С.Заяасайхан: Бусдын ганцхан хором үзээд өнгөрөх зүйлд нэг ”насаа зориулдаг”

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 24

Монголын түүх соёл, уламжлалт зан заншил, байгалийн сайхан гээд зүйрлэшгүй олон өнгийг түүний зургаас харж болохоор юм. Ялангуяа гоо үзэсгэлэн хийгээд баатарлаг төрхийг илтгэсэн түүхэн хатад, дайчин эмэгтэйчүүдийн хөрөг дийлэнх хувийг нь эзэлжээ. Тийм ээ, энэ бол зураач Самбуугийн Заяасайханы уран бүтээлийн ертөнцөөр хэдхэн хором саатах зуур харсан гайхалтай мэдрэмж. Арлын оронд уран бүтээлээ туурвиж буй эрхэм зураачтай онлайнаар ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

-Уугуул нутаг тань хаана билээ?

-Би Баянхонгор аймгийн Баацагаан сумаас гаралтай. 1997 онд “Соёл” сургуулийг төгсч, СУИС-ийн монгол зургийн ангид орж суралцсанаар 2002 онд төгссөн дөө. Ерөнхийдөө, би жаахан antiactemic талдаа зураач. Хүн зураач болохын тулд заавал сургуульд явах шаардлагагүй гэж боддог. Энэ нь боловсролыг үгүйсгэж байгаа хэрэг биш л дээ.

-Өөрт заяасан авьяас чадварыг хөгжүүлэхэд заавал сургууль соёл гээд байх шаардлагагүй гэж тэр үү?

-Тийм ээ. Би чамд анх яаж зураг зурж эхэлсэн тухайгаа ярих уу.

-Тэг л дээ, их сонирхолтой санагдчихлаа?

-Аав маань уран зохиол, зургийн багш хүн байсан учраас их гоё зурна. Бага байхдаа аав шигээ гоё зураг зурмаар санагдаад нэг л өдөр зураад эхэлсэн дээ, би. Жижигхэн сумын төвийн амьдрал их сонирхолтой шүү дээ. Намайг дөнгөж зураад эхлэнгүүт л хажуу айлын эгч “Их гоё зурдаг хүү байна. Надад аравчны зураг зураад аль. Эгч нь чаддаггүй ээ” гээд орж ирдэг болсон. Удалгүй хэдэн мужаан ах нар сийлбэрийнхээ хээ угалзыг зуруулах гээд л авч явдаг боллоо. Тэгсээр байгаад миний зурсан зурагнууд энд тэнд харагдах болж, би сүүлдээ бүр айлын шүтээн бурхануудыг хүртэл засч, сэргээж зурж өгдөг болсон доо.

-Бяцхан зураачийн бүтээлүүд эрт танигдаж дээ?

-Яг тэр үе бол Ардчилал гарахын өмнөх жилүүд байлаа. Хөдөө хотгүй л шашин шүтлэг дэлгэрч, хүмүүс тэр аяараа мартагдаж гээгдсэн соёл уламжлалаа сэргээж эхэлсэн үе. Яагаад ч юм, би жаахан хүү байсан хэрнээ бурхан зурах маш их сонирхолтой болж билээ. Сүүлдээ учрыг нь сайн мэдэхгүй байж бурхан зурж суухаар судалж үзээд зурвал илүү тохиромжтой юм байна гэж бодоод лам болохоор шийдсэн. Тэгээд аймгийнхаа төвд хоёр жил хэртэй бурханы шашны ном үзсэний дараа би нэг л зүйлийг ойлгосон. “Лам болох нь миний зан авир, чөлөөт байдалд дуртай байх хандлагад минь ерөөсөө таарахгүй. Өөр зүйл рүү тэмүүлэхгүйгээр, дан зургаа зурья” гээд л хотод сургууль соёлын мөр хөөхөөр ирж билээ.

-Аав тань тухайн үед хэрхэн үнэлж байв. Мэдээж, энэ тал дээр зааж сургах зүйл байсан л байх?

-Манай аав дуу цөөтэй, барагтай л бол юм ярьдаггүй хүн байсан. Гэвч намайг сайн зураад ирэхээр тааламжтай байгаа нь мэдрэгддэг байсан шүү. Нэг удаа цагаан дарь эх бурханыг шөнөжингөө зураад яг аавын нүдэнд харагдахаар газарт тавиад унтаж билээ. Аав өглөө босоод “Миний хүү чинь зураач болчихжээ” гэж хэлсэн тэр үгийг нь би одоо ч мартдаггүй.

-Тэр эрчиндээ л сургуульд орчихсон уу?

-Яг үнэндээ тэр үед сургуульд орох амар байгаагүй ээ. Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөхөд 120 хүүхдээс дөнгөж долоог нь нэг ангид авч байсан. Гэтэл эхний жил би шалгалт өгч 32-т бичигдээд, гэр рүүгээ уйлаад буцаж байлаа. Харин дараа жил нь маш сайн бэлдэж очоод хоёрдугаарт бичигдэн, сургуульд орсон боловч миний хүссэн Монгол зургийн анги байгаагүй учир Уран зургийн ангид нэг жил сурсны дараа “Соёл” сургуулийн Монгол зургийн ангид орсон.

