ХӨРӨГ I Халхын их өндөр

2 цагийн өмнө

Дөтгөөр зэрэг жинс, хөх отго шагнасугай...

Цагаагчин гахай жил /1911 он/ уртаас урт налгар намар болов. Арваннэгдүгээр сарын хорьдын орчимд л сая өвлийн тэргүүн сар гарчээ. Тэр жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд /1911 оны арванхоёрдугаар сарын 29/ эртний түүхт Монгол Улсад үүлэн чөлөөний нарнаар од шүүрэх боломж олдов оо. Мөнхүү өдөр монголчууд тэнгэрээс тэтгэсэн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан билээ. Улсаа сэргээн тунхаглан зарласан өдөр тун тохитой дулаахан байсан тухай түүхэн эх сурвалжид хадагдан үлдэв. Тэнгэр тогтуун, бүртийх үүлгүй, алтан наран түгээмэл мандаж гэрлээр гийгүүлсэн, Хүрээний гудамжаар ов товхон цастай тийм л сайхан өдөр манжийн урт удаан дарлалаас салсан монголчууд улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулснаа түмэнд зарлаж, VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа төр, шашныг хослуулах барих хэмжээгүй эрхт Эзэн хаанаар өргөмжилж, морин цагт эрдэнийн ширээнд нь залан хөлгүй баярт умбах хувьтай байжээ. Улсынхаа нэрийг Монгол, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээв. Богдын хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрийдэв. Төрийн сүлд дуулал “Зуун лангийн жороо луус”-аа эгшиглүүлэв.

Энэ хэр Дэчингалавын хийд буюу Шар ордон хөл хөөр ихтэй. Ордны  зэргэлдээ арван найман ханат, улаан халзат дүнхгэр цагаан өргөө гэр барин “Монгол төрийн тугдам өргөө” хэмээн нэрийдэж, өмнөх уудам талбайд халх дөрөв, шавь таван аймаг хийгээд басхүү өмнөд Монголоос ихэс дээдэс, хутагт, хувилгаад залран ирж, бүгд ямба ёслолын хувцсаа асаан морилжээ. Шар ордны өмнө нүд эрээлжилж, толгой эргэм олон хүн цугларсан байжихуй. Морин цагт их ёслолыг Да лам Цэрэнчимэд удирдан эхлүүлж, Чин ван Ханддорж Богд хааны титэм, тамгыг өргөн залав.

Хөл тавих зайгүй шахам цугларсан ноёд, түшмэд, лам, хар, эр, эм, хүүхэд багачууд бүхний дундаас ер бусын нэгэн өндөр эрхэм газрын хаанаас ч харагдах нь нэн содон ажээ. Хурсан олны дундаас, бүр тугдам өргөөний цаанаас мөнөөх эрийн толгой шоволзож харагдах. Элдвийг үзүүлдэг Ший янгууны жүжигчдийн нэг өндөр модон хөл дээрээ зогсож буй юм болов уу гэж саналтай.  

Тэр сацуу Төрийн тугдам өргөөнөө Наймдугаар Богд гэгээнтнийг эрдэнийн хаан ширээнд залах ёслол үйлдэж, хэмжээгүй эрхт эзэн хааныг өргөмжлөх айлтгалыг Сайн ноён хан Т.Намнансүрэн нийтэд сонордуулан, мөнхүү Таван яам бүхий  Засгийн газар байгуулсныг зарлав аа.

Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай нарыг томилсныг тийнхүү сонордуулж Чин ван Ханддорж, Түшээт гүн Чагдаржав тэргүүлэн сайд нар ээлж дараалан хадаг дээр залсан төрийн тамгыг хүндэтгэн хүлээж авав. Гагцхүү Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг л жил шахмын дараа 1912 оны наймдугаар сард байгуулан сайдын албанд халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг тохоон томилсон бөлгөө.
 


Хаантай бол хаантай, төртэй бол төртэй тусгаар улсаа сэргээсэн их ёслолд оролцсон бүхэн баяраар бялхаж, баруун өвдөг дээрээ сөгдөн есөнтөө мөргөжээ. Хол нутгийн зон олон Хүрээний зүг сүү өргөн мөн л гэр гэрийн үүдэнд сөгдөн ёслох авай.

Засгийн газар байгуулж сайд нарыг томилохоор ар араас нь хөврүүлсэн зарлигуудын хойно Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөгдсөнийг дашлуулан Богд хаанаас хишиг тархаах зарлиг буулгавай. Эрт дээр, Эзэн Чингис хааны үеэс ялан мандах цаг бүрд гавьяа хүртэх хүмүүст хишиг тархаах зарлиг буулгаж ирсэн ёс уламжлалыг ийнхүү дагав.  

Зарлиг дуудах албыг эрхлэх түшмэл өндөр дуугаар “...Шашныг мандуулж, амьтныг жаргуулагч Олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн, шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны зарлиг аа” хэмээн эхлээд хоолой засаж, залгуулан “Би олны өргөмжлөхийг хүлээж Монгол Улсын хаан сууринд суусан нь бурхны шашныг буман нарны гэрэл мэт хиргүй мандуулан, хаан төрийг сүмбэр уул мэт бат болгож, олон монгол албатыг үүрд энх түвшний соёлд учруулахыг үргэлжид шимтэн хичээхийн дээр ялангуяа танай олон хан, ван ноёдоос дараалан түмэн албатад хүртэл төв шударга хичээнгүй үнэнийг сүслэн эрхэмлэж, бүгд нэгэн сэтгэлээр шашин, төрд сайнаар зүтгэхийг тус тус ухуулан хишиг тархаах Зарлиг буулгасан нь” хэмээн нэрсийг дуудахад хааны хишиг хүртэн цол, зэрэг нэмэгсэд дэс дараагаар цувран очиж Богд эзэн, төрийн сүлдэд сөгдөн ёслож бүхийн дотор мөнөөх олноос онцгой, цугларсан түмний дундаас ер бишийн содон өндөр эрхэм байх ажээ.  

“Сангийн дарга Хөнхөр /Гонгор/ начинд дөтгөөр зэрэг жинс, хөх отго шагнасугай...

Их баяр бүрдсэн Шинийн есний сайн өдөр өө” /МУҮТА ХА-6, Д1, ХН-511, Б-4/ гэхүй дор мөнөөх гоц эр олны дотроос урагш гаран мэхийж, хишиг соёрхлыг хүндэтгэн авч, дорогш сөхрөн мөргөхүйд, хэдий сөгдөвч зогсоо хүний дайтай харагдах нь нэн сонихон. Тэр бол халх даяар Өндөр хэмээн алдаршсан Пүрэвийн Гонгоржав байлаа.

Мөнхүү өдөр нийслэл хүрээнд юу болж өнгөрснийг баяр ёслолд биеэр байж, тэмдэглэн үлдээсэн Норвегийн аялагч Оскар Мамен "Зүүнш зорчсон нь" хэмээх аяллын тэмдэглэлдээ бичихдээ “…Богд хааныг хаан ширээнд залах түүхэн ёслол арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохиов. Өмнөх өдрүүдийг бодвол цаг агаар дулаахан, таатай сайхан бөгөөд миний хувьд мартагдашгүй нэгэн өдөр болж билээ. Бид ноён Ларсон, Алмблад нарынд очоод, тэндээсээ дөрвүүл мориндоо мордож, баруун хотын алтан оройт хийдийн урд талын том задгай талбайд өглөөний арван цагийн үед хүрэв.

...Хоорондоо нэг дэлэм орчим зайтай, мөр зэрэгцэн жагссан цэргүүд цөмөөр мориноос бууж, цулбуураас нь хөтөлсөн байх бөгөөд хоёр жигүүрийн энд тэнд төвөд болон монгол бичээстэй цэргийн туг өргөжээ.

...Асар том шар тугийн архан талд хоёр дугуйтай, хятад маягийн дээвэр, хэв загвар бүхий гоёмсог жууз сүйхэнд Богд хаан морилох бөгөөд жуузыг тал бүрээс нь тод шараар өнгөлжээ. Жууз тэргийг хэдэн морьтой лам нар залж явах бөгөөд мөн тэрэгний арлаас шар дээсээр бэхэлсэн хөндлөн дамнуурыг хоёр талд нь тус бүр дөрвөн лам эмээл дээрээ дүүрсэн байв. Богд хааны жууз тэрэгний чанх ард басхүү адилхан сүйх тэрэг явах бөгөөд мөн л лам нар залж яваа харагдана. Энэхүү сүйх тэргэнд эдүгээ хатан болоод зогсохгүй их дагинаар өргөмжлөгдсөн хааны гэргий морилох ажээ. Энэ хоёр сүйх ойртон ирэхэд зам хамгаалж зогссон цэргүүд сөгдөн сууцгааж, тэрэг цааш зуу орчим дэлэм газар холдоход босоцгооно. Хаан эзний хоёр тэрэгний архан талд шар, хүрэн өнгийн хувцастай хэсэг бөөн лам, дагаад өөр өөр туг намируулсан цэргийн ангиуд ар араасаа орж ирэв.

