Цус сэлбэлт, судлалын үндэсний төв нөөцийн хомсдолд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Оюутнууд амарч, цэргийн алба хаагчид хээрийн дадлага сургуулилалтад гарч, иргэд амралт, зугаалгаар явдаг зуны улиралд тус төвийн нөөц хомсддог аж.
Донорын тоо өнгөрсөн хаврынхаас 30 орчим хувиар буурчээ. Эмнэлгүүдээс ирж буй цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг бүрэн хангахын тулд өдөрт 80-100 донор цусаа тогтмол өгөх шаардлагатай байдаг гэнэ.
Тус төв өдөр бүр 08.30-14.00 цагт цус цуглуулахаас гадна явуулын баг ажиллуулж буй. Нөөц багассан учир сүүлийн хоёр долоо хоногт амралтын өдрүүдэд ажиллах болсноос гадна иргэдэд мэдээлэл, сурталчилгаа эрчимтэй түгээсний дүнд тус төвд ирэх хүний тоо нэлээд нэмэгдсэн байна. “Сүүлийн арав хоногийн байдлаар өдөрт 50-60 хүн ирж байна.
Гэсэн ч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй учир эмнэлгүүдээс ирэх захиалгыг бүрэн хангах боломжгүй. Дулааны улиралд өдөрт 30 орчим хүн ирдэг байсантай харьцуулахад 60 гаруй болно гэдэг өссөн үзүүлэлт ч цаашид илүү олон болгох шаардлагатай” гэж тус төвийнхөн хэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор тухайн улсын хүн амын гурван хувь нь цусаа тогтмол өгдөг бол тэр орны цусны хэрэгцээ бүрэн хангагддаг аж.
Манай улсын иргэдийн 0.8 хувь нь цусаа өгдөг буюу дэлхийн дунджаас 3.5 дахин бага байна. Монгол Улсад Цусны алба үүсээд 50 гаруй жил болоход давхардсан тоогоор 130.000 хүн цусаа өгсөн аж. Өнгөрсөн онд 22.800 хүн донор болсон. Үүнээс 1000 орчим нь идэвхтэй буюу нөөцийн хомсдолд орсон үед ирдэг аж. Харин заасан хугацааны дагуу цусаа тогтмол өгдөг байнгын донор 300 орчим байгаа гэнэ.
Байнгын доноруудыг урамшуулж, өнгөрсөн онд 200 гаруй хүнд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх олгосон бол энэ жилээс 35-аас дээш удаа цусаа өгсөн 60 хүртэлх насны хүндэт донорыг улсын амралтад нэг удаа үнэгүй амраадаг болжээ. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар хоёр болон түүнээс дээш удаа цусаа өгсөн, сүүлийн хоёр жил тогтмол өгсөн буюу байнгын донорууд харьяаллынхаа хоёр, гуравдугаар шатны эмнэлэгт дараалалгүй хэвтэн эмчлүүлэх, үнэгүй үзлэг, оношилгоо хийлгэдэг болжээ.
Үүнээс гадна Цус сэлбэлт, судлалын үндэсний төв онооны тогтолцоо нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Цус авахдаа бүхлээр нь биш, бүрэлдэхүүн хэсэг болох сийвэн, ялтаст эсийг ялган авах тохиолдол байдаг аж. Бүхэл цусыг жилд 4-6 удаа, сийвэн, ялтаст эсийг нэлээд олон өгөх боломжтой. 2013 онд нэг хүн 19 удаа өгсөн тохиолдол гарсан байна. Ингэж тоо нь харилцан адилгүй байдаг тул онооны систем нэвтрүүлж, харилцан адилгүй урамшуулахаар төлөвлөжээ. Энэ ажилд “Сүү” компани хамтран ажиллахаар болсон байна.
Удахгүй тус компанийн үйлдвэрлэсэн сүүний хайрцаг дээр “Донор болцгооё” гэсэн уриа тавих гэнэ. “Манай төвд хандаж байгаа хүмүүсийн олонх нь гэр бүл, хамаатан садангийнх нь хүн өвдөж, цус сэлбэх шаардлагатай үед олдохгүй байхын зовлонг мэддэг болсон байдаг. Ийм зүйлтэй учраагүй хүмүүс “Дараа болъё” гэж хойш суух юм уу “Нэгдүгээр бүлгийн цус л донор болно. Бусад бүлгийнх донор болохгүй” гэх буруу ойлголттой явдаг.
Зарим хүн “Цусаа өгөөд ямар нэг халдвар авчихвал яана” гэж айдаг. Энэ бол маш буруу. Харин ч донор болсноор өвчинд өртөх эрсдэл буурдаг. 2013 оны судалгаагаар донор хүн зүрх, судасны өвчин, хавдраар өвдөх эрсдэл жирийн хүнээс маш бага байгааг тогтоосон” гэж тус төвийнхөн хэлж, цусаа хандивлаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа цөөнгүй хүнийг аварч тус болохыг иргэдэд уриалсан юм. Хүн таван литр цустай, тэндээсээ 350 мл цус өгөхөд сөрөг нөлөө байдаггүй, харин ч бодисын солилцоо нь сайжирдаг байна.
Ч.Мөнхзул

Сэтгэгдэл ( 0 )