ЗУЛ I Дэлхий дүүрэн СЭТГЭЛ

Админ | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

Гүн эмгэнэл илэрхийлье I Даваадоржийн АМАРЖАРГАЛ

(1982-2025)
 

Бидний дотны нөхөр, халамжит хүү, хайрт аав Даваадорж овогтой Амаржаргал нь 2025 оны долоодугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д.Амаржаргал нь 1982 оны есдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотын II амаржих газарт айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлж, 1990-1998 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 4-р сургуульд суралцан, 1998-2000 онд Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежид Уран сайхны гэрэл зурагчин мэргэжил эзэмжсэн билээ.
 


Тэрээр 1999 онд “Fujifilm” гэрэл зургийн газраас ажлын гараагаа эхэлж, 2010 онд “Коника Минолта” гэрэл зургийн газар, 2010-2015 онд “Фото банк” гэрэл зургийн студи, 2015-2018 онд “Мишил” уран сайхны гэрэл зургийн газарт тус тус ажиллаж байгаад 2018 оноос “Эрхэт Монгол медиа групп”-ийн харьяа ZINDAA.MN сайтын гэрэл зургийн сурвалжлагчийн албанд шилжиж, 2025 оныг хүртэл тус группийн харьяа “Зиндаа” сэтгүүл, “Өглөөний сонин”, “Welcome to Mongolia“ сэтгүүл, ТВ8 телевизийн гэрэл зурагчнаар ажиллан, олон үйл явдал, түүхэн мөч, дурсгалт үеийг гэрэл зургийн хальснаа буулган мөнхөлж, авьяас, ур чадвараа таниулан харуулж, хамт олныхоо бахархал, талархал, итгэлийг цаг үргэлж хүлээсээр ирсэн билээ.

Бидний эрхэм найз Д.Амаржаргал нь 2025 оноос өөрийн мэргэжил, сонирхлын дагуу “Color artful photo studio”-г үүсгэн байгуулж, бие даан гэрэл зураг, уран бүтээлийн ажилдаа чин сэтгэлээ зориулан, шамдаж байсан юм.

Д.Амаржаргал нь тусч сайхан сэтгэлтэй, хамт олон, найз нөхөд, гэр бүлдээ хайрлагдан хүндлэгдсэн, эрхэм хүмүүн, Монголын гэрэл зургийн салбарт, тэр дундаа спортын гэрэл зургийн салбарыг сонирхон тольдсон, авьяаслаг залуу уран бүтээлчийн нэг байлаа.

Тэрээр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүний хувиар “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмыг амжилттай сурвалжилж, Монголын спорт холбоодын олон арван тэмцээн, уралдаан, тамирчид, спортын амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээжээ.

Түүний мэргэжлийн ур чадвар, мэдрэмж, уран бүтээлийг үнэлэн, МСНЭ-ийн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” болон Монголын залуучуудын холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зэрэг олон мэргэжлийн холбоодын нэр хүндтэй шагналуудыг түүнд хүртээж байв.

Д.Амаржаргалын маань буулгасан гэрэл зургууд Монголын түүхийн гэрч, өв болон мөнхөрч, сайхан сэтгэл, хөдөлмөрч зан, авьяас билэг, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум мани бадмэ хум...


Эрхэт Монгол групп
Эрхэт Монгол медиа групп
Zindaa.mn сайт
ТВ8 телевиз
Өглөөний сонин
Зиндаа сэтгүүл
“Welcome to Mongolia” сэтгүүлийн нийт хамт олноос нь

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu