УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яригдаж байна. Энэ талаар танаас асуух гэсэн юм. Монголын сэтгүүл зүйн талаар та зөв дуугарч, тулхтай байр сууринаас ханддаг. Хэвлэл мэдээллийн хил хязгааргүй байдал гэж яригдаад байгаа. Ер нь тэгээд нэг улс орон хэвлэлийн хууль гаргах боломжгүй юм биш үү. Үүнтэй та санал хэр нийлэх вэ?
-Та нар маань хаанаас “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” батлагдах гэж байна гэж сонсов? Н.Батчимэг гишүүнтэй энэ талаар санал солилцож үзсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, уран бүтээлчдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг явуулж байж шийдвэр гаргах ёстой гэж ойлголцсон гэж бодож байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгтэй ч ярилцсан. Ойрын үед энэ хуулийн төслийг хэлэлцэх асуудал төлөвлөгдөөгүй гэж байсан. “Хэвлэл,мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөл өмнө нь УИХ-д орж ирээд буцсан. Салбарын ажилтнуудын санаа бодлыг аваагүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, уран бүтээлчдийн хооронд үл ойлголцол, таагүй уур амьсгал үүсгэхээр төсөл байсан учраас гишүүдийн ч, уран бүтээлчдийн ч дэмжлэг аваагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа хууль эрх зүйн орчноосоо болоод доголдоод байгаа зүйл алга. 1998 онд батлагдсан ”Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” үүргээ биелүүлж салбарын үйл ажиллагааг зохицуулаад явж л байна. Өнөө маргаашгүй хууль гаргахгүй бол тулгамдаад байгаа асуудал үгүй байна. Энэ салбарт ажилладаггүй хүмүүс л бидний өмнөөс санаа зовоод яваад байдаг нь ер нь ойлгомжгүй л байна.
-Редакцийн хараат бус байдал гэж юуг хэлээд байна вэ?
-Редакцийн хараат бус байдал гэж сэтгүүлч, уран бүтээлчид бие дааж эрхэлсэн ажлаа гүйцэтгэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, дарамтгүй ажиллана гэсэн үг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, тэр дундаа сэтгүүлч, уран бүтээлчид чөлөөтэй ажиллах боломжоор хангагдсан байдаг. Сонины эрхлэгч, захирлын дарамтад ажилладаг цаг өнгөрсөн л дөө. ”Өдрийн сонин”-ы сурвалжлагч Ж.Гангаа хуулийн төсөл яригдах үеэр бичсэн нийтлэлдээ “Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн хүмүүсийн олонлог байдаг“ гэж онож хэлсэн юм. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагын дарамтаас уран бүтээлчдийг чөлөөлнө маягтай юм яриад хагалж бутаргах хуулийн төсөл бариад гүйлдэх нь ер нь ямар утгатай юм. Би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард түмнээ мэдээллээр хангах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүргийг хуваалцаж байна. Ингэхдээ засгаас ганц ч төгрөг авдаггүй, дээр нь хэдэн зуун ажлын байр бий болгоод явж байгаа гавьяатай салбар. Тиймээс ядаж гай болохгүй байх нь хэвлэлд үзүүлэх төрийн дэмжлэг болно.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд реклам, зар сурталчилгаагаар санхүүждэг. Гэтэл Хэвлэлийн хүрээлэн зэрэг ТББ-ууд реклам хийх хэрэггүй гээд байх юм. Рекламгүйгээр, зөвхөн захиалагч, үзэгчдийнхээ тоогоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаж үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа юм бол. Нэг салбарт хүчин зүтгэж буй хүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Хувь хүний ч бай, байгууллагын ч бай бусдын тогоо руу өнгийх нь өөрөө дэндүү ёс зүйгүй хэрэг. Тэгвэл реклам хэрэггүй гэж мэдэмхийрээд байгаа нөхдүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж санхүүжихийг хэлээд өг л дөө. Аливаа зүйлийг хориглох амархан, харин альтернатив вариант гаргаад ирвэл сая тэр хориглох үйлдэл нь утгатай болно. Ер нь ямар ч дэмжлэг үзүүлэхгүй атлаа төрийн ачааг үүрэлцэж байгаа хэсгээ хааж боомилох явдал их байна. Харилцаа холбооны зохицуулах хороо телевизүүдийн рекламны цагт хязгаар тавьж байгаа нь ч буруу. Их байна, төвөгтэй байна гэж үзвэл үзэгч тэр сувгийг эргүүлж л орхино. Зах зээл нь, үзэгчид нь зохицуулах асуудалд төр, засаг оролцоод илүү зардал гаргаад л байгаа хэрэг шүү дээ, энэ нь.
