"Эрхэм Зиндаа" булангийнхаа ээлжит зочноор Монгол түмний хайртай дуучин, “”Эх орончдын хөдөлгөөн”-ий тэргүүн Самандын Жавхлантай үзэл бодол, уран бүтээл, цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Та энэ жилийн УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн. Увсад нэр дэвшсэн болоод ч тэрүү таны сонгуулийн явцын мэдээ тун хомс байлаа. Таны хувьд энэ жилийн сонгууль шударга байж чадав уу?
-Сонгууль үнэхээр шударга бус боллоо. Үнэндээ мөнгөнд ялагдсан. Мөнгө хүчтэй байдаг юм байна. Хүмүүсийн амьдрал их ядуу байгаа учраас түмэн олон маань мөнгөнд их хууртаж байна. Саяын сонгуульд МАН-аас өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар мөнгө тараасан явдал Монгол орон даяар нутгаа шившиг болголоо шүү дээ. Тэднийг сонгуульд гаргасан мөнгөө хурдан олж аваарай гэж ерөөмөөр байна. Эх орноо зарсан мөнгөөрөө нутгийнхнаа хуурч, Увс нутгаа сэглэнэ гэж байгаа бол бүтэхгүй шүү гэдгийг хэлье.
-Таныг сонгуульд ялалт байгуулж чадаагүйдээ нутгийнхандаа гомдсон гэсэн?
-Нутгийнхандаа би огт гомдоогүй. Намайг сонгосон сонгоогүй нь хамаагүй харин намайг сонсож чадсанд нь их баярласан.
-УИХ-д өрсөлдөж байсан хүний хувьд өнөөгийн Засгийн газрыг хэрхэн дүгнэж байна. Шинэчлэлийн Засгийн газар үнэхээр Монголыг хөгжил рүү хөтөлж чадах болов уу?
- Хэдхэн хоногийн өмнө би Өмнөговь аймгийн Гурвантэс суманд очоод ирлээ. Тэнд “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдарч байгаа” юм байхгүй байна. Монгол хүн газар нутгаа алдаж мал нь бэлчээргүй болж, нутгийн иргэд хүний тооноос хасагдсаны хамгийн наад захын жишээ Гурвантэс суманд байна. /бичлэгийг Энд дарж үзнэ үү/ Тэр нутгийн ард түмэнд нутагтаа эзэн суух эрх чөлөөг нь өг л гэж хэлмээр байна. Засгийн ажил ингэж л явна. Тэрнээс энд гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт боллоо, тэнд үдийн зоог барилаа гээд. Энд тэндээс ирсэн гадаадынханд найр тавиад суугаад байж болохгүй. Манай нутгийг ухаад өгөөч гээд Ерөнхий сайд нь хүртэл гүйгээд. Ийм байдалтай улс шиг хөгжихгүй ээ. Монголын газар нутаг, байгаль орчин, мал амьтан амар тайван, монгол хүн нутаг усандаа эзэн сууж байж л улс шиг хөгжинө. 2000 оноос өмнө Монгол орноо ингэтэл нь сэглэхгүй амьдарч болоод л байсан, ер нь түмэн олноо гомдоох нь хөгжил биш. Газар нутгаа л ухахгүй бол хөгжихгүй юм шиг ийм сэтгэл зүй байж болохгүй ээ.
-Жавхлан үнэн юм их ярьдаг ч заримдаа тунг нь хэтрүүлчих гээд байдаг гэх нь бий. Юу таныг ингэтлээ хурцалдаг юм бэ?
-Миний хувьд бодит байдлыг шударга шулуунаар тухайн цаг үед нь ончтой зөв хэлэхийг л хичээдэг. Намайг эх орноо гэсэн үзэл маань л хурцалдаг, ирлэдэг. Залуучууд эхнэр, хүүхэд, мөнгөнд хайр зарлахаасаа илүү эх орондоо хайр зарламаар юм биш үү. Би эх орондоо хайр зарласан жирийн дуучин залуу.
-“Эх орончдын хөдөлгөөн” байгуулсанаа зарласан. Энэ хөдөлгөөнийг байгуулах болсон шалтгаан?
