Гал түймрийн нөхцөл байдлын тухай ОБЕГ-аас мэдээлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн өглөөний мэдээгээр Дорнод аймгийн Баяндун сумын “Шивэртийн-Ам” гэдэг газар 5 дугаар сарын 6-ны өдөр гарсан хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлгийн дарга дэслэгч Ч.Намжилдашаар ахлуулсан бүлэг 5 дугаар сарын 8-ны өглөөний 06:15 цагт ОХУ-ын хил дагуу цурманд оруулан ажиллаж байсан. Энэ өдрийн 15:30 цагт салхины чиглэл өөрчлөгдөн эргэж, түймэр унтрааж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч (онцгой байдлын дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлагч С.Бат-Эрдэнэ) амь үрэгдсэн, 2 албан хаагч (онцгой байдлын ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх) түлэгдсэн тухай мэдээлэл ирсэн учраас Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Улсын Онцгой комисст танилцуулсны дагуу нөхцөл байдлыг шалгаж тодруулах, түлэгдсэн 2 аврагчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Намсрайгаар ахлуулан Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Я.Ишжамц, мөн хэлтсийн мэргэжилтэн хурандаа Х.Мөнхжаргал, Түлэнхийн төвийн эмч н.Галбадрах, 2 сувилагчийг МИ-171Е загварын нисдэг тэргээр 18:00 цагт Дорнод аймаг руу явууллаа. Түлэгдсэн 2 албан хаагчийг нисдэг тэргээр зөөвөрлөн Улаанбаатарт авчран эмчлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. ЭМГЭНЭЛ ЧУЛУУНБААТАРЫН НАМЖИЛДАШ (1974-2012) Чулуунбаатарын Намжилдаш нь 2012 оны 5 дугаар сарын 8-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт түймэр унтраах ажилд бүлгийн даргын албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдэж бид бүхэнд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Онцгой байдлын дэслэгч Ч.Намжилдаш нь 1974 онд Дорнод аймагт төрсөн. 1982-1992 онд Дорнод аймгийн нэгдүгээр дунд сургууль, 2001-2004 онд МУБИС-ийн харьяа Дорнод аймаг дахь Багшийн коллеж, 2007-2009 онд Дорнод дээд сургуулийг тус тус төгссөн. Тэрээр 1992-2009 онд Дорнод аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбар, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Онцгой байдлын хэлтэст аврагч, шүхэрчин-гал сөнөөгч, 2009-2011 онд мөн хэлтсийн Аврах отрядад бүлгийн дарга, 2011 оны 10 сараас өнөөг хүртэл Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарт бүлгийн даргаар ажиллаж байлаа. Ч.Намжилдаш нь Онцгой байдлын албанд ажилласан 16 жилийн хугацаанд албандаа үнэнч байж онцгой байдлын ахлагчаас офицерын албан тушаалд дэвшиж хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг офицер байсан билээ. Онцгой байдлын дэслэгч Ч.Намжилдаш нь ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон эх болсон Монгол орныхоо байгаль дэлхийг гамшгийн аюулаас авран хамгаалах үйлстээ цаг ямагт амжилт гаргасан эх орны хүү байсан юм. Тэрээр гамшиг ослын дуудлагаар 1989 удаа үүрэг гүйцэтгэж Дорнод аймгийн 14 сум, Хэнтий аймгийн 6 сум, Хөвсгөл, Завхан, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд 69 удаа 258 хоног ажиллаж, нийт 20 хүний амь нас, 58 айлын гэр, 68 хашаа саравч, 12350 гаруй мал сүрэг, 1400000 га газар нутгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж, сум галт хэрэгслийн дуудлагаар нийт 34 удаа ажиллаж, тэсэрч дэлбэрэх аюултай 425 сум галт хэрэгслийг аюулгүй болгож устган хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм. Ч.Намжилдаш нь 2008 онд Онцгой байлын албаны төлөө 3-р зэргийн тэмдэг, 2011 Онцгой байдлын албаны төлөө 2-р зэргийн тэмдгээр шагнагдсан байна. Түүний төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж албаныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн бахархалтай олон үйлс нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР, ДАРГЫН ЗӨВЛӨЛ, НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС, ХАМТ ОЛОН ЖИГМЭДДОРЖИЙН ОДБАЯР (1985-2012) Жигмэддоржийн Одбаяр нь 2012 оны 5 дугаар сарын 8-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт түймэр унтраах ажилд албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдэж бид бүхэнд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Онцгой байдлын ахлагч Ж.Одбаяр нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993-2003 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 44 дүгээр дунд сургууль, 2003-2004 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг тус тус төгссөн. Шүхэрчин аврагч мэргэжилтэй Онцгой байдлын албаны шилдэг албан хаагчдын нэг байлаа. Тэрээр 2004-2005 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид аврагч, 2005 оноос Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарт аврагчаар ажиллаж байлаа. Ж.