Холын Европт Монголоо алдаршуулж буй Хөвсгөл нутгийн хүү

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

Хувь тавилан, ажил амьдралын эрхээр мянга мянган монголчууд ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж амьдран, цаг хугацаа орон зайн хязгаарыг зүрх сэтгэлээрээ гатлан, өнө мөнхийн эх нутагтайгаа хүйн холбоотой байдаг билээ.

Тэдний нэг бол Барнууд овогт Пүрэвжавын Батмягмар.

Тэрээр 2000 оноос хойш Унгарын Kecskemet хотын Хүүхэлдэйн киностудид зураачаар ажиллаж байгаа цорын ганц монгол зураач юм.

Энэхүү киностуди нь Унгартаа нэлээн нэр хүндтэй бөгөөд олон улсын киностудиудтэй хамтран бүтээсэн сүүлийн хоёр кино нь Оскарын шагналд нэр дэвшин дэлхийн шилдэг таван хүүхэлдэйн киноны нэг болсон ажээ.

Нэг киног бүтээхэд 200-300 уран бүтээлч оролцдог ба киноны төгсгөлд Пүрэвжавын Батмягмар гэсэн монгол нэр уран бүтээлчдийн дунд харагдаж байгаа нь манай монгол залуус дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц авьяас билиг, мэдлэг чадвартай болсны тод жишээ юм.

П.Батмягмар 1973 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн бөгөөд 1992 онд Дүрслэх Урлагийн Коллежийн монгол зургийн ангийг Амгалан багшийн шавь болон төгссөн аж. Ингээд тухайн үед Уран зургийн галерейд байрлаж байсан Соёлын өвийн төвд сэргээн засварлагч зураачаар 5 жил ажиллахдаа ардын зураач Амгалан, Чүлтэм багш нарын удирдлага дор олон сайхан зүйлсийг сурсан нь цаашдын ажил, амьдралын карьерт нь маш сайнаар нөлөөлсөн хэмээн зураач залуу маань бахархан ярьж байлаа.

Энгүй авьяаслаг боловч эгэл даруухан энэ залуу алсын Европт ажиллахын хажуугаар мөнхийн сэтгэл зүрхэнд уяатай эх сайхан Монгол нутгаа сурталчлан алдаршуулахын тулд  монгол ахуй, ёс, зан заншил, шашин шүтлэгээ тусгасан уран зургуудаараа 23 удаа бие даасан үзэсгэлэнг Унгар, Францын янз бүрийн том жижиг хотуудад зохион байгуулсан байна. Үзэсгэлэнгээ монгол гэрт гарган толилуулдаг нь зөвхөн монгол зураг төдийгүй монголчуудын үндэсний гэрийг гадаадад сурталчлахад ихээхэн нэмэр болдог ажээ.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү технологи өвөрлөж ирнэ гэсэн орчин үеийн шинэ хэллэгийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж яваа энэ авьяаслаг зураач залуугийн ажил амьдралын амжилт бүтээл бүхэн нь түүнийг өсгөж өдий зэрэгт хүргэсэн аавтай нь салшгүй холбоотой юм.

Түүний аав Барнууд овогт Сампилын Пүрэвжав хэмээх нүдэнд дулаахан намхан бор өвгөнийг Хөвсгөл аймгийн боловсролын салбарынхан андахгүй.

Насаараа багш, хичээлийн эрхлэгч, сургуулийн захирлаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан өвгөн багш насны залууд хайрт ханиасаа хагацан, 0-18 насны 8 өнчин хүүхэдтэй үлдэж, гэрт орж эм, гадаа гарч эр болсоор хэдэн хүүхдээ хүний дайтай өсгөж, хүмүүжүүлсэн нь өнөөдөр Монголдоо төдийгүй, харийн Европт алдраа дуурсгаж явна.

Монгол залуусын маань оюуны хүч шавхагдашгүй арвин байх болтугай!

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Ulam ikh amjiltiig khusen yorooy

1  |  0
С.Р(67.162.34.145) 2025 оны 03 сарын 13

Гайхамшигт Тэнгэрлэг Монгол эр

1  |  0
Top