...Орой болоход хийдийн гадаа гурвантаа буун дуу гарсан нь цэргүүдэд бэлэн байх дохио өгч байгаа бололтой байв. Хагас цагийн дараа ямар шалтгаанаар юм бүү мэд буун дуу дахин гурвантаа гарч, хэсэг чимээгүй байснаа хоёр дахь удаагаа дахин гурвантаа буудав. Нар баруунтаах уулын цаагуур хэвийж, харуй бүрий болох цагт ёслолын жагсаал ирсэн дарааллаараа хийдээс хөдөлсөн бөгөөд энэ удаад нэлээд хурдавтар ордны зүг жолоо залав. Ийнхүү 1911 он, мөн Монголын хувьсгалын эхний үе шат өндөрлөв. Энэ хүртэл миний бичсэн бүхэн бидний Өргөөд нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйл мөн билээ” хэмээжээ. Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан их баяр үдшийн бүрий тасартал тийн үргэлжилжээ.

Энэ их баяр ёслолын нүргээн дунд олноо “Өндөр” хэмээн алдаршсан Богдын Их сангийн даамал Пүрэвийн Гонгоржав начин тийн дөтгөөр зэрэг жинс, хөх отго шагнуулав аа. Ийм зэрэг дэвээр шагнуулсан түшмэл хүрэмний ар, өвөр хийгээд мөрөн дээрээ “Чандмань эрдэнэ” тэмдэг бүхий хэргэм зэрэг, ямбыг илтгэх фүз тэмдэг хадаж, малгайн оройд номин хөх өнгийн битүү болор жинс зүүж явах бөлгөө.  
 


Горзгор хүү Богдод өргөгдсөн нь

Пүрэв дархных Далай Чойнхор вангийн хошууны Тулт, Багабулагаар нутаглана Халхын Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошууны харьяа, өдгөөгийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гуравдугаар баг, Тосон, Багабулагийн амны Хөх хадатын өвөлжөөнд 1880-аад оны эхээр (ойролцоогоор 1881 он) Аадайхан овгийн Пүрэв дархныд гутгаар хөвүүн мэндэлсэнд Гонгоржав хэмээх нэр хайрлажээ. Уг хошуу Халхын олон хошуунаас хамгийн том нь, газар нутаг уудам, хүн ам өнөр, мал  сүрэг арвин, баян чинээлэг, тэр хэрээрээ нөлөө ихтэй, урчуудаараа зартай билээ. Хошууны урчуудын нэг болох уран дархан Пүрэвийн гараар бүтсэн бурхад хийгээд эдлэл хэрэглэл ойр хавийн орон хийд, айл гэрийн хойморт залагдаж байх авай. Нас хэвийж мэлмий буураад байхдаа ч ухааны бяд, гарын урыг гаргаж, хүжийн гал, шар цавууны  идийг эвлүүлэн бурхан тахил бүтээж байсныг нутгийн олон одоо хэр ам дамжуулан ярилцсаар. Тэдгээрээс үлдсэн Ямаранз бурхан тэргүүтэн өнөө цагт ч нутгийн ахан дүүсийнд залран буй гэлцэнэ.

Гонгор хүү багадаа үе тэнгийнхнээсээ тийм ч хол өндөр байгаагүй гэдэг. Ялгаа нь гарын сарвуу урттай, хоол ахиухан хүртчихдэг хүү нэг л мэдэхэд горзгор залуу болчихсон ажгуу. Өсөхийн хэрээр бусдаас өөр шинж нэмэгдлээ дээ. Нас гүйцсэн бүдүүн морь Гонгор хүүгийн дэргэд даага мэт болов. Моринд дөрөөлөлгүй мордсон хойноо хөлөө татаж дөрөөлнө. Урдаас нь харвал хоёр өвдөг нь морины шанаатай зэрэгцэж гурван толгойтой морь ирж явах мэт харагдах ажээ. Зайдан морин дээр хашаа хөцөө давж байгаа юм шиг алхаж мордоод л гүйцээ. Унасан морио цуцна хэмээн ямагт хөтөлгөө морьтой замд гарах агаад ширүүн давхиж хөлийг нь авахаас болгоомжлон алхуулж, эс бол зөөлөн шогшуулж явна. Тэр том эрийг дагнаж даагаад бүтэн өдөр явах тэнхээтэй адуу ховор л доо. Тиймдээ заавал хос морьтой холыг зорино. Тэмээг сөгдүүлж хэвтүүлэлгүй, уурга тулаад л нуруунд нь гарчихна.

“Тэмээ хэвтүүлэлгүй мордохдоо
Тээртэж яваагүй билээ
Уургаа тулаад мордохдоо
Урт богино нь ойролцоо сон”
хэмээн ач хүү Д.Давааням нь шүлэглэжээ.

Уран дархан Пүрэвийнх Довчин, Жигжидсүрэн, Гонгоржав хэмээх гурван хүү, Цэндээ, Тойсон гэж хоёр охинтой. Гонгоржав хүү хоёр метр 70 см орчим, охин Тойсон нэг метр 88 см, хүү Данигай нэг метр 80 см өндөр байсан гэхээр лут нуруулаг хүмүүс байсан ажгуу.

Тэр цагийн л хүүхдүүдийн жишгээр нутагтаа хурга, тугал эргүүлж бага насаа  өнгөрүүлж ар гэртээ дэм болсоор 1905 он гарч, Пүрэв дархны горзгор хүү идэр настайгаа золгов оо. Түүнийг тэр жил жинчид дагаад Хүрээ явчихсан гэдэг юм. Хүрээнд бас чиг уджээ. Хэн хүнээс өндөр, тэмээнээс тэмдэгтэй тэр хүү хараа барааны газраас хаана яваа нь танигдалгүй хаачих вэ.

Нэг өдөр захаар орж явтал үл таних хүн түүнийг зорин ирж, “Богд хаан чамайг эрж олоод дагуулаад ир гэв” хэмээх нь тэр. Гэнэ сэрэггүй яваад Богдод бараалхах болсон хүн чинь сүрдэж эмээлгүй яах билээ. Мөнөөх хүнийг дагаад сармай дээл, майжиг гуталтайгаа явж хүрч дээ. Богдын ордонд очтол гэгээнтэн “Энэ өнөө Халхын өндөр хүн мөн үү” хэмээн ихэд сониучирхаж, Гонгоржав хүүд таарах хувцас, хэрэглэл төхөөрч өгөхийг сойвонгууддаа даалгаж, биед нь тохирсон иж бүрэн дээл хувцас, минжин малгай урлуулж өгөөд зогссонгүй  “Халхын өндөр Гонгор хэмээсүгэй” хэмээн зарлаж, “Гонгор хүүгийн сур сармай дээл, суунги майжиг гутлыг ч хадгал” гэв ээ.
 


Далай Чойнхор вангийн хошууны сүүлчийн ес дэх Засаг ноён Г.Цэдэнсоном (1881-1930) онцгой өндөр Гонгор хүүг Богдод бэлэг хэмээн өргөх гэсэн авч олны сэтгэлд сэв хийхээс болгоомжилж Богд гэгээнд өргүүлчихсэн юм хэмээдэг нь ч үнэнд лавтай ойр буй за. Хүрээ явсан Гонгорыг хошуу ноён нь Богдод өргөж, гэгээнтний зарсан элч тийнхүү зах дээр явахад нь дуудаж, гэгээнтний тугдам өргөөнд залсан ажгуу.

Далай Чойнхор ван Г.Цэдэнсоном нь өөрийн өргөсөн эцэг болох Хошуу ноён хөндлөн хэмээх Гэмпилдоржийг 1894 онд насан хутаг болоход угсаа залгасан Чингис хааны удмын Боржигин овгийн, хиад ясны хүн байсан гэдэг ээ. Тэрээр ер бусын өглөгчөөрөө зартай. Богд гэгээнтэнд түмэн жин шар тос, шар хамбан тугдам /өргөө/ тэргүүт ихээхэн бэлэг сэлт өргөдөг байсан санж. Түүнийхээ адилаар Пүрэв дархны бусдаас содон хүүг Богдод өргөсөн гэх бөлгөө.

Өөр нэгэн сургаар бол тийм нэгэн ер бусын өндөр хүү байна гэсэн сургаар Богд хаан зарлиг буулган Гонгорыг нийслэл хүрээнээ дуудан ирүүлсэн хэмээх. Богд гэгээнтэн ихээхэн сониуч зантай тул бузгай өндөр хүүгийн сургаар дэргэдээ байлгахыг хүссэн ч байж мэднэ.

