Барьцаалагдсан иргэдийн нэг нь Эрээнд нас барсан уу

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

"Монгол туургатны бахархал ака­деми" нэр­тэй аялал жуулч­лалын компани Хятадын талд өртэйн улмаас манай улсын 52 иргэн Эрээнд гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл барьцаанд байгаа иргэдийн нэг нь нас барсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ГХЯ–ны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

- Эрээнд барьцаалагдсан гэх иргэдийн нэг нь нас барсан гэх юм. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?

- Нас барсан хүн бол Эрээнд барьцаалагдсан гэх ахмадуудын нэг биш. Харин тэдний өмнөх аяллын багт багтсан хүн юм. Талийгаач золгүй байдлаар нас барсан.

- Эрээнд байгаа барьцаанд үлдсэн иргэд хэзээ эх орондоо ирэх вэ?

- Хоёр байгууллагын өр, авлагын тооцоо дууссан хойно эх орондоо ирнэ гэв.

Тэгвэл золгүй байдлаар нас барсан иргэнийг Ц.Алтан­хуяг гэдэг бөгөөд тэрбээр өнгөрөгч сарын 27-ны ээлжээр аялахаар явжээ. Улмаар энэ сарын 4-ний өдөр Эрээн хотноо нас барсан бөгөөд түүний цогцсыг эх оронд нь авчраагүй байгаа юм. Одоогоор талийгаачийн цогцос Эрээн хотын чандарлах газарт хадгалагдаж байгаа бөгөөд ар гэрийнхэн нь тус улсад суугаа Элчин сайдын яам болон ГХЯ-нд албан бичиг гаргаад байгаа гэнэ.

"Монгол туургатны бахархал ака­деми” нэр­тэй аялал жуулч­лалын компанийн удирд­лагад УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж бай­гаа бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top