Дуучин Д.Болд: ”Камертон2 шоуны нэгдүгээр шат бол мандат олгох зорилготой байсан”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз, Music box сувгаар үдэш бүр үзэгч танд хүрч байгаа “Камертон 2” шоуны 2-р шатны шалгаруулалт 5-р сарын 17-оос эхлэн цэнхэр дэлгэцээр гарна. 2-р шатны бичлэг ОУХНТ-ийн Хараацай театрт явагдаж байсан бөгөөд төгөлдөр хуурын аялгуунд алтан үеийн хит дуунуудыг оролцогчид өөрсдийнхөө найруулгаар дуулж байхыг нь сонсоход өөрийн эрхгүй сэтгэл догдолж байснаа нуух юун. Ингээд завсарлагааны үеэр “Камертон 2” төслийн ерөнхий продюсер, Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой уулзаж, ярилцсанаа хүргэе.

 “Камертон 2” төслийн багийнхан том зорилго тавин ажиллаж байгаа. Оролцогчдын хувьд хэр сайн оролцогчид байна вэ ?Энэ шоуны гол зорилго бол Монголын рок попын ертөнцөд урт удаан хугацаанд оршин тогтнож, дуулаад зогсохгүй орчин үеийн рок поп урлагт үнэтэй хувь нэмэр оруулахуйц хөвгүүдийн хамтлаг төрүүлэн гаргахын төлөө зорин ажиллаж байна. Оролцогчид маань хоёрдугаар шатанд бэлтгэлээ сайн хийж, нэгдүгээр шатаа бодвол сайжирсан байна.

 Нэгдүгээр шатны шалгаруулалтыг харж байхад нэлээд шалгуур өндөртэй байх шиг санагдсан.

 Хэдийгээр нэгдүгээр шатны шалгаруулалт явагдаад дууссан хэдий ч   энэхүү шоуны продюсерийн хувьд хэлэхэд нэгдүгээр шат бол мандат олгох шат байсан гэж хэлж болно. Тухайн оролцогчын дуулах авъяас, чадварыг харж байгаад ерөнхийдөө энэхүү шоунд оролцож болохоор юм байна, үзээд алд гэдэг утгаар хоёрдугаар шатанд оролцох эрх олгосон. Харин хоёрдугаар шатанд бол энэ хүн цаашаа хэрхэн өсөн хөгжих бол,  хөгжим гэж юу болох, түүнийг яаж ойлгож байна, тэр хүний дотоод сэтгэлийн илрэл дуугаа яаж хүнд хүргэж байна  гэх зэрэг олон талын өндөр шалгууртай маш чухал, чанга даваа байгаа.

 “Камертон 2” шоуны хоёрдугаар шатны онцлог?

 Хоёрдугаар шатны гол онцлог гэвэл хэрвээ Монгол хамтлаг, Монгол дуучин болох гэж байгаа бол Монголынхоо рок попын түүх, ахмад үеийн бидэнд үлдээсэн тэр сайхан хэв маяг, тэдний зохиосон алтан үеийн хит дуунуудыг сурч мэдэж , тэдгээрийн өгүүлэмж, аялгуу, үг хэллэг ямар тансаг, юуг хэлж өгүүлж байсан зэргийг сайтар ойлгох хэрэгтэй.  Хоёрдугаар шатанд оролцогчид маань Хонх, Хөх тэнгэр, Харш, Өргөө, Айзам, Титэм, Харанга, Инээмсэглэл, Соёл-эрдэнэ зэрэг Монголын рок попын  урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан алтан үеийн хамтлагийн дуунуудаас сугалаагаар сугалж, 14 хоног төгөлдөр хуурчтай бэлтгэл хийсний үндсэн дээр шалгаруулалтанд орж байгаа. Ингэхдээ зүгээр нэг дуулахгүй энэхүү алтан үеийн дуунуудыг орчин үеийн залуус хэрхэн өөрийн дуулах хэв маяг, хоолойны онцлогтоо тохируулан дуулах вэ гэдгийг чухалчлан харна. Зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл хийх хугацааг хангалттай гаргаж өгсөн учраас илүү мэргэжлийн үүднээс хандаж шүүх болно.

 Танд баярлалаа.Ажлын амжилт хүсье. Мөн оролцогчдодоо хандаж юу гэж хэлмээр байна?

 Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Шоунд оролцож байгаа залуустаа мөн адил амжилт хүсье. Энэ шоу бол “Камертон 2” төслийн зөвхөн эхлэл нь. Шилдэг дөрвөн оролцогч маань шоугаа дуусаад шууд цомгийн ажил болон дараа дараагийн маш олон ажлууд хүлээж байгаа учраас өөрсдийгөө бүхий л талаар нь сайн хөгжүүлээрэй гэж хэлье. Хичээгээрэй залуусаа.

Б. Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top