ХЗДХЯ, ЦЕГ-аас хамтарсан мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

 

“Ардчилал” сонины 2012 оны тавдугаар сарын 09-ны өдрийн дугаар, “Монголын мэдээ” сонины 2012 оны тавдугаар дугаар сарын 10-ны 91 дэх дугаарт “Сайд Ц.Нямдоржийн хамар дороос тендер нэрээр олон тэрбум төгрөг зувчуулжээ" гэх төлбөртэй нийтлэл гарчээ. Нийтлэлд Үндэсний Аудитын газраас 2011 оны 4 дүгээр сард гаргасан “Хяналтын систем суурилуулах зарим төслийн хэрэгжилт” тайлангаас харахад ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудад хэрэгжүулсэн төслуүдээс албан тушаалтнууд асар их мөнгө завшсан нь тодорхой байгаа тухай бичжээ. Энэ мэдээлэл нь худал болохыг өнөөдөр ХЗДХЯ болон ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ.

 

Тодруулбал нийтлэлд дурдсан 3 төслүүдээс зөвхөн “Холбоо, хяналт мэдээллийн нэгдсэн сүлжээ” төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцан хэрэгжүүлсэн байна.

Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2007 оны 5 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан 13,5 сая ам.долларын зээлийн гэрээгээр “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Төслийг хэрэгжүүлэх зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани болон гүйцэтгэгч компанийг БНСУ-ын аж ахуйн нэгж байгууллагуудын дунд нээлттэй тендер зарлан, зөвлөх компаниар БНСУ-ын “Anse Technology” ХХК, гүйцэтгэгч компаниар БНСУ-ын “1С СМЗ” компанийг тус тус сонгон шалгаруулсан. Хууль зүй, дотоод хэргийн яам БНСУ-ын “LG СNS” компанитай ажил гүйцэтгэх гэрээнд 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан бөгөөд гэрээнд заасны дагуу 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд төслийг хэрэгжүүлж гүйцэтгэж дууссан байна.

Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөрийн 42/123/246 тоот хамтарсан тушаалаар Мэдээлэл, шуурхай, удирдлагын төвийг байгуулан ажиллаж байгаа юм.

Сангийн сайдын “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжигдэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам’’-д заасны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 2010 оны 7 дугаар сард Төслийн нэгжийг байгуулсан бөгөөд Төслийн нэгж төслийн өдөр тутмын үйл ажиллагаа хариуцан зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж байсан бол програм хангамж боловсруулах, техник хэрэгслийг худалдан авах, бэлтгэн нийлүүлэх, суурилуулалтын ажлыг гүйцэтгэгч тал хариуцан хийсэн. Иймээс худалдан авах ажиллагаанд ХЗДХЯ-ны аливаа албан тушаалтан оролцох боломжгүй бөгөөд аливаа худалдан авалт хийгээгүй гэнэ.

 

Мөн уг нийтлэлд ХЗДХЯ хариуцан хэрэгжүүлээгүй, хамааралгүй “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах систем”, “Дархан-Уул аймгийн Дархан сумын замын хөдөлгөөнийг хянах, гэмт хэрэг зөрчлийг арилгах” төслүүдийн талаар аудитын тайланд заагдсан дутагдлуудыг хамаатуулан оруулж үнэн бодит байдлыг гуйвуулсан хэрэг хэвлэлийн хурал зарлагчид онцолж  байлаа.

Энэ мэтчилнэнгээр тэрхүү төлбөртэй нийтлэлд үнэн бодит баримт байхгүй гэнэ.  Тиймээс

бодит байдлаас илт зөрүүтэй, олон нийтийг төөрөгдүүлсэн нийтлэл гаргаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэн, байгууллагын нэр хүндэд халдсан мэдээлэл гаргахгүй байхыг анхаарууллаа.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top