Нефть импортлогчдод 120 сая aм.долларын хөнгөлөлттэй зээл олгов

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

Монголбанкнаас шатахуун импортлогч 12 компанид 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болов. Тэдэнд жижиглэнгийн борлуулалтыг дэмжих, үнийн тогтвортой байдлыг хангах харилцааг зохицуулахаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах сонирхолтой 15 компани хүсэлтээ ирүүлжээ. Тэдгээрээс гурав нь нефтийн бүтээгдэхүүн импортолдоггүй учраас "Магнай трейд", "Жаст ойл", "Сод монгол", "Шунхлай", "Ойн бирж", "Синчи ойл", "Мон петекс", "Петро жамп", "Ундарга ус" зэрэг компанид уг зээлийг хувааж өгөхөөр болсон байна. 

Энэ талаар Газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд орлогч дарга Г.Өлзийбүрэн, Монголбанкнаас олгох 120 сая ам.долларыг тухайн компанийн харилцдаг банкаар дамжуулан өнөөдрөөс эхлэн олгож байна. Зээлийн гол зорилго нь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад оршино. Зээлийн хүү маш бага буюу нэг жилийн дөрвөн хувиас доош хүүтэй байхаар тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нефть бүтээгдэхүүний хангамж хэвийн байгаа. "А-80", "АИ-92" шатахуун 44 хоногийн нөөцтэй, дизелийн түлш 12 хоногийн нөөцтэй байгаа гэсэн юм. 

Ийнхүү стратегийн бүтээгдэхүүн, түүний дотор нефть бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, үнэ ханшийг нь тогтворжуулах хүрээнд шинэчлэлийн Засгийн газар, Монголбанк, нефть импортлогч компаниуд хамтран хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгууллаа.

Гэрээний дагуу олгож буй уг зээл бол өмнө нь манай улсын хэмжээнд компаниудад өгч байгаагүй маш сайн нөхцөлтэй зээл бөгөөд цаашид дөрвөн жилийн хугацаанд нефть бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгахад анхаарах юм байна. 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top