Энэ бол Богд гэгээнтний их сангийн дарга, даншигийн начин цолт бөх, Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн шадар бие хамгаалагч, Ардын засгийн Гаалийн хорооны байцаагч, Халх даяарт бүү хэл, дэлхийн хосгүй өндөр хүмүүсийн нэг хэмээгдэгч Пүрэвийн Гонгорын эгэлгүй намтар түүхийн эхлэл авай.

Их сангийн даамал

VIII Богд Жибзундамба хутагт өндөр хүүг дэргэдээ аваад төд удалгүй 1905 ондоо багтаан Их сангийнхаа даамлаар томилж, 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал хүртэл эл албыг хашуулжээ. Тэгээд зогссонгүй, Жибзундамба хутагтыг 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улсын хаан эрдэнийн ширээнд заларснаас хойш 1924 онд жанч халах хүртэл нь өндөр Гонгор түүний дэргэд алба хашсан билээ.  

Зүгээр ч нэг өндөр нуруутай, зарим нэгний төсөөлдгөөр Богдын бор зааныг мэдэх мэдэлтэйн төдийхнөөр улсын их санг даагч хэмээгээгүй нь мэдээж. Пүрэв дархны хүү бичиг үсэгт сүрхий, тоонд даамай, сампинд сурцтай учраас тэр юм. Үр удамд нь ч түүний эрдэм ухаан өнөөг хүртэл өвлөгдсөн ажгуу.

Гонгорын ууган хүү Данигай ааваасаа өвлөсөн эрдэм болох хос сампин дэргэдээ тавьчихаад хоёр хүний зэрэг дуудсан ондоо ондоо тоог баруун, зүүн гараараа нэгэн зэрэг төвөггүй боддог, “Хөвсгөлийн сахалт хар” гэх зэгсэн цуутай нягтлан явсан гэдэг юм. Үр хүүхэд, төрөл саднаас нь олон ч математикч төрж өдгөө ч тоонд гарамгайчууд цөөнгүй бий нь Халхын өндөр хар хүүгийн тооны сийрэг ухаан удам дамжсан хэрэг.

Уран бүсгүйтэй тавилан холбож, дөрвөн бэрх мэт үрстэй болов

Богдтон элдэв зүйлд сатаархааргүй гэр бүлтэй болгож тохь суулгахын тухайтад өндөр Гонгорт гэргий буулгахаар болов. Нэгэн өдөр Гонгорын гэрт хоёр лам хүрч ирлээ. Их л учиртай мэдээ дуулгах төлөв тэдэнд бий ажээ. Богд гэгээний өндгөн сүргийн нутаг, ногоон ордноос холгүйхэн нэгэн айлд дагуулан очиход нүдэнд дулаахан хүүхэн сууж байх нь тэр. Эгэл нэгэн ч бус, Богд хааны малгайг урладаг уран сойвон, өндөр Гонгоржаваас дөрвөн насаар эгчмэд, ивээл жилтэй Должинсүрэн гэх бүсгүй юм санж. Хааны тэргүүнд залдаг малгай урлана гэдэг хэр хүнд заяахгүй эрхэм алба нь мэдээж. Хоёр лам “Богд гэгээнтэн та хоёрын заяа төөрөг нийлнэ хэмээн лүндэн буулгав. Айл гэр үүсгэсүгэй” хэмээн дуулгаж, гэгээнтний соёрхосноор  нэгэн өрх бүл үүсэв ээ. Бурхан ухаант дархан эцгийн хүү Гонгорын галыг  Богдын тэргүүнд асаадаг шижир алтан догтой таван талт малгайг урлаач уран сойвон бүсгүй манах учир тохиосон нь эртний сайн ерөөл буй за.

Өөр нэгэн ерөөл юу буй гэвээс, эр, эм хоёулаа Далай Чойнхор вангийн хошууных. Тэр цагийнхаар Хөвсгөлийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Архангайн Тариат, Цахир, Хангай, Завханы Их-Уул, Тосонцэнгэл сумд Сайн хоён хан аймгийн Далайчойнхор вангийн гэх нэгэн том  хошуу нутагт багтаж байлаа. Гэрийн эзэн өнөөгийнхөөр Хөвсгөлийн Жаргалант, гэргий нь Архангайн Тариат сумын харьяат болой.

Эхнэрээ гадаа үнээ сааж суухад “Тогоотой сүү дэвэрлээ, юунд уудлах вэ” хэмээн тооноороо толгойгоо цухуйлган дууддаг, нэг литрийн хулаар айраг, цай хүртэж жаран хурганы арьс эгнэж хийсэн дээл өмсдөг, төлгөн хонины бүтэн арьс ганц малгайд нь дөнгөж хүрдэг тийм л хархүү өрхийн тэргүүн болов. Дулаан цагт есөн толгой хятад даалимбаар тэрлэг оёулж өмсөнө. Хааны лүндэнгээр ханилсан хосын хэтийн зам мөр ч сайтар зохиж, үрийн заяа тэтгэж, дөрвөн бэрх мэт Данигай, Балдан хэмээх хоёр хүү, Бадамханд, Бүдханд гэх тэрсхэн хоёр охинтой айл болон төвхнөлөө.

Өндөр Гонгор хүний өөрийн мал хаана бэлчиж явааг ядах юмгүй тооноороо цухуйн халиагаад “Тэдний тийм мал тэнд, энд явна” хэмээн эзэн хүнд нь дуулгах бөлгөө. Гэр баривал өндөр Гонгор зогсоогоороо тооно өргөхөд унь өлгөх хүмүүсийн нуруу үл хүрэх тул хоймор завилан суухад сая таарах ажээ.

“Өвөө тооно өргөхдөө
Өвдөг нугалан суудагсан
Хэрвээ босоод зогсвол
Хэн унийг хүргэх вэ?
Үхрийн чөмгийг өвөө
Үлт мушгиад сорчихно
Өрхөө бүтээхдээ тооноороо
Гараа гаргаад татчихна”
хэмээн ач хүүгийнх нь шүлэгт өвөөгийн дүр буусан нь буй.
 


Халхын их өндөр хүүхэд багачууд, хүчин мөхөс амьтдад ээл ивээлтэй нэгэн байсныг үр хойч, ахан дүүс нь ямагт хуучлан ярьсаар авай. Нүүдэл дунд хүүхэд тэгнэсэн атан тэмээ туйлж “Тэнгэрт тулах” дөхөхөд өндөр гуай арагтай хүүхдүүдийг шүүрэн эсэн мэнд элгэндээ тэврэн хоцорчээ. Гэртээ түлхүүрээ мартаж монгол цоожоор дангинатал  түгжчихээд буцаж орох аргаа олохгүй мунгинаж суусан эрийн тооноор гараа оруулж хурууны үзүүрээр хоймрын ширээн дээрээс гайтай “төмрийн өөдөс”-ийг өлгөн авч, гэрийн эзнийг гадаа хонохоос хэлтрүүлжээ. Хайнагийн  шараар түлээ татаж явтал тэрэг эвдэрч замд суугаад аргаа барахын цагт бүтэн тэрэг түлээг татлага сураар баглаад ажиггүй үүрээд ирж дээ. Багачуудын худгийн ёроолд алдчихсан ховоог бөхийсхийгээд татаж гаргав. Болц гүйцсэн самрын боргоцойг жимс түүх мэт хуш модноос сарвайсхийгээд авчихдаг, шагай тоглохдоо эгэл хүний хоёр, гурван атга дүүрэн шагайг ганцхан шүүрээд хамчихдаг л гэнэ. Өөрийн биеэр горхи тэгнэж гүүр болон хэвтээд усаар харайж чадалгүй эрэг дээр уйлж суусан охидыг нуруун дээгүүрээ гаргаж нулимсыг нь арчиж суужээ. Хадлан дээр ац, сэрээ хэрэглэлгүйгээр бухлаас тэвэр тэврээр нь өвс авч нуруун дээр шууд тавьчихдаг байв гээд ер бусын үүх түүхийг нь өнөө хэр дурсан санан өгүүлсээр.

Даншигийн начин, даяарын хүчтэн

Өндөр Гонгор бөхөд ихэд хорхойтой. Даншиг наадам, арван засгийн наадмын дэвжээнд олон жил зодоглож наадамч олныг баясгаж явав. Даншгийн заан цолтой байсан гэдэг үг бас чих дэлсдэг. “Хаа холоос хоёр урт гар асрын дээгүүр гялс гялс үзэгдэх нь” Даншгийн цолтой бөх П.Гонгорынхоос өөр хэнийх байх билээ дээ. Засуулынхаа мөр түшин дэвж буйг нь харвал хүүхэд дэргэдээ зогсоогоод тойрч байгаа шиг л үзэгдэнэ биз дээ.

