Б.Цэрэндорж: Төрийн олигарихуудад хэдэн хүний амь нас, цус, нулимс хэрэгтэй юм бэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардсан иргэд өчигдөр  15:00 цагт “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний өмнө хуурай өлсгөлөн зарласан.  Анх таван хүн байсан бол  өнөөдөр 15:00 цаг гэхэд арван  хүн  болжээ.

 Тэд “ Зохиомол хэрэг үүсгэн улс төрийн хүчнийг хэлмэгдүүлж байна.Н.Энхбаярыг нэн даруй сулла. Хэлмэгдүүлэлтээ зогсоо” хэмээн шаардаж байсан юм. Мөн төрийн гурван өндөрлөгт хүргүүлэхээр Н.Энхбаярыг суллуулахыг шаардаж иргэдийн гарын үсгийг цуглуулж байв. Цаг хүрэхгүй хугацаанд 175 хүний гарын үсэг  хэдийнэ зуруулж чадсан байв. 

 Энэ үеэр өлсгөлөн зарлаж байгаа иргэдийн төлөөлөл  Б.Цэрэндоржтой  ярилцлаа.

   - Өлсгөлөн зарласнаас хойш  бие тань гайгүй юу?

 - Миний биенээс илүү Монголын нийгэм  эрүүл саруул шударга  байх хэрэгтэй байна шүү дээ. Түүний  төлөө бид  энд сууж байна. Өнөөдөр өлсгөлөн зарлачихаад байгаа нь 10 хүн болохоос  олон мянган хүн МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж бас бухимдаж байна.

-Та нар  бүгд МАХН-ын гишүүн үү? Яагаад өлсгөлөн зарлах болов?

Үгүй ээ. Бид бүгд МАХН-ын гишүүн бус. “Бид  Н.Энхбаярыг Монгол улсын Ерөнхийлөгч байсан гэдгээр бус Монгол улсын иргэн хүн  гэдгээр нь дэмжиж байгаа. Мөн  төр засаг шударга  энэрэнгүй байж  иргэнийхээ амь насыг бодоосой гэсэндээ энд сууж байна. Энэ их хатуу харгис нийгэмд  бид эх оронгүй болчих вий гэж айж  байна. Ээж, эхнэр  энэ бүхнийг телевизээр хараад уйлаад байхаар чимээгүй  гэртээ суугаад  байж чадсангүй.

 Энд байгаа хүмүүс бол  төрийн тэргүүн байсан хүнээ золбин нохойноос ч дор үзэн дамжлаад аваад явж байгааг хараад  өлсгөлөн  зарласан  жирийн иргэд.

-Өлсгөлөн  зарлаж эхлээд 20 гаруй цаг боллоо. Энэ хугацаанд ямар хүмүүс та нартай ирж уулзсан бэ?

-Одоогийн байдлаар биднийг эргэж тойрсон хүн алга.

-Эмнэлэгийн  хяналтанд орсон уу ?

-Үгүй. Уг нь өлсгөлөн  зарлагчдын гэдэс дотрыг цэвэрлэх ёстойг  найман настай балчраас наян настай буурай хүртэл мэддэг баймаар. Гэтэл биднийг эргэж тойрч, эрүүл мэндэд анхаарал хандуулж байгаа хүн огт алга.

-Та яагаад  гинжтэй байгаа юм бэ?

-Дээр хэлсэнчлэн улсынхаа Ерөнхийлөгч байсан хүнийг золбин нохой мэт аваад явж байхад энгийн иргэн биднийг бол өшиглөөд аваад явах  биз.  Өчигдөр орой ч тэр цагдаа нар биднийг тараахыг завдсан. Тиймээс би “Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс өөрийгөө гинжлэн цоожилсон юм.  Ийм байхад аваад явчихгүй байлгүй. Н.Энхбаяр шоронгоос бичсэн захидалдаа  “Би айхгүй байна” хэмээн бичсэнчлэн “Би айхгүй байна. Шударга  үнэний төлөө үхэхээс ч айхгүй байна. Би энд ирэхээсээ өмнө гэрээслэлээ бичсэн.

-Өчигдөр тавуулаа эхэлсэн өлсгөлөн одоогийн байдлаар арвуулаа болсон байна?

-Өчигдөр 15:00 цагт өлсгөлөнгөө тавуулаа эхэлсэн бол орой зургаан хүн болж хоносон. Өнөөдөр дөрвөн хүн нэмэгдээд арвуулаа болчихоод л сууж байна. Одоо нэмэгдэж хоёр хүн эмнэлэг эмчилгээгээр яваад ирье гэсэн байгаа. Энэ тоо ч цаашдаа нэмэгдэх хандлагатай байна. Ер нь энэ төрийн олгарихуудад хэдэн хүний амь нас, хэдэн хүний цус, нулимс  хэрэгтэй байгаа юм бэ? гэж асуумаар байна.  Бид  эх орныхоо төлөө үхсэн ч бэлэн байна.  

Т.Ялгуун

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top