УИХ-ын Тамгын Газрын ажилтнууд Стортингетэд зочлоод ирэв

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж тэргүүтэй ТГ-ын ажилтнууд Норвегийн Вант улсын Парламентын Тамгын газарт ажлын айлчлал хийгээд ирлээ.

Норвегийн Стортингет буюу Парламент нь манай УИХ-тай 1997 оноос эхлэн харилцаагаа хөгжүүлж эхэлсэн түүхтэй бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллагуудын шугамаар ажлын болон танилцах айлчлал, аялал хэдэнтээ хийгдэж ирсний нэг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын эхний өдрүүд хүртэлх энэ айлчлал байв.

Айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Норвегийн Стортингийн хурлын нээлтийн ажиллагаатай танилцаж, Парламентын Тамгын газрынх нь ерөнхий бүтэц болон хэлтэс, албадын ажил үүргийн талаарх танилцуулгыг газар дээр нь үзэж сонирхсон. Түүнчлэн Парламентын чуулганы танхим, байнгын хорооны танхим, тэдгээрийн техник хангамжтай танилцсан юм.

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Норвегийн Стортингийн ICT болон Парламентын гишүүдийн техник хангамжийн талаарх танилцуулгыг мөн үзэж сонирхохын зэрэгцээ Байнгын хороодын ажлын албаны үйл ажиллагаатай биечлэн танилцсан.

Айлчлалын үеэр манай төлөөлөгчид Стортингийн телевизийн студийн талаар сонирхолтой мэдээлэл сонсож, Парламентын Омбудсмений илтгэлд анхаарлаа хандуулсан юм.

Хоёр орны Парламентын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны арга хэмжээ 2006 оноос хойш зургаан жилийн дараа дахин үргэлжилж буй нь энэ бөгөөд УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж айлчлалын үеэр Норвегийн вант улсын Стортингетийн Ерөнхийлөгч ноён Dag Terje Andersen-тэй уулзаж ярилцлаа.

УИХ-ын Тамгын Газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Байнгын хороодын ажлын албаны дарга Д.Одсүрэн, Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн дарга Г.Чиндэгсүрэн болон бусад ажилтнууд багтсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top