Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийг анхааралдаа авах шаардлагатай

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 11

   Өнөөдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн хорооны гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл Улаанбаатар хотноо улс төр мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

     Уг хуралд 213 орон тоог 148 болтол, 173 орны тоог 140 болтол цомхтгосон явдалд эмч, эмнэлгийн ажилтнууд бухимдаж байгаагаа мэдэгдсэн юм. Аймгийн нэгдсэн эмнэлгийн ажлын ачаалал сүүлийн арван жилд эрс нэмэгдэж эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмж, хуваарилалт хангалтгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа аж.

     Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн 180 эмч, ажилтнууд Дорноговь аймгийн 60500 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа боловч хоёрдугаар шатлалын эмнэлгийн байх ёстой стандартаас 56 орон тоогоор дутуу үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна.

    Стандартаар байх ёстой орон тоо нэмэгдэхгүй байгаагаас ажлын ачаалал ихэсч эмч, эмнэлгийн ажилтнууд цалин урамшуулалгүйгээр илүү цагаар ажилладаг байна. Энэ нь Монгол улсын  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг  ноцтойгоор зөрчиж эмнэлгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм.

 Иймээс Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, тойргоос сонгогдсон УИХ-ийн гишүүн Я.Батсуурь, Ж.Батсуурь, Засаг дарга П.Ганхуяг, Эрүүл мэндийн газрын дарга Энхцэцэг болон Засгийн газар, Сангийн яаманд шаардлага хүргүүлээд байгаа аж.

     Хэрэв уг асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд шат дараалсан тэмцэл явуулж, шаардлагатай бол аймгийн ЭМГ, ЭМЯ-нд жагсаал цуглаан, суулт, ажил хаялт хийхээ албан ёсоор мэдэгсэн юм.

Д. Шинэбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top