Шавиа зодсон багшийн хэргийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

Нугараач охиныг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан Г.Энх-Амгалан гэгч багшид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болно. Шүүх хуралд улсын яллагчаар О.Гэрэл, даргалагч шүүгчээр Н.Нарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр П.Энхцэцэг болон хохирогч охины ар гэрийнхэн оролцох аж. Насанд хүрээгүй хүүхдийг зодож, дарамталсан гэх хэргийг хаалттай хэлэлцэх юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар  зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, 100.1-т зааснаар байнга зодож тарчлаасан  гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Уг хэргийн талаар эргэн сануулахад, Г.Энх-Амгалан нь 2010 онд “ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна” хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан талаар хохирогч охин мэдүүлж байсан юм.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top