“Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв” хоёр жил орчим Засгийн газарт нэрээ өөрчлөх тухай хэлэлцэн “Зоонозын өвчин судлалын үндэсний төв” болгон өөрчилжээ. Мөн найм, есдүгээр сард мал амьтнаас халдварлах өвчин идэвхждэгтэй холбогдуулан тус төвийн захирал Д.Отгонбаатар мэдээлэл хийлээ. Өмнөх нэрийн тухайд үйл ажиллагааны чиг үүргээсээ хязгаардлагдмал агуулгатай нэр байсан ажээ. Өөрөөр хэлбэл тус төв нь зөвхөн байгалийн голомтот халдварт өвчнөөс гадна бүхий л мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэж, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт судалгааны чиг үүрэгтэй 100 гаруй ажилтантай мэргэжлийн төв байгууллага юм. Зооноз гэдэг нь мал, амьтнаас хүнд халдаж буй өвчнийг хэлдэг аж. Нэрээ ийнхүү өөрчилсөн нь дэлхийн хэмжээнд хамтран ажиллахад чиглэгдсэн тусламж, дэмжлэгийг авахад ач холбогдолтой хэмээн үзжээ.
Манай улсад мал амьтнаас халдварлах өвчин төв хангайн бүсэд их байдаг бөгөөд найм, есдүгээр сард халдварлах өвчний идэвхжил өндөр байдаг байна. Хүнд бүхий л мал, амьтнаас ямар ч төрлийн өвчин халдварлаж болдог хэмээн мэргэжилтнүүд мэдэгдээд байгаа. Хамгийн түгээмэл нь тарваган тахал, галзуу, боом, хачгаар халдварлах өвчин, бруцеллёз зэрэг халдварт өвчин бөгөөд мал, амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварлаж болохыг шувууны томуу, гахайн томуу, саарс, зэрэг өвчнөөс харж болно. Монгол улс халдвар авах тохиодол, эрсдэл өндөр гэдэг 147 сум, 17 аймагт байгалийн голомт идэвхтэй байгаагаар нотлогдоод байгаа. Тухайлбал байгаль экологийн, уур амьсгалын, нянгийн өөрчлөлт нөлөөлж буй. Мөн 60,70-д онтой харьцуулахад нянгийн өөрчлөлт явагдаж, хүний биеийн эсэргүүцэх чадвар суларсан байна. Иймд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь мал, амьтантай зөв зохистой харьцах, хүн болон мал тогтмол вакцинд хамрагдах хэрэгтэй. Гэвч хүн амыг бүрэн дүүрэн вакцинд хамруулах боломж, хөрөнгө санхүү дэлхийн аль ч улс оронд байдаггүй гэлээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )