Цөмийн аюул, хор хөнөөлийн эсрэг тэмцэгчид 2013 оны 10 сарын 26-ны бямба гаригийг Монгол Улсын түүхэнд мөнхөд хараар дурсагдах болно хэмээн бичиж, ярьж байгаагийн учиг юу вэ гэдгийг бид ажрахгүй байж болох эсэх дээр эргэлзээ бүрэн тайлагдаагүй л байна. Ямартай ч, Цөмийн энергийн хуулийн дагуу “Арева Монгол” ХХК Монголын төрийн өмчийн “Мон-Атом” компанитай хамтран төслийн дагуу ажлаа үргэлжлүүлнэ гэж яриад байсанчлан 26-ны өдөр Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом”, Францын “Арева Монгол” компанийн зүгээс хамтарсан “Арева Майнс” компани байгуулах хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Арева Монгол”, Японы “Мицүбиши” корпорац хоорондын хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар, манайх тэдэнтэй хамтарч уран олборлож, боловсруулах нь баталгаажсан. Харин эл явдыг цөмийн хор хөнөөлийн эсрэг тэмцэгчид “...Энэ өдөр Монгол улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагaac санаачилсан “цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” гэгчийг үзүүлэхэд бэлнээ зарлан тунхаглаж, ирээдүй хойчдоо хорт цацраг, гаж удамшлыг өвлүүлэхээр улайран дайрсан эмгэнэлт өдөр гэж дурсагдах болно.” гэхчлэн өгүүлж байна.
Ер нь бол дэлхийн улс орнууд газар доорх ашигт малтмалыг захирч бус захирагдаж өдийг хүрсний тод жишээ нь ураныг ашиглаж байгаагаас харагдаж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хагас задралын үргэлжлэх хугацаа нь 4.5 тэрбум жилээр хэмжигдэнэ гэгддэг ураныг ашиглах нь, эрчим хүчний эх үүсвэр болгох нь эдийн засгийн хувьд зардал багатай тусах боловч, эргээд муугаа үзүүлсэн тохиолдолд эдийн засгийг ихээхэн хүнд байдалд оруулдаг болохыг Чернобылийн ослоос харж болно. Энэхүү осол нь Украины нийгэм, эдийн засагт хүчтэй цохилт үзүүлсэн бөгөөд ялангуяа xөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, ойн аж ахуй, усны аж ахуй зэрэг эдийн засгийн чухал салбаруудад нь хүнд туссан байдаг. Түүнчлэн тус улсад ажилгүйдэл нэмэгдэж, амьжиргааны түвшин дордож, гэр бүл, нийгмийн амьдрал, нэн ялангуяа өсвөр насныханд сөргөөр нөлөөлсөн гэдгийг дэлхий нийтээр мэдэх билээ. Тэгвэл манай тухайд хамгийн шилэгдмэл технологитой Францын компанид олборлолтын эрх өгсөн биш, нөгөөдүүл нь шар нунтаг гаргаж авах туршилтын олборлолтын үедээ л байгаль орчинд, мал амьтанд хор хохиролтой үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдоод эхэлж буй.
Харин манай тухайд ураныг ийнхүү бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрлөө. Нэгэнтээ олборлоод, боловсруулах асуудлыг дэмжсэн юм чинь дотооддоо АЦС барих асуудлыг ч ажил хэрэг болгох янзтай. Цөмийн Энергийн Газрын Технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга Б.Мөнхтөр гэгч нөхөр хэлэхдээ цөмийн эрчим хүчийг ашигласнаар зардал ихээр хэмнэнэ гэж байсан. Тэрээр “Цөмийн эрчим хүчний станцын хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх хугацаа дулааны цахилгаан станцынхаас бага. Богино хугацаанд барьж, байгуулах боломжтой. Ашиглах хугацааны хувьд ч одоогийн станцуудтай харьцуулахад хамаагүй урт. Дэлхийн улс орнууд 2035 он гэхэд эрчим хүчний 20 хувийг цөмийн цахилгаан станцаас гаргаж авна гэсэн тооцоо бий. Энэ нь нүүрснээс эрчим хүч гарган авснаас болж дэлхийн дулаарал нэмэгдэж байгаатай холбоотой.” хэмээн ярьсан байгаа юм. Мэдээж энэ бол түүний гэхээсээ ЦЭГ-ын байр суурь гэж олонд хүрсэн.
Манай нөхдүүд ийнхүү ураны хэрэглээг дэмжин хөөрцгөөж байх зуур дэлхийн улс орнуудад Атомын цахилгаан станцаас татгалзах явдал нэмэгдэж байгаа юм. Татгалзаж байгаа улс орнуудын тухай мэдээллийг golomt.org-оос ишлэн авснаа тодотгох нь зөв болов уу.
