Монгол хүний “ОРИГ” ЧАНАР хаачив аа?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

      Америкт “эмээ хардаг” найзтайгаа утсаар ярьснаас хойш иймэрхүү бодол толгойд эргэлдээд салдаггүй.

     Найз маань өглөө бүр гүд моонин гээд америк эмээгээ чин сэтгэлээсээ духан дээр нь үнсэхэд эмээгийн нүдэнд нулимс цийлэлзээд маш их баярладаг гэнэ. Эмээгийн хүү, охин хоёр хангалттай баян учраас ганц хоногт 120  ногоон төлөөд ээжийгээ асруулдаг гэх. Гэвч тэр баян хүүхдүүдийн ээждээ хэзээ ч илэрхийлж байгаагүй хайрыг  жирийн нэгэн монгол эмэгтэйгээс мэдэрсэндээ америк эмээ нулимс дуслуулдаг аж.

     Энд л манай монголчуудын бусад үндэстнээс ялгарах “ориг” чанар харагдана. Эцэг эхийгээ гэх монголчуудын хандлага бусад “хөгжилтэй” гүрнийхнээс тэс өөр, дипломат маркийн биш, чин сэтгэлээсээ. Зөвхөн эцэг эх ч биш, бие биедээ хандах монголчуудын сэтгэл.

Гэтэл яг өнөөдөр, энэ чанар маань хэвээрээ байгаа бил үү?

      Өглөө автобусаар ажилдаа ирэх замдаа анзаарлаа энэ талаар. Өнөөдөр өөр болчихож харваас. Залуучууд нь хамаг суудлыг  эзлээд суучихсан, тэдний эцэг эх, эмээ өвөө шиг хүмүүс хажууд нь бариулаас зүүгдээд зогсчихсон...  Энэ яавч ялимгүй зүйл биш ээ, бодоод байхад. Ирээдүй хойч үе маань ийм л “ориг” чанартай болж төлөвшиж байгаа юм байна. Автобусны цонхоор хараад явж байтал нэг “тасарсан” ч юмуу, үхсэн ч юм уу нэг нөхөр гудамжинд хэвтэж байх юм. Тэрийг тоож байгаа хүн ганц ширхэг ч алга, бүгд л холуур дөлж яваад, яг л үхээд өмхийрсөн нохойноос зугтдаг шиг. Дан залуучууд гэлтгүй, монголчууд бүгдээрээ “сонин” болчихож. Энэ хөгжиж дээшлэхийн цондон уу, аль эсвэл...?

     Бидний одоо ад үзээд байдаг социализмын үед хүмүүс харин ч жинхэнэ “оригоороо” байж, ямар ч болзол, нөхцөлгүйгээр бие биеэ хайрлаад л, сэтгэлээсээ.

     Тэр үед ээжийнхээ умгар бор гэрт бүгдээрээ цуглачихаад, будаатай цайг нь ууцгаан, бие биеэ гэсэн халуун сэтгэлээр дотно яриа өрнүүлдэг байсан цаг хамгийн дурсгалтай санагдана. Гэтэл одоо ах дүү, амраг садангууд ч хоорондоо ховорхон уулзалддаг болж дээ, хааяахан баяр ёслолын үеэр хальт цуглардагаа эс тооцвол. Тэр хэрээр бидний нөгөө үнэт чанар хорогдоод ч байгаа юм бил үү хэн мэдлээ.  Ямар ч л байсан бид “урьдны монголчууд” биш болчихож.  

      Хөгжилтэй, соёлтой орнуудыг дууриалгүй л яахав, материаллаг талаасаа. Харин тэдний тэр хөндий, “дипломат” сэтгэл зүрх манайх шиг өргөн уудам газар нутагтай, өчүүхэн бага хүн амтай орны бид нарт  хэр зохимжтойн болоо,  дууриахад?

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top