-Үнэхээр сайхан дурсамж байна. Аав тань ихэвчлэн юуны тухай зурдаг байсан бол?

-Аав амьтан их зурдаг байсан. Туулай, нохой, морь гээд л… Одоо бодоход, сургуулийн хүүхдүүдэд л зааж материал бэлдэж зурсан юм шиг санагддаг.

-Таны бүтээлүүдээс ихэвчлэн үндэсний хэв шинж, түүх соёл, хатдын дүр зураг харагддаг. Энэ чиглэлээр зураад удаж байна уу?

-Сүүлийн арван жил энэ сэдвээр бүтээлээ хийж байна. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг зүйл. Тэр тусмаа манай монгол эмэгтэйчүүд эрт дээр үеэс л маш агуу, гайхамшигтай байсан гэдэг нь түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг шүү дээ. Тийм болохоор би эмэгтэй хүний баатарлаг, дайчин, бас эгэл жирийн тийм л нэг ариухан зүйлийг бүтээлдээ шингээх юмсан гэж боддог.

-Тэгвэл түүхэн хатдаас хэнийг зурж байсан бэ. Танд түүхэн хатдын тухай зураг байгаа юу?

-Мандухай, Ану зэрэг хатдыг зурж байсан. Гэвч нэр нь тодроогүй баатарлаг эмэгтэйчүүд их байдаг шүү дээ. Амьдрал дээр тэдний нийтлэг бөгөөд тэнгэрлэг дүрийг би байнга хайж явдаг юм.

-Ямар гоё юм бэ. Тэгвэл хөрөг зурж байсан уу?

-Сүүлийн үед хөрөг зурах болсон. Урьд нь бол түүхээс санаа авсан зохиомж их хийдэг байлаа. Эмэгтэй хүний гоо сайхан гэхээр л ихэнх зураачид нүцгэн бүсгүй зурсан байдаг. Тэгвэл миний зурагт нүцгэн эмэгтэй байдаггүй. Эмэгтэй хүнд нүцгэн биеэс гадна өөр гоо сайхан, гоё зүйл байдаг. Тэр бүхнийг нь харуулах юмсан гэж боддог доо.

-Дотоод сэтгэлийн гоо гэж үү?

-Яг тийм.

-Бүтээлүүдээ ихэвчлэн захиалгаар зурах уу, аль эсвэл?

-Хааяа захиалгын ажил орж ирдэг л дээ. Гэхдээ ихэвчлэн өөрийн хүссэн зүйлээ л хийхийг боддог.

-Сургуулиа төгссөнөөс хойш та аль нэг газарт харьяалагдаж байв уу. Уран бүтээлийн үзэсгэлэнгээ олон удаа гаргасан байх даа?

-Би сургуулиа төгсөөд Sausalitod нэг галарейтэй зургаан жил хамтарч ажилласан. Түүнээс хойш уран бүтээлийн үзэсгэлэнгээ 20 гаруй оронд гаргасан байна. Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб,  зэрэг улсад үзэсгэлэнгээ гаргасан.

-Одоогийн байдлаар, та чөлөөт уран бүтээлч гэж явна уу. Хамтарч ажилладаг хүмүүс олон байдаг биз?

-Уран бүтээлийн найз гэдэг маш чухал. Хэд хэдэн найз нар бий. Хамтдаа зовлон жаргалаа хуваалцаад явах ч сайхан шүү. Би одоо бие даасан чөлөөт уран бүтээлч. Ямар ч нам, эвсэл, холбоо, галарейд хамааралгүй. Зөвхөн өөрийнхөө бор зүрхээр зүтгэж явна./инээв/

-Японд амьдраад хэдэн жил болж байна вэ. Эх орондоо байнга ирдэг үү?

-Энд ирээд таван жил болчихож. Эх орондоо байнга очдог л доо. Хийж байгаа ажлын маань үндэс эх оронтой минь холбоотой болохоор бахархах сэтгэгдэл бас төрнө өө. Би чамд нэг юм ярья. 2002 онд анх Америкийн Сан-Франциско хотын нэг галарейд зургаа үзүүлсэн юм. Монгол хатан морин дээрээ ирвэс сундалчихсан явж байгаа зураг л даа. Тэр үед галарейн эзэн бүр гайхаад “Ийм юм байдаг юмуу. Байж боломгүй юм” гээд л байсан. Тэгээд намайг монголоос ирсэн тухайгаа хэлэхэд эх орны минь талаар бүр “А” ч байхгүй хүн байж билээ. Сүүлдээ миний зургаар дамжуулаад монголын түүхийн хорхойтон болсон. Мөн надаар дамжуулаад монголын маш олон зураачийн бүтээл тэр галарейд тавигдаж эхэлсэн. Тэгээд бодохоор манай монголын түүх соёл, урлаг, уламжлал үнэхээр гайхамшигтай санагддаг.

-Бүтээлийг тань худалдаж авах санал байнга ирдэг байх. Хамгийн их хөдөлмөр шаардсан, бас өндөр үнэд хүрсэн бүтээл юу байв?

