Монголоос ажилчин олох далайгаас сувд шүүрдэхээс хэцүү

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

    Статистикийн албан ёсны тоо баримтаас харахад энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсад Хөдөлмөрийн биржид албан ёсны бүртгэлтэй 54 мянга гаруй ажилгүйчүүд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29 хувиар өссөн аж.

      Гэтэл өнгөрөх долоо хоногт Эрээн-Улаанбаатарын галт тэргээр 600 орчим хятад ажилчид ирлээ гээд манайхан уурлаж ундууцаад бөөн юм болсон.

      Эндээс нэг сонин зөрчилтэй зүйл ажиглагдаж байна. Ийм олон ажилгүй монголчууд байхад заавал хужаа нараар яадаг байнаа гэж?  Тэд нар мэдээж хэрэг, монголчуудаас бага цалин авна гэж байхгүй л баймаар. Ингээд бизнес эрхлэгч зарим хүмүүстэй санал бодлоо солилцох явцад дээрх асуултын хариулт тодорч ирж байнаа. Учиргүй хятадуудад дуртай сайндаа ч авчраад байгаа юм биш байна.

       Хамаг учир зөвхөн монголчуудад, өөрсдөд маань байгаа юм байна. Хятадуудыг харааж зүхээд байх шаардлага ч алга. Бизнес эрхлэгчийн хувьд гол зорилго нь аль болохоор итгэлтэй сайн, чадварлаг ажиллах боловсон хүчнийг ашиглан бизнесээ өргөжүүлж, амьдралаа дээшлүүлэх, тэр хэрээрээ улсдаа ахиухан татвар төлж, бага ч атугай хувь нэмэр оруулах.  Тэр шалгуур хангаж буй боловсон хүчин нь монгол байна уу, хужаа байна уу, огтхон ч падлий байхгүй. Манай монгол залуус ч гэсэн дэлхийгээр нэг тарчихсан, янз бүрийн л ажил хийгээд явцгааж байна.

    “Монголоос ажилчин олох далайгаас сувд шүүрдэхээс хэцүү”.

      Энэ өгүүлбэр бизнес эрхлэгч, ажил олгогчдын хувьд бараг л монгол ардын зүйр цэцэн үг болохоо шахсан. Халамжийн хавтгайрсан тогтолцоо, төр засгийн оновчгүй буруу бодлогоос үүдэн залуучууд ихэнх нь биеэ зовоож ажил хийх сонирхолгүй, болж өгвөл зүгээр тааваараа унтаж, идэж, наргиж цэнгэж байгаад мөнгө олчих сонирхолтой болчихсон. Нэг газар ажилд орлоо гэхэд ямар ч дэг журам, үүрэг хариуцлага гэж мэддэггүй, мэдэрдэггүй, дуртай үедээ ажилдаа ирээд дургүй үедээ яасан нь мэдэгдэхгүй хэл сураггүй алга болчихдог,  хүний юм үнэгүй юм хоёрт нугасгүй, боломж гарвал хусчих гээд л, цалингаа аваад заавал ёс юм шиг тэмдэглэж архи уугаад, дараа нь шараа тайлж зүсрээд хэд хоногоор ажлаа тасалчихдаг гэх мэт монгол ажилчдын тааруухан шинжийг тоочоод байвал үл барагдана.

Гэтэл өөрсдөө ийм байж яахаараа бид хятад ажилчдыг харааж зүхнэ вэ?

     Тэд манайхны хэлдгээр “өмхий хужаа” л болохоос биш ажиллах хүчний хувьд тэдэнтэй эн зэрэгцэх хүн ховорхон л болов уу. Хамгийн гол нь тэд маш хөдөлмөрч, итгэлтэй, архи уухгүй, хулгай хийхгүй, барагтай л бол байрнаасаа хамраа ч цухуйлгахгүй, сохор зоосны үнэ цэнийг агуу мэдэрдэг, тэр хэрээрээ маш арвич, хямгач, манайхан шиг шоудаж мөнгө цацна гэсэн ойлголт байхгүй, цалингаа байдгаараа хямгадаж байгаад хөдөө тосгонд тутаргын талбайд өдөр шөнөгүй мөлхөж байгаа настай аав ээж, ар гэрийнхэндээ илгээдэг, ийм л хүмүүс.  Хааяа хүүхэн шуухантай хэл ам таталдгийг эс тооцвол. Энд бас л манай монгол хүүхнүүд өөрсдөө буруутай, хялбар аргаар мөнгө олох хүсэлдээ хөтлөгдөн өөрсдөө гүйж очоод байхгүй бол хужаа нарт тэгж хүүхэн эргүүлээд явах зав зай ч байхгүй.

   Эцэст нь хэлэхэд,  элдэв зартай сонин, ТВ харж байхад монголд ажил шиг их юм алга.  Харин нөгөө ажилгүй 54000 хүн маань хаана байнаа?

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top