Жуулчны гудамжийг авто зам болгоход павилон түрээслэгчдийг нүүлгэхгүй гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12

   Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Урт цагаан буюу Жуулчны гудамжны үйл ажиллагааг зогсоож авто зам барихаар энэ оны хоёрдугаар сарын 6-нд А66 тоот захирамж гарчээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 8-ний өдөр түрээслэгчдийн төлөөлөл  болох Ариунжаргал, Эрдэнэчимэг нар хэвлэлийн хурал хийсэн юм. Тэд ярихдаа “ Жуулчны гудамжинд байрлах 25 павилоныг  дөрөвдүгээр  сарын 15-ны дотор нүүхийг Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Ш.Сүхбаатарын гарын үсэгтэй шаардах хуудас ирсэн. Тиймээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж байна. Учир нь  Нийслэлийн аялал жуулчлалын газартай хийсэн бидний түрээслэгчийн гэрээ 2012 оны 12-р сард дуусах ёстой. Гэтэл бидний ажлын байрыг аль нэг тийш нь шийлжүүлэн талбай олгохгүйгээр богино хугацаанд нүүхийг шаардаж байгаа нь биднийг бухимдуулж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Авто замын газрын дарга Д.Од нарт  албан бичиг явуулсан боловч хариугаа авч чадаагүй” гэж байсан юм. Бид Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаас дээрх албан бичигт хэрхэн хариу өгсөн талаар тодруулахаар очсон боловч өрөөндөө байсангүй. Харин түүний туслах  П.Эрдэнэсүрэн “ Ц.Цогзолмаа дарга тэрхүү албан бичигтэй танилцаад “Уулзаж дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье гэж цохон  “Нийслэлийн хөдөлмөрийн газар руу явуулсан. Яагаад гэвэл тэр бичиг бол ажлын байрны талаар гэсэн утгатай байсан юм” хэмээн хариулсан юм. Энэ талаар тодруулахаар “Нийслэлийн хөдөлмөрийн газар” –ын дарга Г.Батсайхантай уулзахад “Одоогоор манайд тийм албан бичиг ирээгүй байна. Тиймээс яг юу болоод байгааг би мэдэхгүй гэлээ. Харин хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Оюунгэрэл арай өөр хариулт өгсөн юм. Түүний ширээн дээр Г.Батсайхан даргын   барааг нь хараагүй,  сургийг нь сая л сонслоо. Ажилтнуудаасаа асууж сураглаад л сууж байна гэсэн өнөөх түрээслэгчдийн хүргүүлсэн албан бичиг байсан юм.

Ингээд Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Оюунгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Жуулчны гудамжинд үйл ажиллагаа явуулж буй павилон түрээслэгчдийн албан бичигт танайх хэрхэн хариу өгч байгаа вэ?

Дээрх албан бичиг “ажлын байр” гэдэг утгаараа манайд ирсэн. Гэтэл цаад хүмүүс бол ажиллах талбайгүй болчихлоо үүнийг хамгаалж өгөөч гэсэн утгатай өргөдөл бичсэн байгаа юм. Манайх бол сул чөлөөтэй байгаа ажлын байранд ажилтан авах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс дээрх асуудал бол манайд хамааралгүй гэсэн үг.

-Тэгэхээр Ц.Цогзолмаа дарга чиглэлийг нь буруу цохсон учраас энэхүү албан бичиг танайд ирчихээд байгаа гэж ойлгож болох уу?

Энэ асуудал манай хөдөлмөр эрхлэлттэй ямар ч холбогдолгүй асуудал. Мэдээж юугаа ч мэдээгүй манайх руу цохно гэж байхгүй ш дээ. Энэ өргөдлийн цаана нэг хүний нэг өрхийн хөдөлмөр эрхлэлт яригдаж байгаа учраас манайх руу цохсон байх. Манай байгууллагын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний чиглэлд “Хувиараа болон өрхийн, эсвэл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэнийг мэдээллээр хангах” гэсэн заалт байдаг юм. Түүний дагуу манайхаас үзүүлж байгаа дэмжлэг нь юу байх вэ гэхээр манай байгууллагаас эдгээр хүмүүстэй уулзаж ярилцах ёстой. Бид энэ тухай ярилцаж байна.  

