Монголын хууль 90 настай эмгэнд л “яс үйлчилнэ”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 10

   Монголын хууль мөнгөтэй хүнд үйлчилдэггүй. Энэ өгүүлбэр бараг л монгол ардын хэлц үг болтлоо хүмүүсийн оюун санаанд хоногшсон гэхэд хилсдэхгүй. Үнэн гэдгийнх нь нотолгоо улс төр, нийгмийн хүрээнд болж буй үйл явдлуудаас илт харагдана.

     Харин эсрэгээрээ  мөнгөгүй, танил талгүй, овсгоо зальгүй, ядарсан хүүхэд хөгшдөд бол ёстой “үйлчлэх” шиг болно.

     Саяхны нэгэн амралтын өдрөөр удаан уулзаагүй байсан найзындаа очиж жаал хууч хөөрч суулаа. Ээж нь гээд 90 гаруй настай эмээ байдаг юм. Найз маань ажлаасаа гараад ээжийгээ асарч байгаа гэнэ.  Дээр нэг очиход эмээ овоо гайгүй байсан, одоо харин нилээн дордсон харагдана. Чих нь огт сонсохоо больж, нүд нь аргаж хуурайшин байнга хиймэл нулимс дусаана.  Өндөр наснаас шалтгаалж өтгөн, шингэн нь жамаараа гарахаа байж тогтмол эм хэрэглэдэг болжээ. Ажилгүй, цалингүй болоод ирэхээр үргэлж эм худалдаж авна гэдэг найзын маань хувьд нилээн асуудалтай болж иржээ.

     Гэтэл нэг танил нь өндөр настнуудад улсаас эм тарианы мөнгө гэж улиралд нэг удаа цөөхөн хэдэн төгрөг өгдөг тухай дуулгаж. Тэгээд хороон дээрээ очоод лавлатал баахан материал бүрдүүлэх шаардлагатай гээд дүүргийн эмнэлэгийн хурлаар орж тэртэй тэргүй өвчтэйг нь эмч нар мэддэг тул шийдвэр нь ч амархан гарч бүрдүүлсэн бичиг баримтаа хорооны нийгмийн ажилтан залууд өгсөн байна.  Удалгүй  гэрээр нь ирж үзэх ёстой байдаг хэмээн хорооны 2 ажилтан ирж эмээг хараад явсан юм байх. Тэгээд хэд хоногийн дараа хороон дээрээ яваад очтол дүүргийн халамжийн хурлаар ороод таны материал дэмжигдсэнгүй ээ гээд материалыг нь буцаагаад өгчээ. Учрыг лавлатал,  халамжийн хуулиндаа нам хэвтрийн хүнд олгох ёстой байтал эмээ харин орон дээрээ шомбойгоод сууж байсан гэнэ.  Ингээд хуулийн заалт зөрчсөн учраас  эм тарианы таван төгрөг авах “будаа”. Үнэхээр өчүүхэн, инээдтэй хууль шүү.  

    Тэр үед хороон дээр юм хөөцөлдөж ирсэн бололтой хэдэн галзуу авгайчууд үүнийг сонсоод  шаагилдан “ Энэ дарга нар ийм зэвүүншдээ, өөрсдөө идэж уух болохоороо өчнөөн сая, тэрбумаар нь цусалдаг байж, өнөө маргаашгүй үхэх гэж байгаа эмгэнээс эм тарианы таван төгрөг харамлаад байхдаа яахав дээ” гээд л бөөн юм болж. Найзыг маань жаахан гомдолтой маягтай зогсоод байхаар хорооны нэг ажилтан “Та дүүргийн халамжийн хурал дээр очоод бүгдийг нь юу ч гүй загнаад хаячих, одоо чинь хэн хэлтэй амтай, хэрүүл тэмцэл хийдэг нь юм олж долоодог болсон цаг” хэмээн маш “үнэтэй” зөвлөгөө өгч байна гэнэ. Гэтэл манай найзын хувьд тэгж хэрүүл хийж явах байгалиас заяасан авьяас ч байхгүй, тийм совесть, суурь хүмүүжил ч суугаагүй хүн болохоор яаж чадах вэ дээ.

      Зөвхөн энэ тохиолдлоос л харахад монголын хууль хичнээн уян хатан биш, хөгийн “цоорхойтой”, зальтай зайтай нь яаж ч ашиглаж болдог, доожоо муутай “донгиодуу” нь хаягдаж хохироод үлддэг, иймэрхүү л зураглал харагдаж байна.

   Хууль маань хэзээ төгс төгөлдөр болж, ард олноо алагчлахгүй үйлчилдэг болох юм болоо?

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top