Түүнийг хөндлөнгөөс ажваас халдашгүй ихэмсэг, харин яруу найраг нь тун чимхлүүр утга санаатай. Дорнын ихэмсэг донж, уран шигтгэмэл үгс бол яах аргагүй яруу найрагч Л.Өлзийтөгсийнх.
Өөрөө уйгагүй эрэлч түүнийг уншигчид ч он цагийн уртад цөхрөлтгүй “хайсаар” л. Эцэст нь тэд “Нууцлаг утга, нууцлаг өнгө төрх” гэсэн тоотой хэдхэн хариултыг Л.Өлзийтөгсийн ертөнцөөс олж харсан байдаг юм. Ийм л нэгэн бүсгүйн дотоод сэтгэл, яруу үгсийнх нь орчинд зочиллоо.
-Араншин, нууц, амирлангуй. Таны дотоод ертөнцийн нууцыг тайлж ядан буй нэгэн Л.Өлзийтөгс гэдэг бүсгүйг гуравхан үгээр тодорхойлжээ. Гэхдээ таныг бүрэн нээж чадаагүйдээ харамссан байсан. Хамгийн сонирхолтой нь араншин гэж эхэнд дурьдсан нь ямар учиртай юм бол?
-Шүлэг уран бүтээлээс нь тухайн яруу найрагчийн сэтгэлгээний онцлог, дотоод мөн чанар төдийгүй давтагдашгүй хувь араншин нь тод харагдаж байх ёстой. Утга зохиол судлалд уран бүтээлч хувь хүний характер (манайхан араншин ч гэж, бас зан чанар ч гэж орчуулдаг), түүний илрэлийн тухай тусгайлан авч үздэгийг бүгд мэднэ. Би шүлгүүддээ эмэгтэй хүний зан чанар, түүний янз бүрийн хувирал, хувьслыг аль болох хурц илэрхийлэхийг хичээдэг. Үүнийг л дээрх судлаач олж харжээ гэж ойлгосон доо.
-Таны шүлгүүдийг уншихаар давирхайн үнэр ханхлуулсан навчис, бас эрвээхэй санаанд ордог. Салхи мэт эрх чөлөөтэйгээр нисэх зөгий, даашинзныхаа хормойг үл ялиг сөхөн шат өөд өгсөх бүсгүйн алхаа, сүрчиг... Энэ мэт олон төсөөлөл төрдөг л юм. Ний нуугүй хэлээч. Та зөвхөн өөрийнхөө тухай шүлэг бичдэг үү?
-Нэлээд олон жилийн өмнө бичсэн нэгэн эссэндээ ”Би хүн бүхний дотор байгаа өөрийнхөө тухай, өөрийн минь дотор байгаа хүн бүхний тухай бичдэг” гэж бичсэнээ энд дамжуулчихъя даа. Миний дотор үй олон хүн байгаа. Ертөнцөөс буцсан аав, өвөө минь, ертөнцөд намайг төрүүлсэн ээж, бас хань минь… Амьдралыг минь бий болголцсон, бий болголцож буй хүмүүс. Тэд надтай үргэлж хамт байдаг. Тэгэхээр яруу найрагч хүн өөрийнхөө тухай бичсэн ч уран бүтээл нь өөр бусдын тухай л байх болно. Хүн бүхний түүх гэсэн үг шүү дээ.
-Хэр хайгуулч вэ. Нөхөр тань тантай танилцсаныхаа дараа эртний Грекийн яруу найрагч Сапфогийн тухай ном бэлэглэхэд та маш их баярласан гэдэг. Магадгүй, хөнгөн зөгнөл, хийсвэр төсөөлөл, этгээд чамин шигтгээ үгс бүхий шүлгүүдтэй учраас хүн бүрийн мэддэггүй Сапфог “сураглаж” явсан хэрэг үү?
-Г.Аюурзана бол миний нөхөр төдийгүй хамгийн их хүндэлж, шүтэж явдаг уран бүтээлч минь. Сапфогийн намтартай тэр номыг би төрсөн өдрийн бэлэг гэхээс илүүтэй яруу найрагч Г.Аюурзанын надад өгсөн хамгийн анхны үнэлгээ гэж хүлээж авсан.
