Их дээд сургуулиудын боловсролын системийн тогтолцоонд нар гийх нь ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Долоодугаар сарын 8-11-ний өдрүүдэд дэлхийн их дээд сургуулиудын захирлуудын уулзалт зөвлөгөөн манай улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн томоохон их дээд сургуулиудын захирлуудын тус чуулга уулзалтыг ХААИС-иас санаачлан зохион байгуулж байгаа юм. Энэхүү олон улсын чуулга уулзалт нь орчин үеийн сургалтын бодлого, инноваци ба даяаршил гэсэн үндсэн хоёр сэдвийн дагуу явагдах бөгөөд байгалийн ухаан, амьдралын ухаан, ХХААХҮ-ийн салбарыг тойрсон асуудлаар ярилцана хэмээн чуулганыг зохион байгуулагчид онцолж байна лээ. Тус чуулга уулзалтын гол онцлог нь их дээд сургуулийн сургалтын систем, төгсөгчдийн чанар чансаагаараа дэлхийд тэргүүлэх хөгжингүй улс орнуудын дээд боловсролын онцлог, туршлага арга барилаас манай улс туршлага судалж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Энэ арга хэмжээний талаар зохион байгуулагч ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проектор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн дарга Н.Баярсүхтэй ярилцлаа.

-Дэлхийн томоохон их дээд сургуулиудын удирдлагууд манай улсад чуулах гэж байна. Чуулга уулзалтаар ямар ямар асуудлын талаар ярилцах вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж буй тус олон улсын эрдэмтэн багш нарын чуулга уулзалтанд дэлхийн 14 орны нэр хүнд бүхий 30 гаруй их дээд сургуулийн 60 гаруй зочид төлөөлөгч оролцох юм. Үүний дотор дэлхийн 16 их дээд сургуулийн захирлууд өөрийн1 биеэр тус хуралд оролцож дэлхий дахинд даяаршиж буй энэ үед дээд боловсролын тогтолцоонд тулгарч буй бэрхшээлүүд түүнийг шийдвэрлэх арга зам, гарцын талаар шийдлийг гаргахаар өөрсдийн биеэр ирж байгаа нь цар хүрээг илтгэж байгаа юм. Дэлхий нийтээрээ даяаршлын хэлбэрт шилжиж буй энэ үед зөвхөн ганц нэг улс гэлтгүй глобалчлагдаж буй энэ үед дэлхий нийтээрээ хамтарч их дээд сургуулийн сургалт төдийгүй өөр олон олон асуудалд хамтран санал боддоо нэгтгэж оролцох хэрэгтэй гэдгийг олон орнууд хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс глобалчлагдсан энэ эрин үед дэлхийн их дээд сургуулиудын удирдлагууд хамтарч асуудлыг шийдвэрлэх гарцыг хайх нь зөв гэж үзсэн үүднээс бид энэ удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Яг энэ үед бид дээд боловсролын тогтолцоог хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг асуудлаар дэлхийд тэргүүлэх их дээд сургуулиудын удирдлагуудтай хамтран хэлэлцэх гэж байгаа энэ арга хэмжээ манай улсад болох гэж байгаа нь маш том завшаан.

-Тус чуулга уулзалтыг өөрийн улсдаа зохион
байгуулах болсон гол зорилго нь юу вэ?

- Энэ чуулга уулзалтыг Монгол оронд зохион байгуулж байгаа гол зорилго маань нэгдүгээрт өнөөдөр улс орон бүхэн мэддэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн загварыг сонгож хөгжиж байна. Тэгэхээр мэдлэгт суурилсан мэдээллийн эрин зуунд амьдарч буй энэ үед энэ хөгжлийн загварыг авч явах ирээдүйн боловсон хүчин болох гол мэргэжилтнүүдийг бэлтгэдэг их сургуулиудын үүрэг роль нийгмийн болоод эдийн засгийн нөлөө асар их нэмэгдэж байгаа юм. Ийм учраас бид дэлхийн томоохон их сургуулиудын захирлуудын хурлыг зохион байгуулж, энэ чиглэлээр их дээд сургуулиудад тулгарч нийтлэг буй асуудал шийдвэрлэх арга зам, туршлагыг харилцан солилцъё нийтлэг асуудлуудаа ярилцъя, үүнээс үндэслээд нийтлэг шийдэлд хүрэх байх гэж бодож байна. Дараагийн асуудал нь даяаршлын тухай асуудал. Өнөөдөр бид даяаршиж буй нийгэмд амьдарч байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа.

Даяаршиж байгаа гэдгийг их олон ухагдахуунаар ойлгож болно л доо. Жишээлбэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль экологийн сөрөг нөлөөллүүд ганц үндэстний хил хязгаараар хязгаарлагдахаа болиод үндсэндээ улс үндэстнүүд дэлхийн нийтээрээ хамтарч энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байгаа. Мөн орчин үеийн эдийн засгийн хөгжлийн асуудал ч ганц нэг улс орны асуудал биш болж байна. Эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэхэд дэлхий нийтээрээ өртдөг байдал ажиглагдаж байна. Тиймээс хямралаас гарахад дэлхий нийтээрээ хамтрах шаардлага ч мөн тулгарч байгаа юм.

-Дэлхийн томоохон их дээд сургуулиудын удирдлагууд манай оронд анх удаагаа чуулах гэж байна. Зохион байгуулж буй сургуулийн хувьд энэ чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?
Юуны өмнө дэлхийн их дээд сургуулийн удирдлагууд ирж чуулаад нийтлэг бэрхшээл, түүнийг давах арга замыг ярилцаад харилцан туршлага солилцох гол давуу тал гарах байх. Мөн зохион байгуулж буй улс орон сургуулийн хувьд энэ уулзалтаар харилцан туршлага солилцсоны үндсэн дээр манай улсын их дээд сургуулиуд ч энэ хэлбэрт шилжиж судалгааны төвүүдтэй болох боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна. Манай ХААИС-ийн хувьд энэ чиглэлийг баримтлах үүднээс судалгааны төвтэй болох гэх мэт алхмуудыг хийж эхэлж байна. Эцэст нь энэ хурлын үр дүнд дэлхийн их дээд сургуулиудын уриа тунхаг бичгийг бид баталж гаргана. Уг тунхаг бичигт өнөөгийн дээд боловсролд тулгамдаад байгаа асуудлыг оруулна.

Мөн дээд боловсролын системд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх арга замуудыг боловсруулж тавих бодолтой байгаа. Эндээс гарсан уриа тунхгийг Ойд дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагууд болон оролцож буй улсуудын төр засгийн удирдлага, хувь хүмүүст хандаж уриалах юм. Хөгжингүй орнуудын томоохон их дээд сургуулиудын төлөөлөл ирж байгаа нь их ач холбогдолтой. Нөгөө талаар манай сургуулиас зохион байгуулж байгаа яг манай улсдаа болж байгаа гэдэг утгаараа зөвхөн манай сургуулиар зогсохгүй бусад төрийн их дээд сургуулиудын удирдлага гадны нөлөө бүхий их дээд сургуулийн удирдлагуудтай танилцаад цаашдын хамтын ажиллагаа өргөжүүлж, туршлага судлахад чухал нөлөө үзүүлж байгаа гэж бодож байна. Ингэснээр манай улсаас гадны улс орнуудад оюутан солилцох гэрээ хэлэлцээр ч бүрдэх болов уу.

-Манай улсад дэлхийн хэмжээний их дээд сургуулиудын төлөөлөл чуулж буй нь анхны тохиолдол. Цаашид энэ чуулга уулзалтыг өөрийн улсдаа дахин зохион байгуулах уу?
-Энэ чуулга уулзалтыг нэг удаагийн уулзалтаар дуусгахгүй гэж бодож байна. Тиймээс их дээд сургуулиудын чуулга уулзалтыг зохион байгуулах байнгын хороог байгуулахаар бид ярилцаж байна. Хурлын үеэр бид байнгын хорооныхоо гишүүдийг томилоод цаашид энэ үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг явуулахаар төлөвлөж байгаа. Ерөнхийдөө тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа хийж байя гэсэн саналыг манай талаас тавьж байгаа юм.

-Байнгын хорооны бүрэлдэхүүнд хэдэн хүн байх вэ? Орон бүрийн төлөөлөл байна гэсэн үг үү?
-Байнгын хорооны бүрэлдэхүүнд долоогоос дээш хүн буюу бүс, тив бүрээс нэг нэг хүнийг томилох саналтай байгаа.

-Манай улсын их дээд сургуулийн боловсролын түвшинг сайжруулах талаар төр засгаас ямар арга хэмжээ явуулж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын асуудлыг шинэ шатанд гаргах хэд хэдэн баримт бичгүүдийг гаргаад явж байгаа. Эдгээрээс дурдвал Монгол Улсын дээд боловсрол 2020 хөтөлбөр батлагдан гарсан. Энэ хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжинэ. Энэ хөтөлбөрт гол баримтлах зүйл нь юу вэ гэвэл Монголын боловсролын систем тэр дундаа дээд боловсролын системийг дэлхийн нийтийн жишигт хүргэх зорилго тавьж олон асуудлыг хэрэгжүүлж байгаа. Бидний хийж буй уг ажил ч тус зорилтот хөтөлбөрт чухал ач холбогдолтой гэж бодож байна.

-Манай улсын хувьд их дээд сургуулийн боловсролын тогтолцоог та хэрхэн дүгнэх вэ? Мөн их дээд сургуулийн сургалтыг хойш нь татаж буй шийдвэрлэвэл зохих асуудал нь юу вэ?
-Манай улсын хувьд сургалтанд суурилсан системээр явагдаж байна. Харин гадны өндөр
хөгжилтэй орнуудын сургалтын хөтөлбөр нь эрдэм шинжилгээ, судалгаан дээр суурилсан сургалтын системээр явагддаг. Тэгэхээр манай улсын их дээд сургуулиудын сургалтын систем ч гэсэн энэ чиглэлээр хөгжих ёстой. Ингэхийн тулд бид асар их зүйлийг сурах хэрэгтэй байгаа. Цаашлаад энэ ажлыг явуулахад зохион байгуулах ажиллагаа мөн мөнгө санхүүгийн асуудал тулгардаг. Үүнд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай.

Өнөөдөр манай боловсролын тогтолцоо дэлхийн хөгжингүй орнуудтай харьцуулахад муу түвшинд байгаа. Манай орны хувьд судалгаа, эрдэм шинжилгээнээс авахуулаад их дээд сургуулийн боловсролын системд яах аргагүй тулгардаг нэг том бэрхшээл нь санхүүгийн асуудал байсаар ирсэн. Одоо ч тийм л байна. Энэ асуудлын талаар ч энэ чуулга уулзалтаар ярилцаж, гарах гарцыг тодорхойлно. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалтаас бид их зүйлийг хүлээж байгаа.

С.Од

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top