Амласан бөхөө давах гэж зовохгүй. Ядах юмгүй хөл гараас нь хамж аваад эвтэйхэн хэвтүүлчихээд дэвээд явчихдаг байсан хэмээн үзсэн хүмүүс хөөрөлдөх. Бие өндөр, чац урт, гартаа бүл чадал ихтэй тул учраа бөхөө “Хүүе” гэх завдалгүй шүүрч аваад тийнхүү хэвтүүлэх юм уу, сөгтгөчихдөг хэдий ч их намхан хүнтэй учраа таарахдаа барьц авахаар нахис бөхөс хийж, урт чацандаа орооцолдоод өөрөө өөрийгөө дэгээдээд сөхөрчихдөг гэнэхэн хүн байсан гэдэг юм.

Хэвт ёсны гуравдугаар буюу 1911 он бөлгөө. Халх дөрвөн аймаг, шавь таван газар нийлж Очирдарь богд гэгээн танаа гавжийн дамжаа барьсан хийгээд Бат-Оршил (даншиг) өргөн наадам хийхээр Хүй мандалын торгон ногоон талбайд 1032 бөх хүчийг үзэхээр цугларав. Их шавь сангийн дарга, өндөр Гонгор ч тоот бөхийн тоосонд орж, торгон зодгийн сэнжигнээс атгасан хүчитний тоонд  багталгүй яахав. Гонгор нэг, хоёрын давааг ядах юмгүй яралзуулж хоёр гараар тэнгэрийн үүл хамах мэт дүүлэн дүүлэн дэвжээ.

Гурвын даваанд Түшээт ханы Шаравыг, дөрвийн даваанд Сайн ноён ханы Далай вангийн Туваанжанцанг, тавын даваанд Жанжин Чинвангийн Даваасүрэнг, зургаагийн даваанд Их шавийн Уламбаяр арсланг шил даран дал шороодуулж даншигийн начин цол хүртэв ээ. Хурсан олон уухайлж, өндөр начныг өлийн харцгааж, хол нутгаас ирсэн бөхийн хорхойтнууд нутагтаа хариад хуучлах юм ихтэйдээ сэтгэл ханан башийж суув.

Долоогийн даваанд Их шавийн Галсанравжаа буюу Их Монгол Шаравжамцад эрхгүй өвдөг шорооджээ. Хоёр өндөр хүний барилдаан их л сонирхолтой, хөл, гар нь орооцолдон сүрийг үзүүлсэн тухай Хүрээ, хөдөөнийхөн сонин содон болгон хөөрөлдөж, нэг хэсэгтээ л наадам, найр, олны хөлийн газарт цугларсан олны чих сонорыг мялаах нь тэр.

Их сангийн дарга өндөр Гонгор начинд мөнхүү 1911 оны арваннэгдүгээр сард есөн лан мөнгө шагнал болгон олгож “Албан зүйлд зориулсан мөнгөний данс” хэмээх дэвтэрт үлдээсэн нь архивт үдээстэй буй. Өндөр начин 1914 он хүртэл уул, овоо тахилга хийгээд хэд хэдэн даншиг наадамд хүчийг үзэн зодоглож, гайгүй сайн барилдаж явлаа. Монгол даяараас шигшигдсэн 128 бөх хүчээ үздэг арван засгийн нэгэн удаагийн наадамд өндөр начин гурав давж, дөрвийн даваанд Цэцэн хан аймгийн арслан Гэндэндаржаад өвдөг шороодов. 

Начин болсны дараа жил. Олноо өргөгдсөний төрийн хоёрдугаар онд /1912 он/ Шашныг тэтгэгч Богд хаан их хайрхад, Хан Хэнтийн уулсыг тайхад халх дөрөв, шавь таван аймаг бүгд нийлж билэгт ёсоор наадам үйлдэвэй. Шилмэл 136 бөх хүч сориход Их шавийн Гонгоржав начин нэг давж хоёрын даваанд Сайд жанжны Эрдэнэ далай вангийн Ядамд ойчжээ.

“Богдын өндөр хар хага хаяж, дэлбэ шидэх гээд байна”

“Богдын өндөр хар хага хаяж, дэлбэ шидэх гээд байна. Бөхчүүдийг эргүүлж, дүүгүүрдээд бэртээж гэмтээх болов” гэх үг яриа мэр сэр дуулдах болсон нь “Бөх хүн бүдүүн өвсөнд тээглэж ойчино” гэгчийн үлгэрээр шалтаг тоочиж, барилдахыг нь болиулж зодог тайлуулах гэсэн шахаа орсон хэрэг болой.

Мөнхүү 1912 онд Очирдарь Богд гэгээн хаан танаа Бат-Оргил /даншиг/ өргөж билэгтэй ёсоор наадам үйлдэн 136 бөх зодоглоход Их шавийн Гонгоржав начин гурвын даваанд Сайн ноёны засаг Чүлтэмийн Цэдэнг, дөрвийн даваанд Сэцэн ханы Дархан гүний Дэндэвийг, тавын даваанд Түшээт ханы гүн Донидын Батжаргалыг дараалан төвөггүйхэн давж алсын уулын толгой ширтэж сүрийг үзүүлэн дэвж шавах нь хаа холоос сүр бараатай үзэгдэнэ. Хурсан олон “Уухай, уухай” хэмээлцэн барилдаан улам ч үзүүштэй болох ажээ.Тийн учраагаа цувуулан дал шороодуулсаар зургаагийн даваанд Түшээт ханы Дайчин вангийн Лувсандашид ойчжээ.

Хоёр жилийн хойно, Олноо өргөгдсөний дөрөвдvгээр оны /1914/ есдvгээр сарын 1-ний “Албан зүйлд зориулсан мөнгөний данс” хэмээх дэвтрийн 26 дугаар талд “Их сангийн дарга Өндөр Гонгор начинд энэ арван сарын цалинд тогтсон ёсоор олгосон есөн ланг өөрт нь олгов”, мөн 49 дүгээр хуудаснаа “Их сангийн дарга өндөр Гонгор /Гонгоржав/ начинд энэ арваннэгдүгээр сард есөн лан мөнгө олгосон” хэмээн тус тус тэмдэглэжээ. Даншигийн цолтой сайн бөхчүүдэд ийнхүү цалин, шагнал олгодог байсныг эдгээр эх сурвалж, түүхэн баримтууд гэрчлэх авай.

Ерөнхий сайдын шадар хамгаалагч

Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий Сайд Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 оны аравдугаар сараас 1914 оны хоёрдугаар сар хүртэл Төрийн айлчлал хийв. Монгол Улс Ерөнхий сайдын түвшинд анх удаа хойд хөрш, эзэн хаант Орос гүрэнд өндөр хэмжээнд айлчилсан нь энэ. Айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Т.Намнансүрэн, хатан Магсаржав, хүү Авидынгэрэл хийгээд дагалдуулан явах орос худалдаачин Голгово /Колков?/, албаны түшмэдүүд, орчуулагч, оточ, лам, хиа, дагалт нийлсэн 20 гаруй хүн багтаж шадар бараа бологчоор Богдын их сангийн дарга, Даншигийн начин өндөр Гонгоржав томилогдов.

Бүгд Ерөнхийлөн захирах яамны Гуравдугаар /1913/ оны есдүгээр сарын 17-ны захирамж бичгээр айлчлалд явах хүмүүсийн нэрсийг бичиж батлахдаа “1. Бүгд Ерөнхийлөн захирах Тэргүүн сайд, чуулганы дарга, Түмэнхан номун эзэн Сайн ноён хан На /Намнансүрэн/, 2. Хошой алтан навчит хатан, Далай дагина дар Ма /Магсаржав/...” хэмээн эхэлж, уг бүрэлдэхүүний “24 дүгээрт цэрэг дарга Гонгор, 25 дугаарт цэрэг Цэрэнжанцан нар болмуй” хэмээжээ. Монголын Гадаад хэргийн яамнаас Нийслэл Xүрээн дэх хаант Оросын консулын газарт эдгээр нэрсийг "Илгээх бичиг" болгон явуулж зөвшөөрөл авчээ. /МУҮТА, ТБА, ХА-4, Д-1, ХН-132, Б.3/ Анхнаасаа Монголын төрийн бодлогоор Оросын ихэс дээдсийг “Сүрээр дарах”-аар өндөр харчуудыг Ерөнхий сайдын шадар бараа бологчоор шилж дагуулсан гэдэг юм.