-Гэрээсээ гаралгүй дөрвөн жил болж байсан гэж сонслоо. Аймшигтай биш үү. Зураач найзуудын тань этгээд зан таныг тэгтлээ их уруу татав уу?
-Дөрвөн жил надад багадсан л даа. Би түүнээс ч олон жил гэртээ нам гүм сууж байна. Зохиолч юм уу яруу найрагч хүний хувьд энэ чинь аймшиг биш, харин ховорхон аз завшаан шүү дээ. Тэр тусмаа миний гэр орон надад диваажин байдаг болохоор. Би дахиад арван жил гэртээ, болдог сон бол хаашаа ч гаралгүй, нам гүм суумаар байна. Энэ бол этгээд зан биш, харин энгийн зан.
-П.Батхуяг гэдэг хүн таны тухай бичихдээ их сонин гаргалгааг хийжээ. “Ерээд онд дээлтэй, дээлгүй хот, хөдөөгийн охид хэлэлцсэн мэт яруу найрагт бөөн, бөөнөөрөө орж ирсэн. Гэвч ихэнх нь гүүн зэл, малын бэлчээр, толгодын дунд үлдсэн гүнзгий зүрхний “хайр”-аа дурсан нүдэндээ нулимстай, дээлийн энгэр нь шал нойтон “шүлгүүд”-ээ бичсэн бол Л.Өлзийтөгс тэднээс огт өөр “Стандарт бус” байсан” гэх юм. Та энэхүү өгүүллийг аль хэдийнэ уншаад дүгнэлт хийсэн байх. Чухам юу бодогдож байна вэ?
-Юу ч бодогдохгүй байна. Ер нь юу бодно гэж. Миний уран бүтээлийн тухай шүүмж, судалгааны нийтлэлүүд маш олон хэвлэгдсэн. Номнуудаар минь зэрэг хамгаалсан нэгэн судлаачийн хэлснээр бол мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт ийм ихийг сонссон эмэгтэй яруу найрагч манайд надаас өөр байхгүй гэсэн. Хүмүүс ном уншаад төрсөн сэтгэгдлээ бичиж л байдаг. Магтаж, муулж л байдаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүс бол дандаа л миний талд байдаг шүү. Ц.Хасбаатар, Ч.Билигсайхан гээд нэр хүндтэй доктор, профессорууд номын минь тухайд тусгайлан нийтлэл бичицгээж, өндөр үнэлгээнүүд өгсөн. Тэгэхээр би уран бүтээлчийн хувьд хүүхэд байхаасаа ийм юманд дассан гэсэн үг.
-Ажил, амьдрал дээр ч та “Стандарт бус” бүсгүй гэж үү. Энэ тодорхойлолт танд лав таалагдаагүй байх?
- Яагаад таалагдаагүй гэж. Энэ чинь магтаал шүү дээ. Би магтаалд үнэн дуртай.
-Үнэхээр ч 1990-ээд оныхны “Их доргилт” намжжээ. Монголын яруу найрагт намжмал байдалтай завсрын үе тохиох нь энэ үү. Аль эсвэл яруу найрагчдад сайн бүтээл туурвих амбиц алга уу?
-“Их доргилт” буюу аливаа тэсрэлт хэзээ ч бүтэн хорин жил, тасралтгүй үргэлжилдэггүй юм шүү дээ. Тэс өөр сэтгэлгээний хэдэн залуу гарч ирсэн үү гэвэл яах аргагүй гарч ирсэн. Тэгэхдээ 1990 оноос хойш бүхэл бүтэн хорин жил өнгөрчихөөд байна. Тэр “өөр” залуучуудын чинь зарим нь өсч хөгжиж, төлөвшиж, бие даасан уран бүтээлчид болцгоосон. Зарим нь бүр унтарсан. Гэхдээ яасан ийсэн ч байг, 1990-ээд оныхон тухайн цагтаа үнэхээр сайн байсан. Харин яруу найрагчдад сайн бүтээл туурвих амбиц алга уу гэдэг асуултыг чинь би ойлгосонгүй. Сайн уран бүтээл гэхээр манайхан этгээд, өвөрмөц юм гэж ойлгоод байх шиг байдаг. Этгээд л бол мундаг гэсэн үг биш. Жинхэнэ ном бүтээгдэж, жинхэнэ шүлэг бичигдэж байгаа юу гэвэл би “Тийм” л гэж хариулна.
