Жуулчны гудамжийг авто зам болгох шийдвэр гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 09

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Урт цагаан буюу Жуулчны гудамжны үйл ажиллагааг зогсоож авто зам барихаар энэ оны хоёрдугаар сарын 6-нд А66 тоот захирамж гарчээ. Тиймээс энд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор нүүхийг Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Ш.Сүхбаатарын гарын үсэгтэй шаардах хуудас ирсэн байна.  Урт цагааны гудамжинд хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэж буйгаа өнөөдөр илэрхийлэв. Хамгийн гол нь тэд Урт цагаан дахь  ажлын байрнаасаа  нүүгээд хаана үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байгаа аж.  Тиймээс ажиллах байршлыг олж өгтөл Урт цагааны гудамжнаас нүүхгүй гэдгээ хэллээ.

Энэ гудамжинд  20 орчим жилийн өмнө авто зам байсан хэдий ч цэвдэг ихтэй мөн борооны ус ихээр тогтдог учир Жуулчны гудамж болгож. Ингээд сүүлийн гурван жилийн дотор 170 сая төгрөгөөр тохижуулсан байна. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий  зам барих зөвшөөрөл өгсөн гэнэ.

Өрхийг амьжиргааг дээшлүүлэх “Сара” нийгэмлэгийн тэргүүн, павилон түрээслэгч А.Ариунжаргал  “Бид 2009 оноос хойш ажлын байртай болох мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авах гэж  Засаг дарга, яам, агентлагийн дарга нарт хүсэлт гаргахад хэн ч туслаагүй. Хувиараа дээл, хувцас, гутал хийж өнгөрсөн оны аравдугаар сараас Урт цагааны давхар түрээслэгч болж ажиллаж эхэлсэн.  Гэтэл 2012 оны гуравдугаар сарын 1-нээс тогтоол гарч шаардах хуудас ирсэн юм. Бид  нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Авто замын газрын дарга Д.Од нарт  албан бичиг явуулсан боловч өнөөдрийг  хүртэл хариу өгөөгүй байна” хэмээн ярьлаа. Мөн  25 павилон түрээслэгчийн цаана 25 айл өрхийн амьдрал, эрх ашиг яригдаж байгааг үл тоон суугаа холбогдох албаныханд тэд ийнхүү үгээ хүргэхийг хүсчээ.

Т.Ялгуун  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top