Өндөр Гонгор анхлан ингэж Сайн ноён ханы бие хамгаалагч Цэрэнжанцан гэж биерхүү сүрлэг эртэй хоршоо болж аянд гарав. Орос руу явахын өмнөхөн Гонгор, Цэрэнжанцан хоёрт дээл, хувцас тусгайлан бэлтгэх ажил ундарлаа. Тэдэнд тус бүр 45 хурганы арьс эгнэн доторлосон нацагдорж хээтэй хөх торгон дээл, дөрвөн талт эсгий товь тоорцог, хошмогтой хүрэн торгон хантааз урлуулахаар уран үйлчдийг цуглуулав. Гэвч өндөр Гонгорт хурганы арьс хүрсэнгүй. Сангаас тавин хурганы арьс гаргав, зөндөө дутав. Сангийн нярав чихэндээ итгэж ядан арвыг нэмэв. Дахиад л өндөр эрийн хэмжээгээр хоёр төө арьс дутав. Хоёр төө гэдэг нь хоёр хурганы арьс санж. Нярав сангаа шавхах шахан байж дутууг гүйцээн, 62 хурганы арьсаар нэгэн дээл оёулжээ. Ингээд урт сэлэм, хэт хутга, модон хуйт богино гар буу зүүлгэж, хоёр өндөр эрийг Ерөнхий сайдын баруун, зүүн гарт салалгүй дагалдан хамгаалуулахаар томилсон түүх энэ ээ.

Петрийн хот орох зам зуур барцад тохиов. Дайрч өнгөрсөн нэгэн бэсрэгхэн хотын зочид буудлын чулуун шатан дээр Цэрэнжанцан халтирч унаад сүрхий бэртэж. Цааш явах аргагүйд хүрэв. Бүгд ерөнхийлөн захирах яамны Хаалгын дарга, /яамны харуул хамгаалалтын албаны дарга/ Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны тайж угсаат өндөр Нанзадыг яаравчлан томилохоос аргагүйд тулав. /Түүхийн төв архивын А-№2, ХН-№9, 138 дахь бүртгэл/ Богдын Дотоод сангийн даамал өндөр Нанзад нь Гонгороосоо 20-иод см намхан хэдий ч бас л сүрхий сүрлэг эр болой.

Ерөнхий сайд болон түүний дагалдагч, бараа бологч нар авто машинаар хил гарч, галт тэргээр Петербург орохоор  аялан явахуй дор “Тайга” өртөөн дээр нэгэн явдал болжээ. Галт тэрэг дөнгөж хөдлөв үү, үгүй юу, хараахан хүчээ авч амжаагүй түүний араас нэгэн орос бүсгүй тэр өртөөнөөс суух байсан уу, эс бол түүгээр зорчиж яваад түр гадаалж салхилж яваад хоцорсон уу, гар даллан дагаж гүйв гэнэ. Гэгээвчээр гадагш харж хавь орчныг сониучирхан явсан Гонгор хүүхнийг үзэж, зэрэгцээд ирмэгц нь нээлттэй цонхоор цээжээ гарган мөнөөх бүсгүйн алдлан сарвайсан хоёр гараас сугадан өргөөд шуудайтай ноос шиг сэв хийтэл татаад оруулчихсан юм гэнэ лээ. Хүүхэн айх, балмагдах, баярлах зэрэгцэн талархая гэвч хэл нэвтрэхгүй, дэмий л цээжиндээ гараа зөрүүлэн мэхийгээд галт тэрэгний гудмаар цааш гүйжээ. Мөнөөх бүсгүй ойр зуурхны юм авахаар өртөөн дээр түр буухдаа өлгийтэй хүүхдээ галт тэрэгний тавдугаар вагонд үлдээсэн юм санж. Өндөр Гонгор байгаагүй бол нялх үр нь шуугин давхих галт тэргэнд хоцорч, залуухан эх хэрхэн байсныг төсөөлөхөд бэрх.

Петрийн хотын дээдсийг хоёр өндөр алмайруулсан нь

Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, олон талын харилцаа тогтоож зарим нэг тусламж хүсэхээр Олноо  өргөгдсөний гуравдугаар оны /1913 он/ аравдугаар сараас 1914 оны хоёрдугаар сар хүртэл жил дамнан үргэлжилсэн Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн тэргүүт төлөөлөгчдийн Орост хийсэн нүсэр хүнд айлчлал эхэллээ. Тэр бол ХХ зууны эхээр  Монголын талаас хамгийн урт хугацаанд хийсэн төрийн айлчлал байв. Петербургийн айлчлалын үеэр Ерөнхий сайд Т.Намнансүрэн Николай II хаантай хоёр удаа, төрийн Думын Дээд, Доод танхимын дарга, 11 сайдтай уулзалт хийж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүл, харилцаа тогтоох хэлэлцээ хийв.

Нева мөрний хөвөөнд орших Оросын ихэмсэг, эрхэмсэг нийслэл. Тэр цагийн Петрийн хотын ихэс дээдэс хэр баргийн юманд гайхаш алдах биш дээ. Ихийн ихийг үзсэн хэмээн бардамнаж, францаар шулганасан хараа дээгүүр, нуруу гэдгэр, уруул хямсгар, царай яравгар, бараа бардам, төрх хүйтэн эрхмүүд. Тэгэвч “тэнгэр баганадсан” хамгаалагч нар Монголын төлөөлөгчдөд аргагүй л сүр нэмж, оросуудыг сүрхий бишрүүлжээ. “Монгол гэж намхан нуруутай, навтгар хамартай, онигор нүдтэй доожоогүй юмс ирнэ” хэмээн төсөөлж асан их Петрийн хотын дээдсийн хүрээлэнгийнхэн гайхан шагшрав.

Угийн царайлаг төрсөн Ерөнхий сайд Намнансүрэнг Оросын ихэс дээдэс ихэд хүндлэн угтлаа. “Чингис хааны отгон хүү Тулуй эзэн, Сэцэн Хубилайн 13 дугаар үеийн ач Батмөнх Даян хаан, түүний 11 хөвгүүдийн отгон нь болох Гэрсэнз Жалайр хунтайж, түүний хүү Онохуй үйзэн ноён, түүний хүү Халхын Түмэнхэний 14 дүгээр үеийн ач Итгэмжит эетэй эрх дайчин, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Романовын угсааныханы 300 жилийн ойд оролцож байна. Тэд 700 гаруй жилийн түүхтэй Чингисийн угсааны ноёныг машид хүндэтгэн ёслож байв” хэмээн сонин хэвлэлүүд уралдан шуугилаа. Отго жинст малгай, булган хүрэм, торгон дээлтэй гойд царайлаг На ноён, эрдэнийн чулуун чимэглэлд өвч умбасан гоолиг цэвэрхэн Ма хатан, сүр бараагаараа гайхуулсан мөнөөх хоёр нуруулаг эр, дэгжин, бардам дагалт сэлтийг харсан, үзсэн Петрийн хотын дээдэст өөрсдийнх нь гоёл сэлт тун ч хямдхан, маадгар зан нь сүрхий хиймэл мэт санагдсан авай. Сонинуудын эхний нүүрийг Сайн ноён хан На, түүний хатан Ма, хөвгүүн Авидынгэрэл, хоёр өндөр шадар хамгаалагчийн зураг сэлт чимэглэв.

Ерөнхий сайдын хоёр өндөр бараа бологч ямагт олны харц булаагаастай. Оросууд Гонгор, Нанзад хоёрыг гайхан биширч, Петербургийн гол хэвлэлийн сурвалжлагчид зураг хөргийг нь дарж, сэтгүүлчид шавж, сонинуудын гол нүүрт патиартайгаа залрах болов оо. “Чингисийн Монгол гэгч ийм хүмүүс байсан биз ээ” хэмээн хэвлэлүүд шаагиж, “Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн шадар бие хамгаалагч, бараа бологч П.Гонгорын биеийн өндөр нь хоёр метр 57 см” хэмээн тэмдэглэжээ. “Весь мир” сэтгүүлийн 1913 оны арваннэгдүгээр сарын 46 дугаарт Я.Штейнбергийн дуранд буусан Монголын төлөөлөгчид хийгээд мөнөөх өндрүүдийн зураг хөрөг нийтлэгдсэний зургийн тайлбар ихэд сонин. “Петербургт Монголын онцгой төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Монголын цэргүүд өөрсдийгөө мөнгөөр үзүүлэх  юм бол мөн ч их амжилтад хүрнэ дээ. Гайхалтай өндөр хүмүүс юм. Тэдний нэг нь /Гонгор/ гурав хагас алд, арван ямх /хоёр метр 57 см/, нөгөө нь /Нанзад/ гурав хагас алд, долоон ямх /хоёр метр 44 см/ ажээ” гэжээ.

Төлөөлөгчдийг өдөр өнжихгүй шахам дайлж цайлж, зоог идээ бялхуулна. Оросын нийслэлийн тансаг том зочид буудлын тусгай өрөөнд Монголын хоёр өндрийг ихэд тохилог төвхнүүлж, үзэж хараагүй амттан шимттэн, цай, хоол барих болов.

Нэртэй театрын тайзнаа шуугиулав

Гонгор, Нанзад хоёр хамгаалалтын үүрэг гүйцэтгэхийн сацуу Петербургийн театрт уригдан очиж дуурь, балетын нэртэй төртэй алдартнуудын авьяас онгодоо дуурьсгадаг тайзан дээрээс монгол үндэсний бөхийн мэх хийж үзүүлэх бөлгөө. Юун төлөө даншгийн начин билээ, мань Гонгор монгол бөхийн төрөл бүрийн зан үйлийг үзүүлэн дэвж, шавж, Нанзадтайгаа уран мэхийг уралдуулан тонгорч, хавсарч, унасан нэгнээ татаж босгон тахим авч, өгөлцөн юун циркийн үзүүлбэр, ихийг үзсэн ихэс дээдсийн амыг ангайлгаж, хэрийн зүйлд цочирдоггүй хатад, ахайтнууд дуу алдан нүд салгалгүй ажиж байсан гэдэг. Чухам нүд оройдоо гарч, эрүү энгэр дээрээ унжина гэгч болжээ. Тэгээд дуусахгүй, монгол ноёдын дүрд хувиран отгот малгайн зулай даран мэхэс тонгос хийн мэндчилж, ихэмсэг дүрээр тайзнаа алхан үзүүлэхэд хорвоогийн хосгүй бүхнийг харсан, мэдсэн хэмээн ихэд барддаг Оросын язгууртан дээдэс ёс алдахыг умартан алмайран хөшдөг байсан гэх. За даа, тэр өдрүүдэд Европын нэр хүндтэй театруудын гоцлоочдоос манай хоёр өндрийн үзүүлбэр илүү давж шуугиан дэгдээжээ дээ.
 


Хатантны сүйхийг мөснөөс сугаллаа

Петербургт хэсэг саатаж уулзалт, хэлэлцээ хийж асан Монголын төлөөлөгчдийг II Николай хаан Крымийн Ялта дахь Оросын эзэн хааны Ливадий ордонд 1913 оны 11 дүгээр сард хүлээн авч уулзжээ. Сайн ноён хан Т.Намнансүрэн Цагаан хаанд Богдын бэлгийг хүргэж өгөв. Төрийн дээд “Эрдэнийн очир” одон, насан уртатгахын ерөөл бүхий их гарын баранзад хадаг сэлт тэдгээр бэлгийн дээжид багтаж байв.

Нэгэнтээ Николай хаан хатантайгаа Монголын төлөөлөгчдийн хамт омголон морьд хөллөсөн хэд хэдэн сүйх тэргээр заларч, голоор гарч явтал мөс цөмөрч, хатны гоёмсог тэрэгний өрөөсөн дугуй цөмөрхийд шигдэж орхих нь тэр. Николай хааны шадар хамгаалагч, албатууд дугуйг сугалж эс чадсанд Гонгор, Нанзад хоёр шалавлан очиж ядах юмгүй өргөөд гаргачих нь тэр ээ. Оросууд биширч гайхсан гэж тоймгүй.

Төд удалгүй Оросын II Николай хаан Өндөр Гонгорыг онцлон нэгэн сайн гутал бэлэглэхээр шийдэв. Торгон цэргийн сангаасаа хамгийн том гутал шилж бэлэг болгон өгсөн ч багтаагүй тул хөлийн хэмжээ дамжааг авахуулж, өндөр зэрэглэлийн гуталчинд захиалга өгч тусгай гутал урлуулж өгчээ. Тэр цагийн гар хийцийн брэнд гутал гэгчийг өндөр Гонгор өмсөх нь тэр буюу.

Нууц захидал илгээхэд бараа боллоо

Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан  Т.Намнансүрэн дөрвөн сарын турш үргэлжилсэн айлчлалын завшааныг дашлуулан, нэгэнт хөгшин Европын захад хөл тавьж, өрнийн олон орны Элчин сайдын яамд төвлөрөн орших эл том хотод ирснийх,  Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг гадаад олон орноор хүлээн зөвшөөрүүлж, бас чиг дипломат харилцаа хэлхээ тогтоохыг ихэд хичээх ажээ. Иймийн тул Ерөнхий сайд тусгайлан дэлгүүрээс өөртөө тааруулж худалдаж авсан европ хувцсыг өмсөж, олны анхаарал татахгүйн тулд айлчлал, ёслолгүй орой үдшийн цагаар Петербург дахь Европын орнуудын Элчингүүдээр явахыг хичээх бөлгөө. Ерөнхий сайд  Т.Намнансүрэн хан Оросын эрх баригчдад хандан Өвөр Монголыг Ар Монголд нэгтгэхэд тусламж үзүүлэх, Япон улстай хэлэлцээр байгуулахад зуучилж өгөх зэрэг олон санал тавьсаар байв. Япон Фуки гэгч хүнтэй гурвантаа нууц уулзаж хэлэлцээ хийсэн төдийгүй Францын банкны эздийн төлөөлөлтэй уулзаж 10 сая рублийг 33 жилийн хугацаатай зээлээр авахаар тохиролцож байсан удаатай. Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн нар тухайн 1913 онд Орос-Хятадын хооронд байгуулсан гэрээгээр “Хятад улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэнийг эсэргүүцсэн ноот бичгийг xаант Орос улсад суугаа гадаад орны төлөөлөгчийн газруудад яаж ийгээд илгээж, дэмжлэг горьдож байв.

Оросын талаас гарах, хөдлөхийг байнга цагдах тул “Холгүйхэн салхинд гаръя”, “Агаар амьсгалъя”, “Шөнийн хот харъя” гэх зэрэг шалтаг тоочин аль болох “сүүл” дагуулахгүйг хичээнэ. Шадар бараа бологч хоёр өндөр хэзээд Ерөнхий сайдаас хараа үл салган хамт явдаг билээ. Бас орчуулагч нь дагалддаг байсан байж таарна. Т.Намнансүрэнтнийг Элчин сайдын яамдын үүдээр очин Элчинтэй уулзахаар саатах үед хоёр өндрийн сүүдэр үдшийн цагаар гудамжны хийн дэнлүүний гэрэлд улам ч уртсан зам дээр тусах эрсдэлтэй тул Гонгор, Нанзад хоёр байшингийн хананд тас наалдан зогсоно. Хэдий хичээвч хүсэхэд хясах гэгчээр хаанаас яваа хэн гэгч зорин ирснийг харуул хамгаалалтынхан цааш Элчин сайддаа дамжуулахад хариу өгөх бүү хэл, халгаах нь цөөхөн ажээ.

Оросын тал ямагт хоёрдмол утгатай үзэл санаа илэрхийлэх тул Монголын төлөөлөгчдийн сэтгэл дундуур болж, ийнхүү бусад оронтой харилцаа холбоо тогтоохыг эрхэмлэхэд түлхээс болсон тал бий.  Учир иймийн тул Монголын талаас Их Британи, Франц, Герман, АНУ, Япон, Дани, Бельги, Нидерланд, Австри, Унгар улсын Элчингүүдэд хандан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улс төрийн дипломат харилцаа тогтоох, худалдааны гэрээ байгуулах хүсэлтээ удаа дараа илгээж байсны нэгээхэн оролдлого нь Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн энэхүү алхам болой.

Богд хаант Монгол Улсад тухайн үед гадаад харилцааны бие даасан бүтэц бүрэлдээгүй тул шууд болон шууд бус янз бүрийн л холбоо, сүлбээ ашиглаж хүсэлт, захидал илгээж байсны гэрч болох нэгээхэн баримтын эх хувь Английн Үндэсний төв архивт хадгалагдан буй. Тэр нь Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Петербургт айлчлах үедээ Их Британийн хаан V Жоржид илгээсэн нууц захидал билээ. Мөн тухайн үед xаант Орос улсад сууж байсан Австри-Унгарын Элчин сайд О.Сцерниний хүлээн авсан ноот бичиг өдгөө Австри улсын Төв архивт эх хувиараа хадгалагдаж буй ажээ. Уг бичигт “Монгол Улсын Хаан эзний зарлигаар зарсан бүрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан Намнансүрэн нарын бичиг. Орос улсын нийслэл Петербургт суугаа Их зуу улсын эрхэм Элчин сайд танаа илгээв.

