Музейн ажилчдыг чадваржуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 23

“Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” ЮНЕСКО-гийн төслийн нээлт болон төслийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Монголын Үндэсний Музейд болж байна. Уг төсөл нь Японы “Итгэлцлийн сан”-гийн санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм. Энэ нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой аж. Нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал асан Коичиро Мацуура, ЮНЕСКО-гийн Бээжингийн төлөөлөгчийн газрын дарга Абхиманю Сингх, ЮНЕСКО-гийн Японы үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Шихару Като, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан зэрэг хүмүүс оролцлоо.

Энэхүү төслийн хүрээнд музейн холбогдох Монголын хууль, тогтоомжийг судалж, дүгнэх, сургалтад зориулсан сургалтын материалуудыг бэлдэх, Үндэсний музейн Сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх гэх зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

2008 онд Монгол улсын Засгийн газар Монголын Үндэсний музейг улс, аймаг, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, сургалт явуулах үүрэг бүхий болгон өөрчилсөн нь музейн тогтолцоог улам боловсронгуй болгоход чиглэгджээ. Гэвч Үндэсний музейд мэргэшсэн боловсон хүчин, сургалтын материал дутагдаж байгаа учир өргөн цар хүрээг хамарч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа тухай албаныхан хэлж байлаа. Иймд тус музейн гүйцэтгэх үүргийг өргөжүүлэх, Монголын соёлын өв, урлагийн бүтээлийг олон улсын стандартын дагуу хадгалан хамгаалах, үзэгчдэд хүртээмжтэйгээр үзүүлэн дэлгэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top