-Манай хөдөлгөөнийхөн “Нутгийг минь арилжихыг би тэвчихгүй, Нуурыг минь ширгээхийг би тэвчихгүй” гэсэн уриан дор нэгдэж байгаа. Эх орныхоо газар шороог бүрэн бүтнээр нь, уул усаа цэнгэгээр нь хойч үедээ өвлүүлэхээр тэмцэнэ. Өөрөөр хэлбэл, буу агсаж, чулуу шидэх биш, монгол хүний уужим саруул ухаанаар ямар ч хүчирхийлэл, дарангуйлалгүй тэмцлээ өрнүүлнэ. Уул уурхайн олон мянган лицензүүд, эх нутгийг маань сэглэж байгаа, малыг бэлчих бэлчээргүй, уух усгүй болгож буйн эсрэг тэмцэхээр бид сэтгэл шулуудсан. Бидэнд эвийн хүч байхад болно. Маш олон залуучууд “Эх орончдын хөдөлгөөн”-д нэгдэж байна. Монгол хүний билэг ухаанд таарахгүй шийдэл хийхгүй гэсэн байр суурьтай байгаа.
-Цаашдаа ямар ажил төлөвлөсөн бэ?
-Хөдөлгөөний байр суурь хэзээ ч хүн аалзны зарчмаар явахгүй. Аалзны үлгэр шиг ээжийгээ хөнөөдөг үр сад байж болохгүй. Хүн төрөлхтөн бус аалзан төрөлхтний сэтгэхүйгээр амьдарснаас болж эх орноо дэндүү гомдоож байна. Уул уурхайн компаниуд элдэв хэл ам гарахаар лацдаад хаячихдаг. Хүмүүсийн хэл амыг намжааж байгаад лацаа авдаг. Мэргэжлийн хяналт төр засагтайгаа нийлж түмэн олноо хуурдаг зарчимтай байж таарахгүй. “Эх орончдын хөдөлгөөн” ийм юманд хууртахгүй. Шууд лицензээ хаа гэсэн байр суурьтай ажиллана. Манай хөдөлгөөн эх оронч хүн бүхний өмнө нээлттэй.
- Уучлаарай, С.Жавхлан төөрч будилж нэлээн явлаа. Сонгуульд ч ялагдчихлаа. Ер нь улс төрч биш гэдгээ ухаарвал ухаарахаар цаг хугацаа өнгөрлөө. Одоо урлаг руугаа, гэр рүүгээ харилаа гэсэн мэдээллүүд гарах болж. Та энэнд тайлбар хэлэх үү?
- Сонгуулиас өмнө намайг газар шороо, ёс заншил, нутаг ус, монгол дээл хувцас минь гээд дуугарахаар 2012 оны сонгуульд Жавхлан бэлдээд байна, нэр дэвших гээд байна гэж хүмүүс хардаад л байсан. Одоо бол сонгууль гэх юмгүй их амар боллоо. Эхнэр хүүхдүүддээ хайртай гэхээсээ илүү эх орондоо хайртай гэж хэлж чадсан, үеийнхэн дундаа хамгийн түрүүнд эх орондоо хайртай гэдгээ илэрхийлсэн хүн. Би ингэснийхээ төлөө маш их хардалтанд өртсөн. Одоо намайг сонгуульд нэр дэвших гээд байна гэсэн хардах аюулгүй боллоо. Энэ дунд л эх орондоо хайртай сэтгэлээ гаргаж газар шорооныхоо төлөө шантрахгүйгээр тэмцэнэ. Миний тэмцэл үргэлжилсээр л байх болно.
-Төрмөл авъяастай, дуулсан дуу болгоноо хит болгож чаддаг дуучин гэвэл миний хувьд хамгийн түрүүнд таныг нэрлэнэ. Үүний нууц нь юундаа байна?
