УДЭТ-ийн уран бүтээлчид ирэх сарын 7-нд баруун аймгийн иргэдэд уран бүтээлээ хүргэнэ. Гэхдээ зөвхөн Говь-Алтай, Баян-Өлгий аймгаар саатах аж. Тус бригад нь өнгөрсөн зун зүүн болон говийн аймгийн иргэдтэй уран бүтээлээрээ уулзалдсан бол энэ удаа хоёр аялан тоглолтоороо явах гэж байгаа нь энэ. Тоглолтын бүрэлдэхүүнд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа зэрэг 30 гаруй уран бүтээлч аян замдаа мордоно. Харин багийн ахлагчаар ардын жүжигчин Г.Мягмарнаран томилогджээ. Уран бүтээлчид “Тамгагүй төр”, “Ээжээ”, “Надаар тоглосон хайр”, “Эхнэрээ зээлээч” зэрэг жүжгээс гадна хүүхдэд зориулсан “Бардам туулай”-гаар бэлэг барих юм байна. Тэд аймаг тус бүр гурван өдөрт есөн удаа тоглох нь. Тоглолтоосоо ирээд суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгээр өвөл цагийн нээлтийг хийнэ. Тус жүжгийг УДЭТ-ийн удирдлагууд тайзнаа амилуулахаар өнгөрсөн зургадугаар сард өөрийн театрын найруулагч нарын дунд тендер зарлахад “Бооцоо”, “Нууц амраг чинь больё”, “Парисын дар эхийн сүм”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжгийг найруулж хэн гэдгээ харуулсан Н.Наранбааатар ялсан билээ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )