Ажилгүйдэл буюу ажлын байрны эзэнгүйдэл

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

Ажилгүйдэл гэж ажлын байртай болохыг хүсч байгаа, ажилгүй хүмүүсийн байдлыг хэлнэ. Ажилгүйдлийг ерөнхийд нь завсрын, бүтцийн, мөчлөгийн, улирлын гэж дөрөв ангилдаг байна. Манай улсад завсрын ажилгүйдэл нэлээд түгээмэл байдаг бөгөөд Монголчууд ажил хийх дургүй хүмүүс аж. Энэ талаар компанийн захирал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байнга гомдоллодог. Энэ оны долдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 45.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 мянган хүн буюу 12.5 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөрийн бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газарт энэ жил уул уурхай, барилгын салбараас ажлын байрны захиалга хамгийн олон ирсэн гэнэ.

Нийслэлийн хөдөлмөрийн газарт гэхэд л өнөөдрийн байдлаар 4600 гаруй ажлын байрны захиалга иржээ. Тэгэхээр Монголд ажилгүйдэл бий болоогүй, харин ч эсрэгээрээ ажилчдын хомсдолд орчихсон байна гэмээр. Телевиз радио, хэвлэл мэдээлийн хэрэгсэл болон ажлын зар сонины дийлэнх хэсэгт “ажилд авна, цалин өндөр” гэсэн зарууд “хогоороо” байдаг. Тэгсэн хэрнээ ажилгүйдэл өсөөд байдаг нь эмгэнэлтэй. Мөн төрөөс ажилгүй хүмүүст дэмжлэг болгох үүднээс тэтгэвэр тэтгэмж, хайр халамжид хамруулдаг нь иргэдийн ажил хийх сонирхлыг нь улам бууруулж байгааг хувийн хэвшлийнхэн шүүмжилдэг. Энэ нь ч үнэний ортой.  

Харин ажил олгогч байгууллагууд Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргүүдийн Халамж үйлчилгээний төвүүдтэйгээ нягт уялдаатай ажиллаж чаддаггүй нь ч ажилгүйдлийн тоо ихэсч байгаатай холбоотой. Одоогоос 2 жилийн өмнө Баянгол дүүргийн нэгэн иргэн Халамж үйлчилгээний төвөөс ажлын байр сураглаж очтол нэгэн байгууллагыг санал болгож. Холбогдох хүнтэй нь уулзтал "Манайд 3 сарын дараа ажилтан хэрэгтэй" гэжээ. Ажил идэвхийлэн хайж байгаа хүнд 3 сар бүү хэл 3 хоногийг ч ажилгүй өнгөрөөх бэрх. Дайны хажуугаар дажин гэгчээр ажилд зуучлах төвүүд гэж ажилгүй, мөнгөгүй хүмүүсийн цаг зав, мөнгө төгрөгийг үрсэн байгууллагууд байх. "Манайд ийм ийм ажлын байр байна. Эдгээр газруудад таны анкет шаардлага хангавал бид тантай эргээд холбогдоё" гэж найрсгаар хэлээд "хөөрхий" нөгөө ажилгүй иргэдээс татвар аваад таг болно. Ажил хайгч нар голдуу л зарын сонин худалдаж авдаг. Зарын сонинд мөн л нөгөө цаг зав үрэгч сүлжээний зарууд элбэг. Тэд эхэндээ "Нас хүйс, ажил мэргэжил харгалзахгүй, хүссэн хэмжээгээрээ орлого олох боломжтой ажилд таныг урьж байна" гэдэг байсан бол одоо хүмүүсийг даллах арга нь нарийсч "Оффис менежер ажилд авна" гэдэг болжээ. Хэрэв та ажил хайгч бол зарын эзэнтэй утсаар холбогдоход андашгүй. Яг тодорхой байршил хэлэхгүйгээр "...нд ирээд залгаарай" гэж хэлдэг.        

Манай улсын хөдөлмөрийн насны хүн амын тоо нэг сая гаруй бол эдийн засгийн идэвхтэй нь нэг сая 147 мянга ажээ. Жилдээ төрийн болон хувийн өмчийн нийт 113 их, дээд сургуульд  170 гаруй мянган оюутан сурч байна. Гэтэл дээд сургууль төгсөгчдийн ердөө 40 орчим  хувь нь л ажлын байртай золгодог гэх тоон мэдээлэл бий. Харин үлдсэн хувь ажилгүйдэлд өртөнө, эсвэл Солонгос орныг зорьж харь хүмүүсийн боол болно. Их, дээд сургууль төгссөн гээд амар хялбар ажлыг хайсан "цагаан гартнууд", зөөлөн суудалд суух хүсэлтэй болсон залуус ч их болжээ. Ийм байхад ажилгүйдэлд өртөхгүй гээд ч яах билээ. Мөн ажил олгогч байгууллагууд ажлын шаардлагаа хэт өндөр тавьж байгаа нь ч ажилгүйдлийн бас нэг шалтгаан. Ажилгүй иргэд дундаас мэргэжил, боловсролгүй олон хүн байгаа нь нуух юун. Ажил хайж яваа нэг бүсгүй ярихдаа “Дээд боловсролгүй болохоор ажилд ороход хүндрэлтэй юм. Нэг албан газар очоод боловсролгүй учраас хийж чадахаараа цэвэрлэгч хийхээр анкет бөглөж үзсэн. Одоог хүртэл над руу холбоо бариагүй л байна. Бодвол тавигдах шаардлагад нь нийцээгүй юм байлгүй” хэмээн ярьж байв. Ажил олгогч байгууллагууд ч ажлын байранд тавигдах шаардлагадаа өөрчлөлт оруулахад буруудахгүй байх. Аливаа улс орны ядуурал ажилгүйдэлтэй нягт холбоотой байдаг нь бичигдээгүй хууль. Ажилгүйдэл, ядуурал хоёр салшгүй нөхөд мэт хэлхэлдэн явсаар байна. Үүнийг зогсоохын тулд ажилгүйдлийг хамтдаа бууруулах гарцыг хайж олох хэрэгтэй. Төр засаг ч үүнд онцгой анхаарч тэтгэвэр, тэтгэмж гэх янз бүрийн мөнгө олгож байхаар ажлын байрыг олноор бий болгож ажилгүйдлийг бууруулна гэдэгт итгэж байна.

Д.Шинээ     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu