“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгээр төмөр зам болон “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн талаар хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17


Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь болох 800.000 гаруй мянган хүн болон гадаадын улс орнуудад амьдарч буй олон мянган иргэд интернэтийн байнгын хэрэглэгч болсон байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа бөгөөд түүний дотор Facebook, Twitter зэрэг олон нийтийн харилцааны сүлжээнүүдэд Монголын олон мянган залуучууд нэгдээд байгаа юм.

            Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ.

Онлайн хэлэлцүүлэгийг Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, гадаадад амьдарч буй монголчуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зэрэг төрөл, хэлбэрүүдээр цувралаар зохион байгуулах бөгөөд өмнө нь болсон хэлэлцүүлэгүүдэд УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Я.Батсуурь, Д.Одхүү, Ц.Сэдванчиг, Л.Болд, АЗХ-ны Ерөнхийлөгч Б.Болор, НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа, АН-ын Нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа, АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүн З.Энхболд нар зочноор оролцож, давхардсан тоогоор нийт 35.000 гаруй залуучуудтай улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар болон залуучуудын хөгжлийн асуудлаар онлайнаар харилцан санал бодлоо хуваалцсан юм.

Харин өчигдөр болсон 7 дахь удаагийн “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн удирдагч Ч.Ганбат нар зочноор оролцож, иргэд, залуучуудтай төмөр зам болон “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн талаар харилцан санал солилцлоо.

Тус онлайн хэлэлцүүлэгт Монгол Улсын өнцөг булан бүрээс болон гадаадын улс орнуудаас хамгийн хандсан үедээ 2900 орчим, давхардсан тоогоор нийт 10.000 орчим иргэд, залуучууд оролцсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top