-Мөн ТББ-ууд хэвлэлийн эздийн хөрөнгийн асуудлыг яриад байх юм. Тэдэнд тийм эрх бий юу?
-Ямар ч эрх байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн адил татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгвэл архи дарс, бензин шатахуун,сургууль соёл юу байдаг юм бүх салбарын эздийн хөрөнгийг ч бас ярьж хэмжээ дамжааг нь тогтооё л доо. Яагаад хэвлэл мэдээллийн салбарт бизнес эрхлэгчдийг ялгаварлан гадуурхаад байгаа юм. Аль нэг салбарт давуу эрх олгох, ялгаварлан гадуурхах хуулиар хориотой. Ийм л утга учиргүй, хууль бус үйл ажиллагааг явуулах гээд улайраад байна. Дуугүй суугаад байж болохгүй дээ, бид.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэх асуудал чуулганаар орж байна. Улс орны эдийн засаг хүндэрлээ, төсвийн орлого 1,5 их наядаар дутсан гээд байгаа хэрнээ ингэж цалин тэтгэвэр, тэтгэмжийг ямар үндэслэлээр нэмж байгаа юм бол?
-Өнөөдөр олон түмэн төсвийн алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний гадаад өрөнд эзлэх хувь ямар байгааг сонирхохоос илүүтэй амьдрал ахуйгаа яаж авч явах уу, цалин мөнгөө хэрхэн хүргэх үү гэдэг асуудал чухал байна. Засгийн газар Монгол Улсын 2014 оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөөд орж ирлээ. Хамгийн сүүлд 2012 оны 2, 5 дугаар саруудад цалин нэмсэн. Түүнээс хойшхи жил зургаан сарын хугацаанд инфляцийн түвшин статистик мэдээллээр 9,9 хувьтай гэж мэдээлж байгаа ч бодит амьдрал дээр 30 хувьд хүрчээд байгаа талаар судлаачид хэлж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг амьдралд ойрхон байдаг хэн ч гэсэн судалгааны дүнтэй дүнгүй мэдэж байгаа асуудал. Худалдаж авч чаддаг ч юмгүй болох нь иргэд. Байр сууц, түлээ нүүрснийхээ үнийг яахаа мэдэхгүй байна. Энэ нь цалин нэмэх нэг үндэслэл. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляцтай уялдан цалин мөнгө нэмэх заалт бий. Тиймээс нэмэх л ёстой. Хувь хэмжээний тухайд Үйлдвэрчний байгууллага тооцоо хийсэн байна лээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд Засгаас санал болгож байгаа 200 тэрбум төгрөг нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил болох тоо тэд хэлж байна. Энэ мөнгөөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ердөө 6-7 хувь нэмэх боломжтой. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэх санал оруулсныг харин Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал олонхиороо дэмжсэн. Нэгдсэн чуулганаар гишүүд дэмжинэ гэдэгт найдаж байна.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмснээр инфляцийн түвшин нэмэгдэж таарна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн нуруун дээр том ачаа болох юм биш үү?
-Засгийн газар цалин нэмэгдэхээр юмны үнэ өсчихдөг учраас нэг өдөр л мэдэгдэхгүй нэмчихнэ гэж байгаа. Тиймээс манай бүлгийн гишүүд яг хэзээ нэмэхээ хэл гэж эрх баригчдаас шаардахгүй байна. Харин ирэх оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг суулгачихвал нэг өглөө нар гарах байлгүй дээ. Инфляцийг зохистой түвшинд байлгах нь иргэдийн үүрэг биш л дээ. Барааны үнийн өсөлтөд ч иргэдийн буруу байхгүй. Ард иргэдээ амьжиргаатай байлгах нь төр, засгийн үүрэг.
-Төрийн албаны 130 мянган ажилтан бий. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхээр тэдний орлого өснө. Харин цаана нь хувийн хэвшлийнхэн орхигддог. Энэ байдлыг яаж зохицуулж байгаа вэ?
-Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр хувийн хэвшлийнхэн хэлмэгдэнэ гэдэг үгтэй болж. Төр хэзээ хувийн хэвшилд санаа зовдог болоо вэ. Хувийн хэвшлийн мэдлэгтэй, мэргэжилтэй боловсон хүчний дундаж цалин 600 мянгаас дээш байгаа. Баян компани, банк санхүүд ажилладаг өндөр зэрэглэлийн ажилтнуудын цалин хэдэн сая давсан.
