“Наран фүүдс” ХХК Б.Очирзаяа: Мэргэжлийн хяналтынхантай хамтарч мэдээлэл өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

 “Наран фүүдс” ХХК-ийн Герман улсаас экспортолдог “Schwartau” нэртэй нэрсний чанамалаас цацраг идэвхит бодис  агуулсныг   мэргэжилтнүүд  шинжилгээгээр тогтоосон.  Холбогдох хүмүүст удаа дараа хэлж худалдаахыг хориглосон ч тус компани дээрх нэрийн бүтээгдэхүүнийг өнөөг хүртэл худалдаанд гаргасаар байна  гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаад байв. Энэхүү мэдээллийн дагуу Улсын мэргэжлийн хяналтын газар болон “Наран фүүдс” ХХК руу очиж сурвалжиллаа. 

“Наран фүүдс” ХХК-д очтол компанийн ажилчид яагаад ийм мэдээлэл гарсныг тодруулахаар ажиллаж байна гэв. Ингээд тус компанийн импортын менежер Т.Мэндсайхан, Борлуулалтын албаны дарга Б.Очирзаяа нартай ярилцлаа.

 -Танай компанийн Герман улсаас экспортолдог “Schwartau” нэртэй нэрсний чанамал цацраг идэвхит бодис агуулсныг холбогдох мэргэжилтнүүд тогтоосон. Удаа дараа худалдаалахыг хориглосоор байтал өнөөг хүртэл зарсаар байна гэсэн мэдээлэл гарчээ. Үнэхээр ийм бодис илэрсэн юм уу?

-Манай компани хүнсний бүтээгдэхүүн худалдаалаад удаж байгаа. Энэ хугацаанд байнга ийм төрлийн  мэдээлэл гарч байсан. Гэхдээ энэ удаа  цацраг идэвхит бодис илэрсэн гэсэн байгаа юм. Бүр нэрсний чанамалаас бодис илэрсэн гэж тодорхойлжээ. Энэ жимсний чанамалыг манай компани арван жил Герман улсаас экспортолж байна. Яагаад ийм мэдээлэл гарсанд бид гайхаж, эх сурвалжийг тодруулахаар ажиллаж байна. Энэ чанамалын тухайд Герман улсынхаа яамнаас европын холбооны итгэмжлэгдсэн гарал үүслийн гэрчилгээ, чанар болон эрүүл мэндийн сертификаттайгаа ирдэг. Ингээд манай улсад ирмэгц худалдаанд гаргахаасаа өмнө уг дагалдаж ирсэн гарчилгээ, сертификатын хамт мэргэжлийн хяналтын шинжилгээнд өгч, дүгнэлт гарсаны дараа худалдаанд гаргадаг. Бидэнд чанамалаа шинжилгээнд хамруулсан бүх баримт нь бий. Тухайлбал, одоо худалдаанд байгаа чанамал өнгөрсөн сарын 16-нд импортлогдсон бол 2013 оны гуравдугаар сарын 17-нд хугацаа нь дуусах байгаа. Мөн мэргэжлийн хяналтын архивт ч шинжилгээнд хамруулсан баримт бий.


анай зүгээс одоо ямар арга хэмжээ авах вэ?

- Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй. Энэ бол их явцгүй алхам юм л даа. Ямар арга хэмжээ авахыг захирлууд шийднэ. Бид өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар руу утсаар холбогдож “Ямар учраас ийм мэдээлэл гараад байгаа юм бэ. Энэ тухай албан ёсны мэдээлэл хийгээч” гэдэг хүсэлт тавьлаа. Тэгэхгүй бол компанийн нэр хүнд, цаашдын бизнест маань нөлөөлж байгаа юм л даа. Бид дэлхийн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнийг худалдаалах зорилготой ажилладаг. Энэ талаар мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдийг авчраад шинжилгээнд хамруулж, тайлбартай албан ёсны мэдээлэл өгөх бодолтой байна.

-Ер нь жимсний чанамалын хадгалах хугацаа ямар хугацаатай байдаг вэ?

-Нэг жилээс жил зургаан сарын хугацаатай байдаг.

Мэргэжлийн хяналтын газрын  мэдээллийн ажилтан Б.Батцэцэг гадуур ажилтай гэсэн тул утсаар тодруулсан юм.


-“Наран фүүдс” ХХК-ийн Герман улсаас экспортолдог “Schwartau” нэртэй нэрсний чанамал  цацраг идэвхит бодис агуулсныг тогтоосон. Худалдаанд гаргахыг хориглосоор байтал өнөөг хүртэл зарагдаж байна гэсэн мэдээллийн дагуу холбогдож байна?

 -Одоогоор ийм мэдээлэл манайхаас гараагүй байна. Ямар учиртай ийм мэдээлэл гарсаныг мэдэхгүй юм. Бид тус компанитай ч холбогдоогүй байгаа.

-Энэ мэдээллийн дагуу МХЕГ тус чанамалыг шалгах уу?

-Энэ талаар би мэдэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байцаагч шалгах байх.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top