Сэтгэл гутрал амиа хорлоход хүргэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08


 Хүмүүн заяаг олж энэ хорвоод мэндлэнэ гэдэг ховорхон тохиох аз.  Гэтэл хоромхон зуурын сэтгэл хөдлөлд автан амиа егүүтгэх  явдал цөөнгүй гарах боллоо.  Улсын хэмжээнд өдөрт 1-2 хүн амиа егүүтгэдэг бөгөөд өнгөрсөн онд 512 хүн амиа хорложээ. Үүнээс 50 гаруй нь бага насны хүүхдүүд байсан байна.

Амиа хорлож буй  шалтгааныг мэргэжилтнүүд олон янзаар  тайлбарлаж байгаа ч хамгийн түгээмэлд  сэтгэл гутрал оржээ.  Энэ нь насанд хүрэгсэдээс гадна бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд  амиа хорлох үндсэн шалтгаан болж байгаа гэж судлаачид дүгнэсэн байна. Амьдралд нийтлэг тохиолддог стресс, түгшүүрийг хэвийн хүлээж авч чадалгүй  өөрийгөө азгүйд тооцох, санаагаар унах зэрэг нь уг  өвчлөлийг хүндрүүлэх гол нөхцөл болдог.  Энэ нь  хэвийн байгаа үедээ  ихэд сэтгэл гутарч гэнэтийн огцом шийдвэр гаргана гэсэн үг.Нийгэм хөгжихийн хэрээр хүүхдүүдийн хувьд ч  багагүй өөрчлөлт гарч байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулах боллоо.  14-16 насныхан өсвөр насныханд тооцогддог байсан бол одоо 12-13 насныхныг энэ ангилалд оруулдаг болжээ.  Хүүхэд ч гэсэн томчуудтай адил стрессд ордог. Бусад хүүхдүүдийг дуурайж тэдэнтэй адилхан зүйлийг эдэлж хэрэглэхийг хүсдэг ч  эцэг эхчүүд нөхцөл байдлыг  ойлгож тэдэнтэй ярилцдаггүйгээс гадна  гэр бүлийн халуун дулаан орчин эцэг эхийн хайр халамж  ихээр дутагддаг  нь амиа хорлох нэг  шалтгаан болж байна.  Мөн гэр бүлийн байнгын хэрүүл маргаан, найз нөхдийн дарамт шахалт, өсвөр насныхны дунд түгээмэл тохиолддог үерхэл нөхөрлөлийн асуудал ч багагүй нөлөөлдөг аж.

 Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top