-Төсөөлөл, бас тунирхал. Бүсгүйчүүдийн хэлэх, хийх дуртай үйлдлүүд байна. Харин “Рауль, Рауль хоёр”-ыг яагаад бичих болов?
-Эрэл. Энэ бол жирийн л нэгэн эрэл хайгуул.
-“Раулийн 13 дахь амьдрал” гээд өгүүллэг дуусч буйн учир?
- Дуусах цаг нь болчихсон учраас л дууссан.
-Та Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Сэтгэлийн хөг” аялгуунд үг бичсэн. Дууны үг дахиад бичих үү?
-Би дууны үг бичдэггүй. Хойшид ч бичихгүй. “Сэтгэлийн хөг” бол онцгой тохиолдол. Миний хамгийн дуртай ая байгаа юм. Харин чиний асуултын тухайд гэвэл… Манай дуучид яах вэ дээ, “хэт соёлтой” хүмүүс, хэн ч гуйгаагүй байхад шүлгийг минь аваад дуу хийчихсэн дуулж байдаг юм. Зөвшөөрөл авах ёстой энэ, тэрийг бол мэддэггүй юм шиг байна билээ. Харин “Пауз” хамтлагийнхан саяхан албан ёсоор зөвшөөрөл авсан. Тэднийх миний шүлгүүдээр ихэвчлэн блюз дуунууд хийсэн байгаа. Би блюз сонсох дуртай. Гэхдээ хэдийнэ биччихсэн шүлгийг номноос аваад ая хийгээд дуулвал дуулж л байна биз. Харин өөрөө ямар нэгэн аялгуунд зориулан шүлэг бичээд сууж байна гэж лав байхгүй.
-Л.Өлзийтөгсөөс нэг зүйл асуумаар санагддаг юм. “Үснийхээ засалтыг өөрчилж болохгүй юу” гэж. Эсвэл яруу найрагч, зохиолч эмэгтэйчүүдийн имиж ийм байх ёстой гэж гүрийхээр шийдэв үү?
-Яруу найрагч, зохиолч эмэгтэйчүүдийн имиж ийм, тийм байх ёстой гэдэг юм би хэзээ ч уншиж, сонсч байгаагүй. Тийм ёс хорвоо дээр байдаг юм гэхэд би түүнд нь тохируулаад явна гэж бас байхгүй. Миний үс яах вэ дээ, зарим нь имиж гэж хараад байдаг л болохоос биш хамгийн энгийн, хамгийн хямдхан засалт шүү дээ. Би хоёр сард нэг удаа мянган төгрөгөөр ингээд тайруулчихдаг юм. Үнэн амар шүү дээ. Үсээ будуулж ч үзэлгүй өдий хүрлээ. Ийм залхуу, ийм хэнэггүй хүнээс чи имиж энэ, тэр гэдэг үг асуугаад харин ч инээд хүргэчихлээ. Гэхдээ сүүлийн үед хоёр сард нэг удаа үсчин орох нь ч хүртэл ядаргаатай санагдаад зүгээр л боодог болчихсон. Үүнийг та арай имижээ өөрчиллөө гэж үзэх юм биш биз.
-Эцэст нь нэг зүйл асууя. Монголын яруу найрагт сэтгэлгээний эрэлхийлэл, найрагчдын оюуны цар хүрээ хумигдаж байна гэдэгтэй санал нийлэх үү?
- Нийлэхгүй.
Сэтгэгдэл ( 5 )
Сайхан санагдлаа.Эрс шулуун,өөртөө итгэлтэй хүний хариулт байна.Тэгээд бас нэгийн.Хоосон толгойтууд л гангарах юм даа.Амжилт хүсье.
ULZITUGS BOL ENE TSAG UEIN HAMGIN SAIN.HAMGIN NUUTSLAG.EGEL MURTLUU EGELGUI NAIRAGCH BUSGUI
өөрийн үзэл бодол байр суурь төлөвшлтэй мундаг эмэгтэй бна