-Энэ сэтгэлдээ л байгаа. Би мөнгө олъё гэж дуулаагүй. Миний дуунд монголчууд уяраад дуулж суух хойгуур эх орныг минь зарж байсныг би сүүлд мэдсэн л дээ. Би уяраагаад дуулаад байвал болох л байна, амьдрал. Гэтэл би хоосон худлаа дуу дуулаад яах юм. Тэнд Монголын үнэртэй салхи биш, гадаадын үнэртэй, уурхайн үнэртэй, элэг зүрхийг нь ухаад авчихсан, шунал тачаалын үнэр үнэртээд байхад эндээс “Монголын үнэртэй салхи минь ээ” гэж дуулж явах эрх надад байхгүй. Тэгэхээр миний дуу худлаа болчихоод байна. Би дуугаа үнэн болгохын тулд эх орноо хамгаалах ёстой. Тэгж байж би сайхан хайрын тухай, ачлал энэрлийн тухай, аз жаргалын дуу дуулмаар байна.
-Өнөөдөр 8 настай балчраас 80 настай буурал хүртэл таныг мэддэг. Энэ алдрын оргилд хүрэхийн тулд таны харагдах дүр, хэлэх үгс ихэнх тохиолдолд өөрийнх байгаагүй. Гялалзсан од байхын тулд урьдаас найруулсан зохиолоор явж ирсэн. Эцэст нь энэ хиймэл амьдралаас уйдаж хүлээснээсээ гарч эхлэх үедээ дахин пи-ар төлөвлөгөөний золиос болж улс төр лүү орох болсон гэж үзэх хүмүүс бий. Танд үнэхээр өөрийнхөөрөө амьдрах боломжгүй үе байсан уу?
-Энэ бол миний тавилан л гэж хэлмээр байна. Намайг юу зүгээр суулгахгүй байгаа юм. Би Монгол орноо 6 тойрлоо. Дэлхийн 30-40 улс орноор явлаа.
Энэ дундаас л би эх орноо яаж хайрлах тухай олж харсан хүн. Миний уран бүтээл, дуулж байсан цаг хугацаа нөлөөлсөн л байх. Энийг алдаа оноо гэхээсээ илүү тавилан төөрөг л гэж хэлмээр байна. Би энэ замаасаа хэзээ ч хазайхгүй. Жавхлан худлаа юм байвал дуугарах болно. Сайхан зүйл байвал дуулах л болно. Би өөрийнхөөрөө л амьдарч байгаа.
-Энэ зуныг яаж өнгөрөөв? Сая Өмнөговиос ирэхийнхээ өмнө Хөвсгөлд явж байна гэсэн. Сонин сайхан юу байна?
-Би Архангай, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн маш олон иргэдтэй уулзлаа. Эх орон маань яаж байна, Монголчууд маань юу бодож сэтгэж байна гэдгийг судалсан. Миний дуу хит болдог шиг миний хэлж ярьсан, дуугарсан болгон хит болж эхэлж байгаад сэтгэл хангалуун байгаа. Монгол дээл хувцас, гал голомт гээд. Хүн хувирч өөрчлөгдөж байгаа юмыг маш их анзаардаг байх хэрэгтэй. Бүгд л нуман захтай дээл өмсдөг л боллоо ш дээ. Хувьсалт өөрчлөлт нүдэнд харагдтал нэг өдөр өөрчлөгдөхгүй ч Монгол маань буцаад явж байна. Гал голомт, монгол дээл гэдэг шигээ газар шороогоо хамгаалахыг би маш өндөр түвшинд гаргаж авахаар л зорьж байгаа. Миний үг яриа гэдэг дуутай адилхан. Ярьж байна гэдэг маань дуулж байна гэсэн үг.
- Таныг ямар хувцастай ирэх бол гэж харж байлаа. Та цэргийн ногоон хувцастай ирж нэлээн сүр дуулиантайгаар МАХН-д элссэнээ зарласан. Намын батлахаа Н.Энхбаяр даргын гараас авна гэж байсан. Авсан уу?
-Намынхаа батлахыг Н.Энхбаяр даргын гараас авна гэсэн аваагүй байгаа.
-Батлахаа аваагүй гэхээр албан ёсоор элсээгүй гэсэн үг үү?
-Энхбаяр даргын гараас аваагүй ч МАХН-ын гишүүн хэвээрээ байгаа.
-Таныг МАХН-д элсэж байх үед Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарлаж ээжүүд өмөөрч байсан үе. Дараа нь АТГ-аас Н.Энхбаяр даргын хоригдож байх үеийн бичлэгийг дэлгэсэн. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Монголчууд зүй бусаар хэзээ ч нэгэндээ хандаж болохгүй. Хэрэг хийсэн ч, хийгээгүй ч миний хувьд хүн чанар гаргаж энэ хүний намд орсон. Би тэр талыг бодохоосоо илүү хүн гэдгээр нь хайрлаж хүлээж авсан. Тэр хүний тухайн үеийн зарлиг шийдвэрийг нь дагаж байсан. Хүмүүс түүн рүү нуруугаа харуулж байгаад, нийгэмд тарж байгаа зүйл дээр би маш эмзэглэсэн. Нэгнийгээ барьж идэж байгаа юм шиг тийм муухай сэтгэгдэл төрлөө ш дээ. Тийм учраас би өмөөрсөн юм, өмгөөлсөн юм. Цаашдаа ч өмөөрнө, өмгөөлнө. Энэ хүний нэр сүр, далбаан дор гарч ирчихээд түүнийгээ мартаад албан тушаал руу шургалах ийм аавын хүү бол би биш.
-Намын үзэл баримтлалд нь биш Н.Энхбаяр даргыг өмөөрөөд МАХН-д элссэн гэж ойлгож болох уу?
-Миний хувьд эх орон газар шороогоо хамгаалъя гэдэг үзэл санаа энэ намын мөрийн хөтөлбөрт байсан учраас нэгдэж орсон. Давхар хүн чанарын хувьд Энхбаяр гэдэг хүнийг өмөөрч өмгөөлсөн юм.
-Одоо танай нам Засгийн эрх барилцаад явж байна. “Эх орончдын хөдөлгөөн” МАХН-ынхантай холбоотой юу?
-Би намынхантайгаа ер холбоогүй байгаа. Над руу нэг ч хүн яриагүй. Дөрвөн жилийн дараа ”Жавхлаан, дахиад сонгууль болох гэж байна” гээд над руу хандах юм уу, яах юм мэдэхгүй. Миний хувьд эх орон газар шороогоо хамгаалъя, ёс заншилдаа үнэнч байя гэсэн хэнбугайтай ч хамтарч ажиллана. Ийм хүсэл эрмэлзэлтэй хэнтэй ч манай хөдөлгөөн өргөн хүрээнд хамтарч ажиллана.
- Дуучин Жавхлантай уулзчихаад уран бүтээл, тоглолтын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
- Би Мобиком корпорацитай шүүхдэж байгаа. Миний бүх дуунуудыг зарсан. Өмгөөлөгч, хуулийн зөвлөх маш олон хүмүүс ажиллаж байгаа. Монгол нэг дуучны дууг хэдэн япон орж ирээд талхны ч мөнгөгүй байгаа тэр иргэдийн дуу сонсъё гэсэн хүсэл дээр нь дөрөөлөн зарсан. Дуучинд нь ч хэлсэн юм байхгүй, дунд нь зарж ашиг олдог. Энэ зүйлийг би таслан зогсоохоор явж байна. Мобиком надаас ямар ч зөвшөөрөл аваагүй.
-Маш их ашиг олсон гэсэн байх аа?
-Шалгалтаар миний дуунууд 200-300 сая төгрөгөөр борлогдсон нь илэрсэн байгаа.
- Та хэчнээн төгрөг нэхэмжилсэн бэ?
-Би нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн.
-Үйл явц аль шатандаа явж байна? Мобикомийн зүгээс ямар тайлбар хэлж байх юм?
- Ер нь гэмт хүн хэлбэлзэнэ гэсэн байр суурин дээр байгаа. Бид хуулийнхаа хүрээнд хатуу арга хэмжээ авахаар тэмцэж байгаа.
- “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл”Миний нууц хүү” жүжгийн дууг дуучин Б.Амархүүтэй хамтарч дуулсан. Үгийг нь та зохиосон юм билээ. Таны өөрөө үг, аяыг нь зохиосон хэчнээн дуу байдаг вэ?