-Дөнгөж сая Г.Батсайхан даргатай уулзаж энэхүү алба бичгийн талаар лавлахад “Одоогоор надад мэдсэн бас ирсэн юм алга” гэж байсан л даа. Тэгэхээр өөрийн чинь яриад буй “павилон түрээслэгчдийн тавьж буй асуудал Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамааралгүй” гэсэн дүгнэлтийг хэн гаргасан юм бэ?

Мэдээж Г.Батсайхан даргын дүгнэлтээр  гарсан байгаа. Манайд олон хүсэлт, албан бичиг ирдэг болохоор олон юманд самгардаад санаагүй байх л даа.

-Танайх дүгнэлтээ гаргачихжээ. Хариугаа павилон түрээслэгчдэд хэзээ хүргэх вэ?

Одоогоор тэдгээр хүмүүс албан бичгийнхээ хариуг авах гэж манайд хандсан зүйл байхгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм. /Тэдний яриа хоорондоо зөрсөн, ойлгомж муутай байв/

 Харин энэ талаар Нийслэлийн авто замын газрын ОНХА-ны дарга Д.Оюунгэрэлээс зарим асуултад хариулт авсан юм.

-Жуулчны гудамжинд авто зам тавих болсныг түрээслэгчид бухимдан хүлээж авч байна л даа?

Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийн дагуу автозам тавина. Гэхдээ павилонуудыг замынхаа хоёр талаар тавих учраас  тэдгээр хүмүүс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжтой. Тийм байтал улс төржүүлээд хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мушгиж яриад байгааг гайхаж байна.

-Тэгэхээр тус талбайд хэдэн метр зам, хэдэн төгрөгийн зардлаар барих гэж байгаа вэ ?

-Авто замын газраас  Урт цагааны урдуур буюу баруун Сэлбийн гудамжийг Төмөрчний гудамжтай холбох 240 метр замын ажил яригдаж байгаа. Баруун Сэлбийн гудамж гэдэг нь Их дэлгүүрээс хойшоо явсан зам, Төмөрчний гудамж нь Найман шаргын валютын зах хүрэх зам юм. Энд хуучин зам байсан. Зам тавьснаар  Самбуугийн гудамж буюу Урт цагааны  хойгуурх, Энхтайвны өргөн чөлөө буюу төв замын ачааллыг эрс бууруулна гэсэн судалгааг Авто замын газрын Төлөвлөлт судалгааний хэлтэс  гаргаж захирамж баталсан. Ингэснээр жолооч нар Самбуугийн гудамж, Энхтайвны өргөн чөлөөний хөдөлгөөнд оролцолгүй шууд Тагнуулын ерөнхий газар, баруун,  зүүн тийш гарахад түгжрэлтэй төв замаар явах  шаардлагагүй болно. Энэ замыг энэ онд ашиглалтад оруулах юм.

 
 -Замын ажлын тендер зарлагдсан уу? 

-Дөрөвдүгээр сарын 16-нд тендер зарласан. Тендерийг тавдугаар сарын 16-нд нээнэ. Гүйцэтгэгч компани шалгарвал үнэлгээ хийнэ.
 -Жуулчны гудамжийг буулгаж авто зам барих гэрээ хууль ёсны байж чадах уу?

-Хууль ёсных. Тагнуулын ерөнхий газрын өмнөх хэсгийг  Жуулчны гудамж гэдэг. Энэ бол Худалдаачны гудамж юм. Энэ хэсгийг авто зам болгох ажлыг иргэд маш таатай хүлээж авч байгаа.

Т.Ялгуун 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top