Мэдтүгэй хэмээн явуулах учир эдүгээ манай Монгол Улсын Хаан эзэн ба Засгийн газраас зааж ирснийг дагаж танаа, эрхэм Засгийн газар мэдэгдэх нь:

Манай монголчууд мөнөөхөн тусгаар хавсран захирч явсан Манжийн хааныг мөхөөхийн сацуу өөрийн язгуур үндсийг нэгтгэж хэдийнээс тогтоосоор ирсэн ёс суртал ба газар нутгийг бүрэн бүтэн болгон батлан сахихыг хүсэж бусдад огт үл захирагдах явдлыг тунхаглан зарлаад Монгол өөртөө улс болон тогтносныг найртай айл их Орос улсыг зөвшөөрөн хүлээж 1912 он Октябрь сарын хорин нэгний өдрөө Хүрээний газраа найрамдлын гэрээ ба худалдааны гэрээ байгуулсны дээр ба Орос, Хятад хоёр улс 1913 дугаар он, Октябрь сарын хорин гуравны өдрөө манай Монгол Улсын тухай Бээжинд хэлэлцэн тогтоосон ухуулан зарлах гэрээ бичиг ба харилцан солилцсон албаны бичгээр зөвшөөрөн баталжээ. Одоо манай Монгол Улсын Засгийн газраа мөнхүү ухуулан зарлах гэрээ бичиг ба солилцсон албаны бичгийг хянан үзээд тухайд өөрийн санааг илтгэж их Орос улсын Хаан эзний Засгийн газар ба Хятадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газраа тусгай албаны бичгээр мэдэгдсэнийг эрхэм танай Засгийн газраа найртай сайны ёсоор мэдэгдэх нь:

Сая Орос, Хятад хоёр улсын тогтоосон гэрээний ёсоор болбоос манай Монгол Улсын буй бүхий дотоод засгийн хэрэг ба жич бас худалдаа нэвтрүүлэхэд боловсруулах, сан эдийн засгийн хэрэг хийгээд, мөн эдгээр зүйлд холбогдох төмөр зам, цахилгаан мэдээ байгуулах, гадаад улс лугаа харилцан найрамдах зэргийн хэргийг бүрнээ бусдад захирагдахгүй Монгол Улс өөрөө эзэрхэж Монгол Улс өөртөө тогтнохын үндсийг мөнхүү хоёр улсын Засгийн газраас лавдлалтайгаар батлан хүлээсэн нь мөн хэмээн манай Монгол Улсын Засгийн газраа мэдэж баярласнаас гадна Хятад, Орос хоёр улс тодорхойлсон манай Монгол Улсын хэргүүдэд оролцохгүй, Монгол Улсын газраа цэрэг илгээхгүй ба суулгахгүй, бас манай газраа нүүдлийн хүнийг нутаглуулахгүй хэмээснийг манай Монгол Улсын Засгийн газраа үзэж Монгол Улсын бусдад захирагдахгүйгээр тогтнохыг үнэнхүү итгэмжтэйгээр баталсан хэмээн ухаж мэдсэний дээр манай Монгол Улсын Засгийн газраас сануулах нь: манай Монгол Улс Хятадын холбооноос нэгэнт сольсон учир Монгол Улсын зөвшөөрөөгүйд тогтоосон ямар ч холбоог хүлээхгүй явдлыг илтгэж Орос, Хятад хоёр улсын Засгийн газраа хэдийнээс удаа дараа мэдтүгэй хэмээн явуулсан зүйл буй тул энэхүү ухуулан зарлах гэрээ бичиг ба солилцсон албаны бичгийн доторхи Монгол, Хятад хоёр улсын харилцан холбогдох явдлын тухай хэрхэн шийтгэх зэргийг манай Монгол Улс өөрөө мэдэх ба, бас Монгол Улсад дуртайяа дагаар орсон монголчуудыг бүрнээ нэгтгэн авч, хил хязгаарыг тодорхойлон тогтоож, Монгол Улсын язгуурын өөрийн нутаг газрыг батлахыг нотод баримталж хэлэлцэхээс гадна ухуулан зарлах гэрээ ба солилцсон албаны бичгийн дотор Орос, Хятад, Монгол гурван этгээдээр харилцан хэлэлцэх хэмээснийг шууд зөвшөөрөв хэмээн явуулснаас гадна манай Монгол Улсын Засгийн газраас Хятад, Монгол хоёр этгээдэд хорлол бүхий цэргийн байлдааныг зогсоож, манай цэргүүдийг уул байсан газраас эгэхээр тушаасан ба, бас уламжлан Хятад улсын Засгийн газраа явуулж манай Монгол Улсын нэгэн үндэстний дотоод Монголын зэрэг газраа бүхий хятадын цэргийг нэгэн адил татаж буцаалгамуу хэмээн явдлыг мөнхүү Петербургт суугаа Хятад улсын элчин сайд ба их Орос улсын Гадаадын хэргийн яамны тэргүүн сайдад тус, тус мэдэгдэн явуулсны хамтад тодорхойлон гаргаж, үүнийг эрхэм сайд танаа найртай сайныг хүндэтгэн сэтгэлийг илтгэж мэдтүгэй хэмээн явуулаад олдвоос уламжлан эрхэм улсын Засгийн газраа нэвтрүүлэн явуулах ажаамуу. Үүний тул Монгол Улсын бүрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан Намнансүрэн ёсолбаа” хэмээжээ. /Эх сурвалж МУҮТА/

Мөн тэрхүү айлчлалын үеэр Ерөнхий сайд Т.Намнансүрэн Их Британийн хаан V Жоржид тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд дэмжлэг үзүүнэ үү гэсэн утгатай захидал хүргүүлэв. Захидлыг 1913 оны арванхоёрдугаар сарын 24-нд Петербург хот дахь Британийн Элчин сайдын яаманд хүргүүлснийг тухайн үеийн дипломат хэл болох францаар хөрвүүлэн Элчин сайд Жорж Бьюкенэн тайлбарын хамт Лондонд илгээжээ.

Харамсалтай нь Английн Элчин сайд бээр үүнд ямар хариу өгөх талаар 1912 оны Орос-Монголын гэрээнд оролцож асан оросын дипломатч, Монголд сууж байсан М.Кростовецтэй зөвлөлдсөнд М.Кростовец “Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн няцаалт өгсөн ажээ. Английн Гадаад хэргийн яам тус асуудлыг тусгайлан хэлэлцэх үед зөвлөхүүдийн нэг нь “Оросын талаас Монголтой хийсэн гэрээний нэгэн адил гэрээг хийж болно” гэсэн санал дэвшүүлж байв. Гэвч тусыг олсонгүй. Хуралдааны төгсгөлд  “Монголтой харилцахад худалдаа, эдийн засгийн ашиг өгөөж бага” гэсэн үндэслэлээр Т.Намнансүрэнгийн захидалд хариу өгөхөөс татгалзав аа.

“Номхон борын нурууг угаагаарай”

Энэ үйл явдлаас нэгэн жилийн өмнөх хэрэг. Дайчин чин ван Ханддорж тэргүүтэй монголын элч төлөөлөгчид 1912-1913 онд Орос орон руу айлчлахаар мордсон билээ. Тэр зуур бас нэгэн онцгой даалгаврыг Богдын өмнө хүлээжээ. Наймдугаар Богд Жибзундамба хутагт 1911 онд Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөхдөө “Хаан төрийн долоон эрдэнэ”-ийг өөрийн дэргэд цогц бүтнээр бий болгохыг зорьсон авай. Энэхүү алтан хорол эрдэнэ, чандмань эрдэнэ, төгс жанжин эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, морин эрдэнэ, заан эрдэнээс бүрдэх долоон эрдэнийг дөрвөн их тивийг захирсан Алтан хүрдэт Загарбардин (санскритаар Чакравартин) хаан эзэмшдэг хэмээх бөлгөө. Богд хаант Монгол Улсад эдгээрээс гагцхүү “Харшлагчийг буцаагч цаглашгүй төгс эрдэнэ” хэмээх заан эрдэнэ үгүй. Наймдугаар Богд Жибзундамба төрөлхийн ихээхэн сониуч, 1901 онд Германы Гамбург хотод захиалан өмнөд, хойт Америк, Африк, зүүн өмнөд Ази, Антарктид тивийн далайн амьтад, оцон шувуу, сармагчин, тоть тэргүүтэй элдэв төрлийн 200 гаруй амьтны чихмэл авчруулсан билээ. Басхүү олон төрлийн амьд амьтан ч байв.Тэдэн дээрээ нэмж амьд заан эрдэнэтэй болохыг туйлаас хүснэ.

Ханд ван тэргүүтэй төлөөлөгчид энх амгалангийн бэлгэдэл болох зааныг хайсаар Орос улсад айлчлан тоглож явсан Польшийн циркээс 22-25 мянган алтан рублиэр сургуультай, номхон, бага насны бор заан худалдаж авахаар тохиров. Богдод хүргэж төрийн заан эрдэнэд өргөмжлөх номхон борыг 1913 оны хаврын дунд сараас эхлэн галт тэргээр зөөхдөө зөөж, төмөр замгүй газарт явган хөтөлж туусаар найман сарын дараа Хиагтад ирэхэд нэгэнт өвлийн дунд сартай золгожээ. Тэр цаг дор өндөр Гонгор Сайн ноён ханы биеийг хамгаалан Петербургт байсан билээ.