-Миний зохиосон арваад дуу бий. Өөрөө болоод бусад дуучдын дуулсан дуунууд байгаа л даа. Хэрвээ Жавхлан би ганцхан дуулах ёстой гэж ганцхан талстаа ажиллуулсан бол сэтгэл зүрхээ, тархиа хөдөлмөрлүүлэхгүй бол бүтэхгүй ш дээ. Надаас гарч болох бүх бололцоог, бүх талстуудаа гаргаж ажиллуулах ёстой л гэж бодсон. Хэрэв шантраад больсон бол би тийм шүлэг бичихгүй л байсан байхгүй юу даа. Намайг багад аав минь юу гэж захидаг байсныг би нүдэндээ харж байгаад л буулгасан. “Андгай”, “Санаж амирлах ээжий”, “Галтай Монгол” гээд олон дуу бий.
-Ойр дотны тань хүмүүс таныг маш их хөдөлмөрч хүн гэдэг юм билээ. Та хоногт хэдэн цаг унтдаг вэ?
-03-04 цагийн хооронд унтаад 08, 09 гээд л босчихдог юм. 2000 оноос хойш ийм заншилтай болсон. Миний ганцхан өрсөлдөгч байгаа. Тэр бол цаг хугацаа. Би ная хүрлээ гэж бодоход 2060-70 он хүртэл би цаг хугацаатай өрсөлдөнө. Би энэ хорвоогоос явна. Тэгээд миний түүх үлдэнэ. Надад цаг хугацаатай уралдах 40-50 жил л үлдчихээд байна.
-Цаг хугацаатай хэдийнэ өрсөлдөөд эхэлжээ. Таны цаашдын зорилго юу вэ, 10 жилийн дараах Жавхланг болон Монгол орныг хэрхэн хардаг вэ?
-Бид эх нутгаа хайрлачихсан байх болно. Гадныхан Монголын газар нутаг дээр ирж ухах биш харин гишгэхээрээ санаа зовдог болсон байх болно. Монголчууд бүгд монгол дээлээ өмсдөг. Гадныхан бидэнд таалагдах гэж монгол дээл өмсдөг болсон байх болно. Би энийг л хардаг. Ингэхийн тулд би ажиллаж байна.
-Таны 20 хүүхдийн эцэг болно гэсэн төлөвлөгөө хэвээрээ юү?
-Энэ хэдийгээр хошигнол ч гэсэн. Монгол хүн ашдын билгээс амны билэг гэдэг. Олуулаа байх хамгийн сайхан ш дээ.
-Таны хамгаас илүүтэй хүндэлдэг хүмүүс?
-Миний хүндэлдэг хүмүүс зөндөө байна. Сэр-Од багш, Хайдав багш маань, талийгч Төгөлдөр ах маань байна. Миний амьдралд тохиолдож байгаа бүх хүмүүс хүндлэл хүлээж, дэндүү гоё нөхөрлөж чаддагт би өөрийгөө их хувьтай хүн гэж боддог. Миний хувь заяанд их сайхан хүмүүс тааралдсан. Цаашдаа ч Монголоо гэсэн сайхан ах дүүстэйгээ нөхөрлөнө, тааралдана.
-Нүд сэтгэлийн цонх гэдэг. Нутаг ус, газар шорооныхоо тухай ярихаар нүдэнд тань нулимс цийлэгнэх юм?
-Ингэж байгаа сэтгэлээс л миний дуу гардаг. Миний дуу зүрхнээс зүрхэнд очдог, очуулахыг би хичээдэг учраас хит болдог юм. Чихнээс чихэнд, хоолойноос чихэнд очдоггүй л байхгүй юу.
-Таны хувьд эх орноо хайрлахгүй байхын аргагүй юм байна гэсэн мэдрэмж анх яаж төрөв?
