Өөрийнхөө бас бусдынхаа хэдэн муусайн уушигийг өрөвдчихлөө. Естой л өрвөлзмөөр бас өмөлзмөөр байгаа байхдаа, зайлуул. Уг нь хоёр жилийн өмнө сая хол давсан иргэнийхээ уушигийг уйлуулахгүйн тулд Нийслэл хот агаарын бохирдлыг бууруулах тухай хуультай болж, бидний хэдэн нөхөд нь тэрүүхэндээ хүлээлттэй болчихоод байсансан. Гэтэл хууль батлагдсанаас хойш хоёр өвлийн нүүрийг үзэхдээ уушигныхаа уйлах чимээг сонссоор байлаа. Тэр хэцүү чимээ, тэр эвгүй ёолоон үнэндээ биднээс алсарч холдсонгүй.
Харин цаасан дээр сараачсанаа, хуульчлан “авсалж” түүгээрээ түрий барин зогсдог эрхмүүдийн хувьд хууль үр дүнтэй байгаа гэнэ.
Өчигдөр сонсох нь ээ, Улаанбаатар хотод 2012 оны 10-12 дугаар сарууд буюу халаалтын ачаалалтай үед агаарын бохирдол 20 орчим хувиар, бохирдолд агуулагдах хорт бодис 80 хүртэл хувиар буурсан гэж байна шүү. Бурхан минь үнэн л байгаа даа.. Ер нь тэгж ярьвал улстөржиж завааралгүй ултай суурьтай ярих ёстой тулгамдсан асуудлуудын нэг чинь энэ утаа шүү дээ. Тэр 20 болоод 80 хувь энэ тэрийг тооцож хэлээд байгаа бол өмнө нь ямар байсантай нь тулгаж ярих хэрэгтэй. Тэрнээс Ерөнхийлөгчийг бас хэдэн сэтгүүлчдийг тойруулчихаад гоё том тоо хэлээд ам хамрыг нь таглаад явуулчихна гэвэл үлгэр шүү.
Арваннэгэн оны байдлаар Дэлхийн банкнаас Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаарх судалгааг хийхэд нийслэлийн агаарын тоосонцрын бохирдлын концентрац манай улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 10-25 дахин их болсон бөгөөд дэлхийн бусад нийслэл хотоос хамгийн их бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлсэн. Түүнчлэн нийслэлд амьдарч буй 1,5 сая хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг ч судалгаагаар тодорхойлсон байгаа.
“Агаарын бохирдлын түвшин, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” (АБТЭМҮН) судалгааг нийслэлийг тойрон байгаа гэр хороололд жил гаруй хугацаанд хийсэн байдаг. Үнэлгээгээр агаарын тоосонцрын бохирдлын концентрац хэт өндөр төвшинд хүрсэн нь тогтоогдсон. Жил гаруйн хугацаа гэдэгт анхаарал хандуулах ёстой. Энэ нь утааны уршиг зөвхөн өвөл нүүрлээд байгаа юм биш. Цэлмэг сайхан тэнгэртэй гэгдэн магтагддаг Монгол Улсын нийслэл жилийн дөрвөн улиралд завсаргүй бохирдсон агаартай байна гэсэн үг юм.
Гэхдээ судалгааны хамгийн их сэтгэл түгшээсэн үзүүлэлт өвөл гарсан л даа. Өвлийн улирлын хэмжилтийг оруулаад агаарын тоосонцрын бохирдлыг нарийвчлалтайгаар гаргаж, жилийн дундаж концентрац болон бохирдлын хамгийн их түвшин нь үнэхээр дотор сэртхийлгэм байгааг судалгааны дүн харуулж байсан. Тоосонцрын бохирдол нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаагийн дотор зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхитийн явц хурдасч, амьсгалын замын өвчний шинж тэмдэг нэмэгдэх, уушигны үйл ажиллагаа буурч, улмаар багтрааны хүндрэл үүсгэх гэх мэт өвчлөлийг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон. Тоосонцрын концентрац, ялангуяа өвлийн улиралд гэр хороололд хэт их байгаа нь зүрх болон уушигны өвчлөлтийг нэмэгдүүлж, цаг бусаар нас барахад нөлөөлж байгааг ч мөн Дэлхийн банкнаас анхааруулсан.
Улаанбаатар хотод жилд 6 сая орчим тонн нүүрс шатааж, 240 мянган шоо метр мод түлдэг. Нэг хүнд 243,6 кг хорт бодис ногддог. Гол аюултай нь хатуу биетийн агууламж бөгөөд байж болох хэмжээнээс 7-12 дахин их байгаа аж. Үүнээс үүдээс бага насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан нь амьсгалын замын өвчлөл болоод байгаа. Харамсалтай нь, 94 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалдаг гэсэн эрүүл мэндийн дүгнэлт гарсан байсан.
Түүнчлэн тоосонцрын хэмжээ 1575 мг байгаа нь иргэн бидэнд хоногт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх хордлого өгсөөр нэгэн өвлийн улирлын ард гарч байна. Ерөнхийдөө бол энэ асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцээд гамшгийн хэмжээнд хүрчээ гэсэн дүгнэлтийг цаасан дээр гаргаад хоёр жил болж байгаа юм.
