоо тариад дээлийн чинээ ургац авч болно
Ижлээсээ хоцорсон ганц өнчин ишгийг тэжээхэд таргийн  таван ямаатай  болоход төвдөх юмгүй. Эмээлт захад тушааж байгаа нэхий арьснууд шийртэйгээ. Сайхан хуйхалсан шийр мөн ч амттайсан. Шалз чанаж амтлаад цэлцэгнүүр хийвэл салахын аргагүй амттан.  Гэтэл хаяж байна. Ийм л цамаан хүмүүс.

Бидний амьдарч буй Ази тив, Номхон далайн бүс нутаг маань өлсгөлөн, өлмүүн зэлмүүн байдлаараа тэргүүлдэг юм банйа. Дээр өгүүлсэн 925 сая өлсгөлөнчүүдийн ихэнх нь буюу 578 сая нь Азид байна.  Тэгэхэээр өлсгөлөн тивийн цатгалан монголчууд хэмээн өөрсдийгөө тодотгож болохоор. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.126.89.176) 2025 оны 03 сарын 13

Монголчууд өлсч үзээгүй болохоор залхуу болчихсон юм биш үү

1  |  0
Top