-Би 2003 онд СУИС-ийг төгсчихөөд дипломоо аваад гарч ирж байхад бусад хүүхдүүдийн ээж аав нь мөнгөн аягатай хадаг, сүүтэй хүүхдүүдээ тосож авч байсан. 2001 онд би ээж аавыгаа алдчихсан байсан үе. “Миний хүү сургуулиа заавал төгсөөд түмэн олондоо сайхан дуунууд дуулж өгч яваарай. Чиний сэтгэлийн бүх юмыг чинь түмэн олон чинь үнэлнээ, миний хүү” гэж захиж байсан аав ээж хоёрын дүр төрх, хэлж байсан үг яг тэр өдөр СУИС-ийн үүдэнд зогсож байхад надад харагдсан. Би гав ганцаараа тэнгэр лүү дээшээ хараад зогсож байгаад “Ээж аав хоёр минь ээ. Би чинь чадлаа ш даа. Хүү чинь чадлаа. Би сургуулиа төгслөө” гээд зогсож байхад л үнэхээр биднийг эх орон л дааж байдаг юм байна. Энэ эх орны төлөө л би юм хийх ёстой юм байна. Эцэг эх хоёр маань, өвөг дээдэс маань энэ нутагт л шингэсэн учраас хүн ингэж омогшиж эх орноо хайрлах ёстой юм байна гэдэг мэдрэмж тэр үед л орж ирж байсан даа.
-Аав ээжийнхээ сайхан дурсамжаас хуваалцаач?
-Намайг СУИС-ийн урилга аваад ирэхэд аав хэлж байсан юм. “Миний хүү энд хэдэн халтар шүлэг бичдэг “Усны” Самандын хүүхэд дуулна гэж хаашаа харсан юм байдаг юм” гэж хүмүүс хэлж байна гэж. Одоо бодоод байхад аав маань намайг хурцалсан юм шиг байгаа юм. ”Шүлэг бичдэг усны инженер хүний хүүхэд яаж дуучин болдог юм гэж хүмүүс хэлж байна. Чи чадах уу миний хүү” гэж надаас асууж байсан юм. Тэгэхэд би чаднаа л гэсэн. Яахаараа ийм хүний хүүхэд дуулж болдоггүй юм. Ер нь шинэ юм эхлэхэд хүмүүс хүлээж авдаггүй ш дээ. Тэр үед намайг дуучин болно гэхэд хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тэгэхэд би одоо дуучин гэдгээ хүлээн зөвшөөрүүлчихээд одоо эх оронч гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гээд явж байна.
-Дуучин болох замыг чинь аав тань засаж өгчээ. Газар шорооныхоо төлөө тэмцэхгүй бол болохгүй нь гэсэн үзлийг хэн хурцлав?
- Дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутаг минь ээ гэж ярьдаг. Гэтэл тэрийг 4200 лицензээр цоолчихъё л доо. Би өөрийнхөө өмсдөг дээлийг 4200 цоолоод өмсвөл чамд ямар харагдах вэ. Дэлгэсэн тэрлэг шиг нутгаа нөхөж бүрэн бүтэн болгоё л гэсэн сэтгэл. Монгол орныг 6 тойрч явахад хайрлах сэтгэл төрсөн. Нүдээрээ харсан хүн юу болоод байгааг мэддэг юм аа. Тэрнээс ажил гэрийн хооронд явж байгаа хүмүүст анзаарагдахгүй л дээ. Энийг анзаарахгүй байгаа хүмүүст л анзааруулъя гэж л яриад байгаа юм. Тэрнээс Жавхлан өнгө орох гээд яриад байгаа юм биш шүү. Эх орноо өнгө оруулъя. Хамгаалъя л даа. Энэ үзэл бодлоор л би хурцлагдаж яваа.
-Тантай ярилцах сайхан байлаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе?
-Эх орондоо хайртай бүх залуус нэгдэцгээе. Чи эх орноо яаж хайрлахаа мэдэхгүй байгаа бол над дээр хүрээд ир. Би чамд заагаад өгье. Хоёулаа нийлье. Тэгээд бүгдээрээ эх орноо хамгаалж бүрэн бүтэн сайхнаар нь авч үлдье. Эх орноо хойч үедээ бүтэн үлдээхийн тулд миний оюуны, сэтгэлийн чагтага бүгд нээлттэй бэлэн байна.
Г.Оюун
Сэтгэгдэл ( 0 )