Харин Дэлхийн банкны дээрх судалгааны хүрээнд анхааруулсан зүйл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулан бохирдлын концентрацыг бууруулахын тулд гэр хорооллын өрхийн зуух болон түлшийг солих, цахилгаан халаагуур нэвтрүүлэх, орон сууцжуулах гэх мэт арга хэмжээг төр болон хөгжлийн түншүүдийн зүгээс хамтран хэрэгжүүлэх нь иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, үүнээс үүдсэн эрүүл мэндийн зардлыг хэмнэх багагүй боломж байгаа талаар байсан.
Гэтэл ийм арга замуудаа ч олигтойхон шийдчихэж чадаагүй л байна. Тухайлбал, түлш солих замаар агаарын бохирдлыг бууруулах тухайд “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьж буй хагас коксон түлшний үйлдвэр хугацаандаа ашиглалтад ороогүйгээс агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах үндсэн зорилт хэрэгжиж чадсангүй гэдгийг эрхмүүд өөрсдөө хэллээ. 50 хувь гэдэг бол үнэндээ том тоо л доо.
Хэрэв нийслэлийн 185 мянган өрхийг жилд боловсруулсан түлшээр бүрэн хангая гэвэл хагас сая тонн хагас коксжсон түлш хэрэгтэй. Анхны тооцоогоор ТЭЦ-2 цахилгаан станц жилд 210 мянган тонн, хувийн хэвшлийн 10 гаруй аж ахуйн нэгж 25-30 мянган тонныг үйлдвэрлэх, үлдсэн 250-300 мянган тонн түлшийг шинэ үйлдвэр барьж шийдвэрлэхээр төлөвлөсөн байжээ. Гэтэл өнгөрсөн оны төгсгөлөөс бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа эхлэх ёстой байсан ТЭЦ-2 станц одоо хүртэл хэвийн ажиллаж чадахгүй байгаагаас боловсруулсан түлшээр айл өрхүүдийг хангах ажлын гүйцэтгэл тасарчихжээ. Тиймээс салбарын яамнаас яагаад хэвийн ажиллаж чадахгүй байгааг тодруулахаар Ажлын хэсэг гарган шалгаад үйлдвэрлэлд нэвтрээгүй технологи туршсан гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан гэнэ. Энэ бол ерөнхийдөө жижүүрийн шахуу хариулт байсан гэхэд болох биз. Ийм л жишгээр өнгөрсөн жилүүдэд яваад ирчихсэн юм чинь.
Нийслэлийн агаарын бохирдлын 50-60 хувийг “үйлдвэрлэж” байгаа 185 мянган өрхийнхөө талыг нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамруулах нь өнөөдрийн тухайд үлгэр байгаагаас хойш бас бүгдэд нь алдарт утаагүй зуухаа өгч чадахгүй байгаагаас хойш ядаж энэ хор хохирол багатай түлшний асуудлыг нь нэг тийш шийдчихэд үнэндээ болохгүй байна гэхэд итгэмээргүй юм.
Уг нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд үйл ажиллагаа, үндсэн зарчимыг дараах байдлаар тусгасан байдаг. Эргэн сануулахад ерөөс илүүдэхгүй байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дараах үйл ажиллагааг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
4.1.1.эрчим хүчний эх үүсвэр, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
4.1.2.гэр хороололд агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, эрчим хүчний үнийг урамшууллын хэлбэрээр зохицуулах;
4.1.3.гэр хорооллын айл өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх ажлыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх;
4.1.4.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санаачилга гаргасан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;
4.1.5.гэр хорооллын айл өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх;
4.1.6.орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх, бүсийн нэмэгдлийг бий болгож айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлээс орон нутагт шилжих таатай нөхцөл бүрдүүлэх;
4.1.7.бүсчилсэн хөгжлийн тулгуур төв болон нийслэлийн алслагдсан дүүргийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах.
4.2.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчим баримтална:
4.2.1.түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхээс татгалзаж, цахилгаан, газрын гүний дулаан, хагас коксон болон хийн түлшний хэрэглээнд тулгуурлах;
4.2.2.хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
4.2.3.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх зэрэг олон “чухал” заалтууд бий.
Гэвч ажил болсон нь дэндүү цөөхөн байна. Магадгүй, ажил болоогүйн шалтгааныг засгийн эрх нэгээс нөгөөд шилжсэнтэй холбож бухах хандлага байж болно. Гэхдээ өнөөгийн эрх мэдэлтнүүд тэр үед ч байсан. Зун, намрын заагаар тэдэнд эрх мэдэл ирсэн. Тэгсэн ч тэд бахь байдгаараа л өвлийг угтсан. Одоо хавар болох нь. Тэгээд зун, намар.. Дахиад өвөл.. Сая хол давсан уушигны уйлах чимээг холдуулаад өгөөч..
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )