Улстөрчид улсад хэрэгтэй үнэгүй юманд дургүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

Чингис бондын хөрөнгөөр эхний ээлжинд санхүүжүүлэхээр шийдсэн төслүүд дотор энэ ондоо багтаан зургаан аймгийг, ирэх онд дөрвөн аймгийг, тэрний дараа жил бас дөрвөн аймгийг  хатуу хучилттай замаар холбох зорилт байгаа гэсэн. Тэгснээр бүх аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдох болно гэдгийг Ч.Улаан сайд хэлээд байгаа. Нэг талаас удаан хугацаанд өгөөжөө өгдөг төслүүдээ мөнгөө хийж  “түгжих”гэлээ гэх хандлага бий ч урт хугацаандаа хөгжилд тун чухал нөлөөтэй гэдгийг нь үгүйсгэж болохгүй билээ. Түүнчлэн авто замын төслүүдийг тээршаагаад байх нь тийм ч зохимжтой бус. Харин төслүүдээ ажил хэрэг болгодог байх тал дээр л анхаарах нь зөв юм. Өнгөрсөн жилүүдэд манай улсын авто замын салбарт гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, хөтөлбөр байхгүй биш байгаа. Харин хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар нь авч үзвэл асуудал яригдах нь ч бий. ҮАГ-аас энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аудит хийсэн байгаа.

Ямар ч байсан манай улсад 1996 оноос авто замын салбарт гадаадын санхүүжүүлэгч байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэд хэдэн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, аймаг хотуудыг холбосон авто зам барьж, шинэчилснээр манай улсын хатуу хучилттай замын сүлжээний урт 50-60 хувиар өссөн. Гэхдээ аудитаар автозамын салбарт гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн хангалтгүй байгааг тогтоосон байна.

Зарим төсөл, хөтөлбөрүүдийн хувьд зээлийн гэрээ УИХ-аар соёрхон батлагдсанаас хойш асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх зэрэг ажилд 2 жилийн хугацаа зарцуулснаас төсөл богино хугацаанд хэрэгжээгүй байна. 1998-2004 онд хэрэгжиж байсан төслүүдийн хэрэгжилт 1-3 жилээр хоцорч байсан бол 2005 оноос хойших төслүүдийн хэрэгжилт 4-5 жилээр хугацаа хэтэрчээ.

Авто зам барих бүтээн байгуулалтын ажилд бус, харин шийдвэр гаргахад Засгийн газрын байгууллагууд ихээхэн цаг хугацаа алдаж байна. Жишээлбэл, тендерийн урилга сонинд нийтлүүлэхэд 14-726 хоног, гэрээ байгуулах эрх олгоход 5-332 хоногоор хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.Түүнчлэн автозамын чанар хангалтгүй байна. Орчин үеийн дэвшилт технологийг өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах, гадаадаас нийлүүлж байгаа материал, замын хучилтад ашиглах битум Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирч байгаа эсэх талаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа ч практикт тэр бүр ашиглахгүй байна.

Зээл, тусламжийн гэрээ байгуулахдаа зарим шаардлага, нөхцөлийг сайтар судалж үзээгүйгээс хэрэгжих боломж муутай заалтууд гэрээнд тусгагдаж батлагдсан байна. Тухайлбал, Арабын эдийн засгийн Кувейтын сангийн зээлээр хэрэгжиж буй Булган аймгийн Уньт-Тариалан чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэх зээлийн гэрээний хавсралтад “Зөвлөх үйлчилгээний хувьд тендер нь Кувейт болон Монголын зөвлөхүүдийн хамтарсан компаниудаар хязгаарлагдана” гэж заасан нь хэрэгжих боломжгүй болгожээ.

Зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа авто замын төслүүдийн гүйцэтгэгчээр ихэвчлэн гадны компаниуд шалгаран ажиллаж байгаа нь үндэсний компаниудын өргөжин тэлэх, ажил гүйцэтгэх дадлага, туршлага олж авах, чадавхи дээшлэх боломжийг бууруулж байгааг ч хэлж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт хангалтгүй, шат дамжлага их байгаа нь төслийн хэрэгжилтийг хурдасгах, ажлыг чанаржуулах хөшүүрэг болж чадахгүй байна гэж үзжээ. Тухайлбал:

-Төсөл хэрэгжүүлэх байгууллага 2011 оноос хойш төслийн ажлын явцад дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт гаргаагүй.

-Төслүүдийн 34 хувь Төслийн удирдах хороотой боловч огт хуралдаагүй буюу журамд заасан хугацаандаа хуралдаагүйгээс төслийн хэрэгжилтийг хэлэлцэх, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, төслийн захирал, хэрэгжүүлэх нэгжид заавар, зөвлөмж өгөх, удирдамжаар хангах үүрэг хэрэгжихгүй байна.

-Төсөл хэрэгжүүлэх нэгжийн жилийн төлөвлөгөөт ажлын 30-45 хувь дутуу буюу огт хэрэгжээгүй байна. Гадаадаас оруулах ажиллах хүчний асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж чадаагүй байна гэхчлэн асуудлууд байгаа аж.  

Мөн авто замын барилга угсралтын чанарт зөвлөх багийн ажил хангалтгүй байна. Гүйцэтгэгч зам барилгын ажлын стандарт, нормыг баримтлахгүй, технологийн горимыг зөрчиж, шаардлага хангахгүй материалыг зам барихад ашиглаж байхад төслийн ажлын явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан компани ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэжээ. Мөн зөвлөх багууд гэрээнд зааснаас цөөн боловсон хүчин ажиллуулж байгаа бөгөөд зарим зөвлөх компаниуд инженер техникийн ажилчдын нөөц хүчийг олон объектод хуваах, нэрийг давхардуулах зэргээр зам барилгын ажлын зөвлөх багийн хяналтыг сулруулж байгааг ч тогтоосон байна

Тэгэхээр гаднаас хөгжил дагуулах замаа сайжруулахын тулд гаднаас зээл тусламж авахдаа хойрго, авсан хойноо ч хойрго байдаг манай нөхдүүдэд буруу их гэдэг нь эндээс харагдаж байна. Гэтэл нөгөө талд “Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны зүгээс өнөөгийн “АЗЗА” компаниудад цалин хөлс, ажилчдын   нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсон хүч, техник технологийн шинэчлэлт хийх, мөн санхүүжилт саатдагаас болж ажилчид цалин хөлсөө олон сар хүлээдэг зэрэг асуудал байгааг  хөндөж ярьж байна. Хэрэв эдгээр асуудлуудыг шийдвэрлэхгүй бол замын компаниуд хүний нөөцийн дутагдалд орох аюул байгааг ТӨХ-ны удирдлагуудад дуулгачихаад байгаа. Ийм мэдээтэй зэрэгцэн ирэх сарын 1-н гэхэд их бүтээн байгуулалт эхлэх тов бий. Тэр нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд манай улс анхныхаа хурдны замыг тавих шав тавих гэж байгаа явдал юм.

Магнай трейд, Жаст, Насны зам, Монинжбар, Цаст Импекс гэх зэрэг 10 гаруй компаниас бүрдэж байгаа Чингислэнд деволопмент групп дээрх чиглэлийн 1000 км урттай хурдны замын төслийг 2013 оны 5 дугаар сарын 1 нээс эхлүүлж, хоёр жил хагасын дараа дуусгана гэж байгаа. Олон улсын түншлэлээр хэрэгжих төсөлд Итали, АНУ-ын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын зөвлөх  компаниуд оролцоно. Концессын гэрээгээр хийгдэх энэ төслийг 2015 оноос 2040 он хүртэл гүйцэтгэгч групп эзэмшинэ. Харин 2040 оноос улсын мэдэлд хүлээлгэн  өгнө гэж байгаа. Ер нь бол манайхан аливаа төслийг ямар ч саадгүй сайхнаар ийм маягаар ярьдаг. Харин тийм биш гэдгийг нь цаг хугацаа харуулдаг юм.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top