Өдрийн сурвалжлага: Өлссөн хүүхдийн уйлах чимээтэй, хулгай дээрэм дийлдэхээ больсон Вокзалын нэг өдөр

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

Нийслэл хотын маань өнгө үзэмж өдрөөс өдөрт өөрчлөгдөж өндөр байшин барилга дээшээ сүндэрлэж, дэвжин дээшилсээр л байна…

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаараа манай хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар болох вокзалын нэг өдрийн амьдралыг сурвалжиллаа. Тэнд найман настай балчираас наян настай буурал хүртэл байгааг харахад ёстой л нэг түм түжигнэж бум бучигнадаг газар юм. Хот, хөдөө, Эрээн, Замын-үүд, Орос гээд зүг зүгрүү ирж очихоор үйлчлүүлж байгаа зорчигчдоос гадна бор дарсанд толгойгоо мэдүүлсэн дэндүү олон хүн цугласан байна. Эндхийн автобусаны буудал ч хүн ихтэй. Мөн үүнийгээ дагаад  жижиглэнгийн худалдаа эрхлэх хүмүүс ч олон байх юм. Хөл хөдөлгөөн хүний түгжирлээ дагаад халаасны хулгай хэрээс хэтэржээ. Цагдаа дуудаад хулгайчыг бариад өгөхөөр хэдэн цагийн дараа суллаад явуулчих юм. Нөгөө хулгайч нь ирээд дахиад л хулгай хийнэ яалтай ч билээ дээ гэж тэндэхийн наймаачид ам уралдуулан ярьж сууна лээ.

 

Вокзалын автобусны буудал дээр зогсоод харахад л хулгай хийх архи уух гэж байгаа хүмүүс андашгүй юм.  Тэд архи уухын тулд гэрийнхээ хамаг юмыг зарж байна. 40 эргэм насны нэг эрэгтэй  ус буцалгагч, эмэгтэй үнэртэй ус барьчихсан нэг шил архины мөнгөөр өглөө шүү гэж орилж явсаар тэнд явсан 30 гаруй насны эмэгтэйд зарчихлаа. Өдөр дараалан үүгээр явж архи уудаг бололтой хоёр эмэгтэй гурван эрэгтэй хүмүүстэй ярилцахаар очсон юм.  Яагаад архи уугаад байнаа ах минь гэтэл намхан нуруутай 50 орчим насны н.Болд гэх эрэгтэй ах нь залуудаа бага эмчийн ажилтай цэмцгэр залуу байлаа. Хүний амьдралд олон юм тохиолддоно шүү дээ. Эхнэрээсээ сална үр хүүхдээ алдана гээд одоо бол архинаас гарч чадахгүй дээ гэсээр дуу нь намслаа. Тэд хувийн амьдралаа нэг их олонд яриад байх сонирхолгүй гэж байна билээ. Эндхийн архичид дотор эмч, багш гээд сэхээтэн явсан хүн олон байдаг аж. Тэд”Сүүлийн үед  Дархан, Сэлэнгээс ирсэн хүмүүс их ирж, энд хоног  төөрүүлдэг  боллоо. Өдөр ирэх бүр л  архи уудаг хүмүүсийн тоо нэмэгдсээр л байгаа” гэж ярьж байсан юм.

 

 

  Өвлийн сар гарсан тул ширхэгийн худалдаа эрхлэгчид нарны голтойд  сууж өдрийнхөө хоол унааны мөнгийг олоод харьдаг гэнэ. Тэдний зарж байгаа цөөхөн хэдэн ширхэгийн бараанаас  нь булаагаад зугтах хүн ч олон юм. Худалдаа хийж буй хэдэн настайчууд амь нэгтэй байж нэгнийхээ булаалгасан юмыг нөгөөх нь барих үе бишгүй дээ гардаг гэнэ.  Вокзалын автобусны буудал дээр ширхэгийн худалдаа эрхэлдэг Б.Дулмаа эмээ ийн ярьлаа: “Энэ буудал дээр олон янзын үйл явдал болно шүү дээ.  Жаргалдаа ташуураад гадуур тэнээд явдаг нэг нь байхад эрүүл мэндээсээ болоод ажил хийж чадахгүй архинд орсон нь байна. Гэрээсээ хөөгдсөн хүүхэд, хөгшид ч байх л юм. Би өдөр болгон л энд сууж байдаг болохоор над дээр ирээд зовлонгоо тоочоод суух хүн олон байдаг юм. Өдөр бүр л тамхи гуйна өгөх нэг хэцүү өгөхгүй байх ч хэцүү юм даа.  Зарим нь бол булаагаад зугтчихна шүү дээ. Тэр болгонд нь цагдаа дуудаад байж чадахгүй дуугүй л өнгөрөөдөг дөө. Тамхины хяналтын тухай хууль гарсан боловч биелүүлж чадахгүй байгаад нь эмээ нь их  эмзэглэж  явдаг юм. Тамхи зарж сууж л өдрийн хоолоо залгуулдаг болохоор  зарахгүй байж чадахгүй л байна. Тийм дээ ч хууль хяналтынхан ирэхээр нь торгууль төлөөд л буцаадаг.


Дулмаа эмээгээс хувийн амьдралынх нь тухай асуухад өтлөж хөгшин болохын цагт хүний араншин өөрчлөгддөг гэдэг үгийг хэлээд нулимс дуслуулан сууснаа ярьж чадаагүй юм. Эмээ нар  үр хүүхэддээ саад болохгүй гэсэндээ энд сууж хоногийн хоолоо олдог аж.  Харин хааяа ач зээ нартайгаа утсаар ярьж сэтгэлээ дэвтээдэг. Ачтайгаа ярьсаны дараах хэдэн өдөр аз жаргалтай  болчихдог гэж байна билээ.

 

 

 

 Төмөр замын буудал дээр худалдаа эрхэлдэг наймаачдын ихэнхи нь хөдөөнөөс ирсэн бөгөөд зарим нь ямар ч бичиг баримтгүй болохоор хотод үзүүлэх газар олддоггүй гэнэ. Тэд хөлнөөсөө их зузаан гуталтай бөгөөд өвдөгөө хэд дахин юмаар хучсан суух юм. Өвдөх эрхгүй тэдний өөр юугаар ч орлуулашгүй дархлаа нь энэ зузаан гутал өмд ажээ. Тэтгэвэрт суух нас нь хэдийн болсон ч бичиг баримтгүйгээсээ болоод тэтгэврээ тогтоолгож чадаагүй учраас жилийн дөрвөн улирлын турш энд суудаг аж.

 

 

 

Нялх хүүхдээ дагуулаад архи ууж яваа ээжүүд ч олон юм. 30 орчим насны эмэгтэй хоёр настай хүүгээ хөтлөөд архи ууж явна. Өлсөөд байна ээжээ мантуу авья л  гээд гуйгаад л байх юм. Харин ээж нь мөнгө байхгүй юугаараа авдаг юм гэж уурлаад хүүхдээ зодож байна. Айсан хүү нэг чанга уйлаад л дуугүй болох юм. Ийм л дүр зураг манай нийслэлд олон байна.  Тодруулбал Драгон, Нарантуул, Барс худалдааны төв гэх мэт хүний хөл ихэд бужигнах газар ийм амьдрал өдөр болгон болдог. Нэг л өдөр вокзал дээр өнжихөд  Эх орны минь ирээдүй болсон балчир үрсийн амьдрал бүрхэг байгаа нь  харагдлаа.

Р.Бадамсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top