Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр өргөн хэрэглээний бараа таваарын үнийн өсөлт шатахууны үнийн нэмэгдэл, эрэлт хэрэгцээнээс гадна лангууны түрээсийн асуудлаас үүдэн нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл хүнсний бараа бүтээгдэхүүний болон бэлэн хувцас худалдаалдаг иргэдийн ихэнх нь өөрийн бус, түрээслэгчийн лангуу ашиглан худалдаа явуулдаг. Гэтэл түрээслэгчид лангууныхаа үнийг шалтгаангүйгээр нэмдэг, байсхийгээд л үнийн өөрчлөлт хийдэг асуудал өргөн хэрэглээний барааны үнийн хэлбэлзэлд нөлөөлдөг аж. Тиймээс ШӨХТГ-аас түрээсийн тооцоог бүтэн жилээр нь хийх асуудлыг хөндөж ярилцсан байна. Ингэснээр үнийн дарамт багасана гэж үзэж байгаа юм.
ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн хэлж байгаагаар манай улсад оны эхний 1-4 сарын үед бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй нэмэгдэж, жилийн өсөлтийн 70-80 хувийг эзэлж байгаа аж. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь түрээслэгчдийн түрээсийн гэрээ жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлдэгтэй холбоотой судалгаа бий гэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн ашиг орлогоо тооцоод, үнийн өсөлтийг түрээсийн гэрээнд тусгадаг. Ингэхээр үнэ өсөх шалтгаан болж, ард иргэдэд баяр ёслолын өмнө дарамт учруулдаг юм байна. Баярын өмнө хэрэглэгчдийн худалдан авалт, зайлшгүй худалдан авах сэтгэл зүйг далимдуулж үнэ нэмэх шалтаг, шалтгаан хайдаг болох нь ажиглагдаад байгаа аж. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухайн жилийн түрээсийн гэрээг жил бүрийн зургадугаар сарын нэгэнд хийх боложмийг хайж буй.
Монгол Улсын жилийн инфляцийн түвшин 10-15 хувьд хүрч байгаа гэхээр нийт эдийн засаг 10 триллион төгрөг болдог. Үнийн өсөлтийн улмаас жилдээ иргэдийн халаасаас 1,5 триллион төгрөг “хулгайлж” байна гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 70-80 орчим хувь нь импортоор орж ирдэг байгаа. Үнийн зохицуулалтад мэдээж төр засаг оролцох боломж байхгүй. Тийм болохоор эх оронч сэтгэл гарган түрээсийн гэрээгээ зургаадугаар сарын нэгнээс хийвэл ямар вэ гэдгийг О.Магнай дарга уриаллаа.
Харин Монгол банкны Мэдээлэл статистикийн газрын дарга Х.Мөнхбаяр Монгол банкнаас Засгийн газартай хамтраад нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурьдсан. Мөн Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт эрэлтээсээ өндөр гарснаар инфляци бий болдог. Түүний эсрэг мөнгөний бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээг өмнөх жилүүдэд авч байсан бол өнгөрсөн оны 10 сараас Засгийн газартай дөрөв, таван хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд инфляцийн хүчин зүйлүүдийг эрэлт болон нийлүүлэлтийн гаралтай гэж хуваагаад зах зээлийн механизмыг сайжруулах, үнийн дарамтыг бууруулах замаар нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулж болно гэж үзэж байгаа. Нийлүүлэлтийн гаралтай инфляцид нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь түрээсийн үнэ болоод гэрээний асуудал юм. Түрээсийн гэрээг оны эхэнд байгуулахаар үүсэх сөрөг үр дагавар, дарамт нь оны эцэс хүртэл үргэлжилдэг. Тиймээс бүх зүйлийг оны эхэнд төлөвлөхөө болиод жилийн дунд үеэр гэрээгээ байгуулах саналыг түрээслүүлэгчдэд гаргаж байгаа юм. Тиймээс цаг хугацааны хувьд эдгээр хүчин зүйлийг зөрүүлэх арга хэмжээ авч болно“ гэсэн юм.
ШӨХТГ-ын гаргаж байгаа тус уриалгыг зөвшөөрч байгаа түрээслэгч нар илэрхийлж байсан бөгөөд харин түрээсийн үнийг дуртай үедээ нэмдэг гэсэн яриаг үгүйсгэжээ. Тухайлбал “Нарантуул” захын түрээсийн үнийг 1999 оноос хойш нэг ч удаа нэмээгүй байж байгаад өнгөрсөн оны долдугаар сард 10-20 мянган төгрөгөөр нэмсэн нь бараг “түүхэн”-дээ анх удаа гэж хэлж болно” гэж тус захын төлөөлөгч онцолсон. Мөн Хүчит шонхор, Да Хүрээ, Баянзүрх захын удирдлагууд ч үндэслэлгүйгээр үнэ нэмдэггүй гэдгээ дахин дахин учирлаж байсан юм. Ямартай ч дарин дээр давс гэгчээр үндэслэлгүйгээр үнэ нэмэгддэг олон салаа асуудлын нэгнийх нь учрыг О.Магнай дарга олчих шиг боллоо. О.Магнай мандтугай.
Сэтгэгдэл ( 0 )