-Бүгд л хөлс хөдөлмөр шаардаж байж гараас гардаг л даа. Магадгүй, уран бүтээлч хүн бусдын ганцхан хормын дотор үзээд өнгөрөх зүйлийн төлөө нэг насаа зориулдаг юм шиг санагддаг. Хамгийн удаан зурсан нь гэвэл, “Эртний нүүдэлчдийн мөр” зураг. Нэг жил гаруй хугацаанд зурсан байдаг. Яг үнэлгээний хувьд бол, мөнгөний дутагдлаас болоод гоё зурагнуудаа маш хямд үнээр зарсан тохиолдол зөндөө бий. Харин одоо бүтээлүүдээ боломжийн хэмжээнд үнэлэх санаатай байгаа. Миний зурагнууд хамгийн хямддаа 3000 ам.доллараас эхэлдэг. Энэ тийм ч үнэтэйд тооцогдохгүй. Уран бүтээлчийн хувьд, дундаж үнэлгээ л юм даа.

-Нэг жилийн хөдөлмөр шингэсэн гэхээс зураачийн хувьд ч, нэлээд үнэтэй бүтээлд тооцогдох байх?

-Мэдээж, цаг хугацаа бол дахиж олдохгүй үнэтэй зүйл. Хамаг цаг заваа зориулсан бүтээлийг тэрнээсээ доогуур хэмжээнд үнэлэх юм бол амьдрал ахуй маань юу болох билээ дээ. “Эртний нүүдэлчдийн мөр” зураг маань одоо хувь хүний цуглуулгад байгаа.

-Цаашид ямар чиглэлээр уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байна вэ. Өөрийн гэсэн галарей бий юу?

-Одоо хийж байгаа сэдвээ улам баяжуулж, үргэлжлүүлэх санаатай байгаа. Надад одоохондоо галарей байхгүй. Гэвч тун удахгүй өөрийн гэсэн галарей нээх санаатай ажиллаж байна. Бас нэг мөрөөдөл минь гэвэл, эх орондоо очоод уран бүтээлээрээ гайхагдсан маш сайхан галарей ажиллуулах юмсан гэж боддог.

-Гэр бүлийнхээ талаар жаахан сонирхуулаач?

-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охинтой айл. Эхнэр маань одоогоор хүүхдүүдээ хараад гэртээ байгаа.

-Таны фэйсбүүк хуудсанд хүү тань өөрийнхөө зургийг бариад зогсч байгаа харагдсан. Тэр мөн үү?

-Мөн, мөн. Том хүү маань хөөрхөн зурдаг шүү. Хоёр дүү нь хэтэрхий жаахан болохоор хэр зурах нь одоохондоо мэдэгдэхгүй байгаа.

-Хүүгээ бас зураач болгох уу?

-Би заавал тэг, ингэ гэхгүй ээ. Өөрсдөө дуртай зүйлээ олж хийгээсэй гэж боддог. Магадгүй, тэдэнд зурагнаас илүү хийх дуртай зүйл байвал түүнийгээ сонгоно биз дээ. Гэхдээ их, бага хэмжээгээр зураг зурдаг байхад ядаж л урлагт ойр өснө гэж би боддог юм.

-Уран бүтээлчид онгод гэж их ярьдаг. Таны хувьд зурмаар санагдсан ч юмуу, ямар нэг сэдэв барьж авсан үедээ зурдаг уу. Аль эсвэл?

-Магадгүй, онгод бол бөө мөргөл гэх мэт шашин шүтлэг талдаа ойр үг байх. Зураачийн бүтээл бол илүү их сэтгэлгээний ажил болохоор  судалгаа, цаг хугацаа, ухаан, ур чадвар, хөдөлмөр орж байж бий болдог. Ерөнхийдөө, зүгээр л хийж байгаа зүйлдээ дуртай. Түүндээ дурлаад ирэхээр аяндаа бүтээлүүд төрдөг байх. Яг тодорхой сэдэвт бас баригдах дургүй ээ.

-Монгол эмэгтэйчүүдийн гоо сайхан, дайчин чанарыг харуулахыг зорьдог гэсэн. Тэгвэл орчин цагийн эмэгтэйчүүд, тэдний амьдралын өнгийг зурж байв уу, та. Хэрэв зурахаар бол ямар өнгөөр будах бол?

-Би яг энэ тал дээр их бодож, судалгаа хийж байгаа. Миний ажлууд ихэвчлэн уламжлалт талдаа. Арга барил, сэдвийн хувьд орчин үетэйгээ холбох оролдлого хийж байна. Орчин үеийн монгол бүсгүйчүүдийн ихэнх хувь нь нуруун дээрээ бүх амьдралаа үүрч яваа шүү дээ. Тэд чинь бас л баатрууд. Тийм болохоор би тэдний эрч хүч, гоо сайхныг ямар ч өнгөтэй хосолж чадна гэж бодож байна.

-Таны бүтээлүүдийг сонирхохыг хүсвэл хаанаас үзэж болох вэ?

-Миний зурагнууд www.art-zaya.com, https://www.youtube.com/watch?v=LWwwm4dXjYs дээр байгаа.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top