-МАН-ын 27 дугаар Их хурал болж өндөрлөлөө. Таны хувьд УИХ-ын гишүүн болоод анх удаа намынхаа Их хуралд оролцлоо. Энэ хурлыг та ямар болсон гэж дүгнэх вэ, санал сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би өмнөх 26 дугаар Их хурлын төлөөлөгч байсан л даа. Энэ удаагийн их хурал туршлагатай, тулхтай улс төрийн хүчин улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэхээ тодорхойлсон баримт бичгүүдийг баталлаа. Мянга мянган гишүүд болон дэмжигчдийнхээ итгэлийг хүлээсэн төлөөлөгчид ухаанаа уралдуулж санал бодлоо нэгтгэсэн түүхэн их хурал болсон гэж бодож байна.
-Энэ удаагийн Их хурлаар танай намын удирдлагууд шинээр сонгогдлоо. Таван удаагийн сонгуульд дараалан ялагдсан улс төрийн ууган хүчний хувьд удирдлагууд солигдсоноор нам өөрчлөн шинэчлэгдэж чадах болов уу?
-Гурван сонгуульд амжилтгүй оролцлоо л доо. Шинэчлэл бол цаг үргэлж бүх салбарт шаардагдаж байдаг үзэгдэл. Шинээр сонгогдсон удирдлага шинэчлэл хийнэ гэхээсээ илүүтэй цаг үеийн шаардлагад нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр, баримт бичгийг их хурлаар баталсныг хэрхэн хэрэгжүүлэхээс шинэчлэлийн үр дүн хамаарна. Эдгээрийг хэрэгжүүлж чадна гэж үзсэн хүмүүстээ их хурал итгэл үзүүллээ. Тиймээс олонхийн санал нэгдэж сонгосон удирдлагууддаа итгэхгүй байх шалтгаан алга байна.
-Таныг Сү.Батболдын фракцын хүн гэдэг. Та фракцдаа хүчин зүтгэж байгаа юу. МАН-ын фракцуудын талаар янз бүрийн л мэдээллүүд гарах юм. Үнэхээр нам доторх фракцууд хоорондоо хөлөө жийлцээд байна уу?
-Олон хүн сайнтай муутай, ойн мод урттай богинотой гэдэг. Үзэл бодол, ааш араншин гээд ижил төстэй байдлаараа хүмүүс ойр байдаг. Үүнийг фракц гэдэг эсэхийг мэдэхгүй. Сү.Батболд даргын үед намын удирдах бүрэлдэхүүнд байсан болохоор тэгж ярьдаг байх нь л дээ. Одоогоор манай намд албан ёсны фракц байхгүй. Харин хувь хүний хувьд илэн далангүй яриа хөөрөө, хоорондын итгэлцэл нам дотор дулимаг байна. Үүнийг задлах хэрэгтэй гэвэл санал нэгдэнэ. Хүн дагаж давхихаас илүүтэй өөрийн итгэл үнэмшлээр зөв бодож ярьж байгаа хэнийг ч бай дэмждэг.
М.Мөнхцэцэг
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Сэтгэгдэл ( 8 )
Ter tsavchaa mavchaa, shaamii maimii yah ve, oort ni ashigtai bol ovootei ch yavdag avgai gesenshuu. Bogsooroo hool olj iddeg olon emegteichuudees hamgiin amjilttai yavaa ni he he.
Tsavchaa sarangerel uih-iin gishuun l geed bodchihdoo ta nar kkk mongol neeree super uls shuu kkkkk
neg l ikh ineesen, az jargaltai, bayassan hvn bn....ulsiin ikh hurliin gidhuun bolson geed ene hvnii amdraliin tuuliin itsiin zorilgon bielsen met l bndaa....ochuuxen ch amtan um daa, kkkk
рекламная пауза - авгай.дэмийрэгч бээр сэтгүүлээ л хийж суувал барав ,энэ юу хийхэв дээ ,гадагш явж шопинг л хийнэ байх
Bayan kompanid ajilladag jiriin humuus ondor tsalin avdaggui yum baina lee
UNEN
N Enhbayariin bogsiig tolooj yavsnii huchind odii zeregtei yavaa shuu chi
Shaamii avgai ih soliorch baih shiv dee . . . TV5 gej chinii baiguulsan teneg televis MAN iig magtan duulah, Solongos kino gargahaas uur um chaddag umuu . . .