Европын Xолбооны улсуудаас:
Болгарчууд Беленагаас татгалзсан
Дунай мөрний эрэг дээр Беленад АЦС барих ажил зогссон. Энэ станцыг аль 1980-аад оноос барьж эхэлсэн ч анхны төлөвлөсөн 4 тэрбум еврогийн өртөг зардал нь явцын дунд өссөөр 10 тэрбум хүрчээ. Улмаар АЦС барих төсөлд оролцож байсан RWE (Германы цөмийн корпораци) болон санхүүжүүлж байсан банкууд төслийг орхисон. Aнхнаасаа л АЦС барих төсөл маш асуудалтай эхэлсэн. Беленда дахь АЦС-ыг авилгалын асуудлаас гадна АЦС барихыг эсэргүүцэгч идэвхтэн амиа алдсан зэрэг шуугиан хүрээлдэг. Гэвч Оросууд анх байгуулсан гэрээний дагуу АЦС барихад бэлэн гэдгээ илэрхийлээд, гэрээний заалтаа зөрчсөн Болгарын засгийн газраас 10 тэрбум еврогийн төлбөр шаардаж байгаа аж.
Бельги:
2015-2025 онд 7 АЦС-аа бүгдийг нь зогсооно.
Герман ч бас...
Хамгийн шуурхай ажилласан улсын нэг. Фукушимагийн ослын маргааш нь гэхэд 8 АЦС-аа унтраагаад бусдыг нь шалгалтанд оруулсан ба ажмаар үлдсэн АЦС-уудаа зогсоосоор 2022 онд гэхэд АЦС-гүй болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дашрамд хэлэхэд Германы АЦС-ууд нь аюулгүй байдлын хамгийн өндөр түвшинд ажилладагаараа нэртэй аж.
Их Британи эргэлзэж байгаа
Их Британий төр засгaac АЦС барих бодлого явуулж байгаа ч атомын концернүүд өөрсдөө АЦС ажиллуулах нь эдийн засгийн ашигтай эсэхийг эргэн харж, эргэлзэх болжээ.
Финлянд гацсан
Fennovoima гэдэг АЦС барихаар төлөвлөсөн ч хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрч чадаагүй. АЦС барих төслийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг нь болох “E-On” корпораци эзэмшиж буй 34 хувиа зарж төслөөс гарах болсноо мэдэгдээд байгаа. Тус төсөлд 70 орчим жижиг хөрөнгө оруулагчид оролцож байгаа хэдий ч АЦС барихад шаардагдах 4-6 тэрбум евротой тэнцэх хөрөнгийг босгож чадалгүй гацжээ.
Атомын салбарын ирээдүй бүрхэг байгааг хамгийн түрүүнд мэдэрсэн E-On“ корпораци болон эрчим хүчний бусад корпорациуд сэргээгдэх эрчим хүчний зах зээл рүү хүчтэй түрэн орж ирж байгаа ажээ.
Франц бууруулна
2025 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ 50 хувиар бууруулахаар ажиллаж байна.
Голланд хойшлуулсан
Borssele II гэдэг АЦС барих төсөл бий ч хөрөнгө оруулагчид нь нүүр буруулах болсны улмаас тус төслийг 3 жилээр хойшлуулаад байгаа. Цөмийн эрчим хүчний салбарын томоохон тоглогчид болох Германы RWE ба Францын EDF корпорацууд шинээр АЦС барихад хөрөнгө оруулахгүй гэж мэдэгдсэн.
Итали ашиглахгүй
Цөмийн эрчим хүчний асуудлыг амжилттай, ардчилсан аргаар шийдсэн анхны улс. Италичууд Чернобылийн ослын дараахан буюу 1987 онд бүх ард түмний санал асуулга явуулж, АЦС-гүй орон байхаар шийдсэн. 2011 онд Фукушимагийн ослоос 3 сарын дараа мөн ард түмний санал асуулга явуулахад 90 гаруй хувийн саналаар АЦС-ын асуудалд бүр мөсөн цэг тавьж, хэзээ ч цөмийнэ рчим хүч ашиглахгүй гэж зарласан.
Латвид дэмжлэггүй
Литвийн АЦС-д хөрөнгө оруулж хамтрах санаатай байсан ч парламентийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг олж чадаагүй.
Литвад зөвшөөрөөгүй
2012 оны 10 сард АЦС барих эсэх талаар бүх ард түмний санал асуулга явуулахад ард түмэн нь АЦС барихыг зөвшөөрөөгүй.
Австрид хоригтой
Австричууд цөмийн эрчим хүч, АЦС-аас олон жилийн өмнө ангижирсан төдийгүй АЦС-д үйлдвэрлэсэн эрчим хүчний импортод хориг тавьжээ.
Словакд хөрөнгө оруулагч байхгүй
Jaslovske Bohunice гэдэг газар барьж байгаа цөмийн реакторын ашиглалтанд орох хугацаа сунгагдсаар байгаа бөгөөд 2025 оноос нааш ашиглалтанд орохгүй гэж мэдэгдсэн. Учир шалтгаан нь хөрөнгө оруулагч олдохгүй байгаа гэнэ.
