Нийтийн тээврийг хөгжүүлэхээр 220 сая ам.доллар зээлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 08

Улаанбаатар хотын хойноос урагш мөн баруунаас зүүн тийш, цаашлаад Нисэх-Яармагийн чиглэлд нийт 64.5 км замд тусгай зориулалтын автобус /трамвай/ үйлчлэх бүтээн байгуулалтын зээлийн хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороод хэлэлцсэн байна. Уг хэлэлцээрийн дагуу “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр зорчигчдын нийтийн тээвэрт зарцуулах хугацаа 20-40 хувиар буурна гэж тооцжээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр ёсоор Азийн хөгжлийн банкнаас 220 сая ам.доллар зээлэх бол Засгийн газраас 57 сая ам.долларыг гарган 2019 хүртэлх долоон жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Харин УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны үеэр дээрх зээлийн хөтөлбөрийг 2012-2017 онд багтаан цагийг наашлуулах хэлэлцээрийг энэ ондоо багтаан байгуулж, хөтөлбөрийг даруй эхлүүлэх, Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага бодлогын баримт бичигт нийцүүлэх, тусгай замын цахилгаан автобусыг Монголд угсрах гэсэн ажлын хэсгийн саналыг УИХ-ын гишүүд дэмжиж байлаа. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын зарим гишүүн нийтийн тээврийг сайжруулах ажилтай хамт метро барих ажлыг давхар эхлүүлэх шаардлагатай, гүүрэн буюу агаарын зам барих судалгааг даруй эхлүүл гэсэн санал гаргав.

А.ТӨМӨР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top