Одбаяр нь 19 настайгаасаа ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон эх болсон Монгол орныхоо байгаль дэлхийг гамшгийн аюулаас авран хамгаалах үйлсэд бүхий л ухамсарт амьдралаа зориулсан эх орны хүү байсан юм. Ж.Одбаяр нь маань хийе бүтээе гэсэн чин эрмэлзэл дүүрэн үеийнхэндээ үлгэр дууриалал болсон нэгэн байлаа. Тэрээр алдар амжилт хоёрын аль алинд нь үл гологдох 27-хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч хийсэн ажилтай, бүтээсэн үйлстэй Онцгой байдлын албаны шилдэг албан хаагч байсан юм. Тэрээр Дорнод аймгийн 13 сум, Хэнтий аймгийн 4 сумын нутагт гарсан 64 удаагийн ой, хээрийн түймэр унтраах ажилд 120 гаруй хоног томилогдон ажиллахдаа 14 хүний амь нас, 26 айлын гэр, олон зуун мянган мал сүрэг, байгалийн баялаг, бэлчээр нутгийг түймрийн аюулаас авран хамгаалсан билээ. Мөн сум галт хэрэгсэл аюулгүй болгох дуудлагад 11 удаа явж, тэсэрч дэлбэрэх аюултай 76 сум, галт хэрэгслийг аюулгүй болгон устгаж, хавтанд дарагдсан ослын дуудлагаар ажиллаж, 2 хүний амь насыг аварч, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Ж.Одбаяр нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт, эргүүл хяналтын ажлыг давхардсан тоогоор 1600 гаруй удаа хийж, 3600 гаруй хүнд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Тэрээр 2008 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнагдсан байна. Түүний төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, албаныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн бахархалтай олон үйлс нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР, ДАРГЫН ЗӨВЛӨЛ, НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС, ХАМТ ОЛОН СҮХБААТАРЫН БАТ-ЭРДЭНЭ (1984-2012) Сүхбаатарын Бат-Эрдэнэ нь 2012 оны 5 дугаар сарын 8-нд Дорнод аймгийн Баяндун сумын нутагт түймэр унтраах ажилд албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдэж бид бүхэнд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Онцгой байдлын ахлагч С.Бат-Эрдэнэ нь 1984 онд Дорнод аймагт төрсөн. 1992-2002 онд Дорнод аймгийн 10 жилийн 12 дугаар дунд сургуулийг төгсөж, 2005 оноос өнөөг хүртэл Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарт аврагчаар ажиллаж байлаа. С.Бат-Эрдэнэ нь Онцгой байдлын албанд 7 жил ажиллах хугацаандаа ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон эх болсон Монгол орныхоо байгаль дэлхийг гамшгийн аюулаас авран хамгаалах үйлсэд бүхий л ухамсарт амьдралаа зориулсан эх орны хүү байсан юм. С.Бат-Эрдэнэ маань хийе бүтээе гэсэн чин эрмэлзэл дүүрэн үеийнхэндээ үлгэр дууриалал болсон нэгэн байлаа. Тэрээр алдар амжилт хоёрын аль алинд нь үл гологдох 28-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч хийсэн ажилтай, бүтээсэн үйлстэй Онцгой байдлын албаны шилдэг албан хаагч байсан юм. Тэрээр Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Халхгол, Матад зэрэг 13 сумдад гарсан 34 удаагийн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд 122 хоног үүрэг гүйцэтгэхдээ 14 иргэний амь нас, 26 айлын гэр, 18 хашаа, саравч, олон мянган толгой мал, 4 сая гаруй га бэлчээр нутгийг түймрийн аюулаас авран хамгаалан байгалийн баялаг, бэлчээр нутгийг түймрийн аюулаас авран хамгаалсан. Мөн сум галт хэрэгсэл аюулгүй болгох дуудлагад 11 удаа явж, тэсэрч дэлбэрэх аюултай 76 сум, галт хэрэгслийг аюулгүй болгон устгаж, хавтанд дарагдсан ослын дуудлагаар ажиллаж, 2 хүний амь насыг аварч, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Тэрээр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт, эргүүл хяналтын ажлыг давхардсан тоогоор 1400 гаруй удаа хийж, 3200 гаруй хүнд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. С.Бат-Эрдэнэ нь 2010 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнагдсан байна. Түүний төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, албаныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн бахархалтай олон үйлс нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР, ДАРГЫН ЗӨВЛӨЛ, НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС, ХАМТ ОЛОН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top