Румын
Анх 2015-16 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан Черновода АЦС-аа 2019 оноос наашгүй гэж мэдэгджээ.
Швед шинээр барихгүй
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлсэн Швед улс эрчим хүчний илүүдэлд орох хандлагатай байгаа. Ваттенфалл гэдэг төрийн өмчит цөмийн компани нь шинээр АЦС барихгүй гэдгээ мэдэгдсэн.
Швейцар:
Фукушимагийн осол гарснаас 4 сарын дараа Швейцарийн парламентаас бөх АЦС-уудаа унтраана гэж мэдэгджээ.
Чех, Испани, Франц зэрэг бусад олон орнуудад АЦС барих ажлын явц удааширч, зогсож байгаа нь Фукушимагийн осолтой холбоотой юм. Энэ ослоос хойш ихэнх хөрөнгө оруулагчид цөмийн төслүүдэд хөрөнгө оруулахгүй стратегийн шалтгаантай болсон.
Испани:
Испаничууд хугацаа нь дуусч байгаа хуучин цөмийн реакторынхаа (АЦС) зөвшөөрлийг дахин сунгахгүйг гэдгээ мэдэгдсэн. Тиймээс АЦС 2013 оны 7 сард зогсох ажээ. Фукушимагийн дараа Европын цөмийн реакторуудад аюулгүй байдлыг баталгаажуулах зорилготой Стресс-Тест хийж, олон АЦС-уудад өндөр өртөгтэй засвар хийх шаардлага тавсан нь цөмийн реакторуудаа зогсооход нөлөөлжээ.
Хойт Америк
АНУ: Ирээдүй алга
АНУ-ын цөмийн реактор бүтээгч Женерал Электрик гэгч том компани газрын гүний хийг хямдаар олборлож байгаа тул АЦС-уудад хийн эрчим хүчтэй өрсөлдөх ирээдүй алга гэж мэдэгдсэн.
Канад төслүүдээ цуцласан
Хуучин АЦС-aa зогсоож, шинээр АЦС барих төслүүдээ цуцласан.
Латин Америк
Чили улс сэргийлнэ
Газар хөдлөлтийн эрсдэлээс сэргийлж шинээр АЦС барихгүй, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого барихаа мэдэгдсэн.
Ази:
Филиппинд ажиллаагүй
Батаанд барьсан цорын ганц АЦС нь хэзээ ч ажиллаагүй.
Тайвань:
Тайваны засгийн газар цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ аажмаар бууруулахаа мэдэгдсэн.
Хятад улс:
Одоо 16 АЦС ажиллаж байгаа, 26 реактор баригдаж байна. Гэвч АЦС-ууд нь нийлээд Хятадын эрчим хүчний 2 хүрэхгүй хувийг үйлдвэрлэж байгаа аж. Засгийн газраас АЦС-ууд дээр хийсэн шалгалтын дүнгээр олон улсын аюулгүй байдлын стандартад хүрэхийн тулд 2015 хүртэл 80 тэр бум юань (9,7 тэрбум евро) гийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Иймд Хятад улс АЦС-аас илүү сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх болсон тул шинэ АЦСын зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй байна.
Энэтхэгт явц муу
Энэтхэгийн АЦС Куданкулам-1 ард иргэдийн хурц эсэргүүцэлтэй тулгарснаар Энэтхэгийн цөмийн хөтөлбөр явц муутай болсон.
Японд үгүй
Шинээр АЦС барихгүй гэж шийдсэн. Одоогоор Японд зөвхөн 2 АЦС ажиллаж байгаа, бусад станцууд нь Олон улсын цөмийн энергийн газраас “long term shutdown” буюу урт хугацаагаар хаах статус хүртсэн тул ойрын жилүүдэд ажиллахгүй. Япон улс нар, салхины эрчим хүч руу түлхүү орох бодлого барьж байна.
Кувейтэд нуран унасан
Цөмийн эрчим хүчний сэргэн мандалт гэж цөмийн лоббичдийн нэрлэээд байсан шинээр 4 АЦС барих төлөвлөгөө нь бүрмөсөн балран нурсан байгаа юм.
Эндээс харахад дэлхий нийтийн хандлага уранаас болгоомжилж байна. Гэтэл Монголын Засгийн газар эмээх сэтгэлгүйгээр түүнийг дэмжиж байна. Эдийн засгийн үр ашиг талаас л асуудлыг яриад байхаас бус тэдний дараа дараачийн үе удам нь үлдэж амьдрах энэ нутаг дээр ямар хор хохирол учруулж болзошгүй талаар хөндөх тун дургүй юм.
Сэтгэгдэл ( 1 )
manai mongoliintur bol hool hiij idhed ch belen bgaa daa har pizdaanuud