Зааныг Хиагтад тэжээж өвөлжүүлээд 1914 оны хавраас тэндээсээ хөдөлж, Нийслэл хүрээ хүртэл дахин гурван сарын турш хөтөлж туусаар зуны эхээр зорьсон газраа ирэв. Ерөнхий сайдын Оросод хийсэн айлчлалаас дөнгөж эргэж ирээд байсан их сангийн дарга өндөр Гонгор номхон борыг Хиагтаас нийслэл Хүрээ хүргэх замд угтаж очоод туулцан арчилж ирэх үүрэг хүлээв.  Циркийн давчуу орчинд төрж өсөж, дугуй манежаас гарах эрхгүй сургагчийн аясаар хөдөлж, ташуурын исгэрээ, тас хийсэн буулт, захиран зандрах дуунаас эмээж бэмбэгнэн өдөр хоног өнгөрөөж асан номхон борд тэнүүн талаар тааваараа алхан явсаар ирсэн нь амьд насанд үзээгүй жаргал болой. Аварга амьтан ирсний сургаар сүсэгтнүүд олноор цугларч, сургуультай заан Богд гэгээний өмнө өвдөг сөгдөж, толгой бөхийхөд олон түмэн үлэмж гайхан биширчээ.

Шагж нарын гурван гэлэн номхон борыг маллах болов. Үе үе бор зааны нурууг угаах хэрэг гарна. Түүнийг арчлан маллаж сан тавьдаг гурван гэлэн авираад ч тусыг эс олно. Шат тавья гэхэд амьд амьтан займарч хөдлөхөд нурж унах нь зайлшгүй. Гагцхүү тэдэнд тусалж зааны нурууг угааж өгөх буянтан нь мөнөөх Гонгор болой. Зааны нурууг угааж шавшаад, бүр давж тонгойн буруу талын бөөрийг нь ч арчиж өгнө. Гагцхүү хуртай өдөр л “Бороо оров. Бор зааны нурууг угаах хэрэггүй болов” гэх буюу. Халхын өндрөөр нуруугаа арчуулсан заан их л таатайгаар далдуу модны навч мэт дэлбэгэр чихээ далбалзуулан урт хошуугаа өргөж, бүрээн дуу мэт уянгалсан авиа гарган эрхэлнэ. Аргагүй шүү дээ, гэлэнгүүдийн тавьж өгсөн савтай уснаас хошуугаараа сорон авч хэчнээн шүршивч Гонгорын шанага шанагаар утган авч угаадаг шиг таатай сэнгэнэхгүй юм чинь.

Зааны хүнсэнд өдөр бүр 21 ширхэг мантуу, хоёр жин /нэг кг/ шар тос, гурван шанага улаан чавга зориулна. Их сангийн даамал Гонгор үүнийг гаргаж өгдөг болой. Богд хаан заандаа гоёлын өмсгөл оёулж сургуультай зааны хэрэг юу билээ, циркийн үзүүлбэр тоглуулдаг байсны малгай, нөмрөг нь Богд хааны ордон музейд өдгөө ч бий билээ. 

Алдчин буюу ардын засгийн гаальчин

Өндөр Гонгор Их сангийн даргаас гадна Гаалийн Хэргийг Ерөнхийлөн Шийтгэгч яаманд  гаалийн  үзлэг хийх эрх бүхий анхны түшмэлийн нэг болж  Богд хаант Монгол Улсын үе 1919 оноос Ардын засагт Монгол Улсын 1924 он хүртэл гаальчны албыг хашиж, басхүү 1925-1926 онд Гаалийн хорооны шалгагч явсан хүн.

Ардын засаг ялмагц Гонгорын амьдралд огцом өөрчлөлт оров. Ардын Засгийн газраас 1921 оны долоодугаар сарын 30-нд  тогтоол гаргаж Богд хаант Монгол Улсын үеийн төр, засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж, эрх бүхий хүмүүсийн ямба, ёсыг эвдлээ. Их сангийн дарга өндөр Гонгор ч үүнд өртөж сар бүрийн авдаг цалинг нь зогсоов. Гагцхүү Богдын сангаас хэрд таарсан мал хувь болгон таслан өгч, гаалийн ажлыг дагнуулжээ. Ардын хувьсгалын дараа өндөр П.Гонгоржав баруун гаалийн хороонд шалгагчаар үлдсэн нь тэр болой.

“Гаалийн хорооны үзэгч байцаагч түшмэл”-ийн албатай Гонгор “гурван толгойтой” морио унаж, өндөр босоо шургааган хашаанууд дээгүүр эмээлээсээ буулгүй өнгийн харж, тээр дээрээс хаана юу байгааг ширхэгчлэн бүртгэнэ. Ердийн хүн бол энд тэнд нууж хаасан, юм хумны араар сэм далдалсан бараа сэлтийг тэр бүр нэгэн цэгээс харна гэдэг саналтгүй хэрэг. Гэтэл мань өндөр морин дээрээсээ л өнөө цагийнхаар “дрондох” мэт бүхнийг үзчихдэг байсан тул “Гонгор гуай ирлээ” гэсэн сураг буруу гарын нөхдөд бол аранга байж дээ. Бараа сэлтэд тооллого хийхдээ ч морин дээрээсээ хашаан дээгүүр өнгийн нэг бүрчлэн шалгах тул эргэж дахин тоолох явдал огтоос үгүй.

Нэгэнтээ хэдэн сараар өмнөд хил дээр гаалийн шалгалтын ажлаар очихдоо ажлыг машид хөнгөвчилсөн юм гэдэг. Олон ачаа тэмээтэй жингийн цувааг шалгах амаргүй. Бүх тэмээг хэвтүүлж ачааг үзнэ гэдэг тун тээртэй. Гэтэл гаальчин өндөр Гонгор шууд морин дээрээсээ, эсвэл явган очоод тэмээг хэвтүүлэлгүй үзчихдэг учир цаг ч хэмнэж, жинчид ч сааталгүй тун амар болжихуй.

Тэр цагт Монголд хэмжүүрийн нарийн багаж сэлт байсангүй. Уртыг  алхаа, алд, дэлэм, тохой, төө, сөөм, хуруу төдийгөөр хэмжинэ. Хүнд, хөнгөнийг ин, дан, жин, лан, цэн, фун, лий, ху, сы гэх урд зүгийн хэмжээсээр илэрхийлж, сы-гээс жин хүртэл хөнгөн зэргийг бол гар дэнсээр үзнэ. Шингэн юмсыг аяга, шанага, сав суулгаар төдийлж багцаална. 

Гадаад улсаас эд зүйл авах худалдаа, арилжааны ажлын бүрэлдэхүүнд Гонгорыг заавал оруулах авай. Учир нь гаднаас авах бараанд “уртын хэмжүүр” тогтоох алдчин хэмээх албанд тохоохон томилсон нь тэр ээ. Гаалийн хороонд өндөр Гонгороос гадна чац богино тагдгархан биетэй нэгэн түшмэл алба хашиж байв. Учир юу вэ гэвэл гаднаас бараа хүлээн авахад мань өндөр алдалж авна. Түүний нэг алд нь жирийн хүнийхээр алд дээр дэлэм байсан нь манайд хожоотой. Таван алд гэхэд даруй хоёр, гурван алдыг нэмээд хожчих нь тэр. Гадагш юм өгөхдөө мөнөөх шавилхан биетэй түшмэл алдална. Алд хүрэхгүй эдийг алд л гэж өгнө дөө. Тэгснээрээ бас л манайх хожчихож байгаа юм. Алд л бол алд. Тусгаар улсын гаалийн түшмэл л бол адилхан түшмэл. Урт богино гэж маргах арга байхгүй.

Гаальд очоогүй байхдаа ч Гонгор урт гарынхаа алд, том хурууныхаа төөгөөр олон хүнд тус болж явлаа. Түүнийг таньж мэдэх, тэр бүү хэл дам сургаар дуулсан улс ч худалдаа наймаанд дагуулж явах дуртай. Данжаадуудтай даавуу даалимба, хоргой торго наймаалалцахад Гонгортой очвол баараггүй хожоотой. Таван төө хоргой, алд торго авна гэвэл мань өндөр төөлж алдална. Түүний таван төө хоргой жирийн хүний арван төө, алд торго нь алд дээр дэлэм илүү байх нь гарцаагүй. Пүүсний данжаадууд Гонгорыг ирэхэд дурамжхан ч аргагүй сүр бараанаас нь жийрхэн наймаа хийхээс аргагүй. Мань өндөр ч яах вэ, инээмсэглэчихээд л гараад явна. Нэгэнтээ хятадын пүүсэнд мөөг түүж өгөөд таван төө хоргой авахаар тохирсон өвгөнд данжаад гурван төө хоргой өгч дамшиглахыг харсан өндөр Гонгор өөрийнхөөрөө таван төө хоргой авч өгсөн нь жирийн нэгнийхээр арван төө болж, гайхаж сандарсан өвгөн ихэд гялайсан юм гэнэ лээ. Данжаад ч яахав, нааш харж инээж, цааш харж уйлсаар хоцорсон байлгүй яах вэ.

Басхүү хэр баргийн баригддаггүй нэгэн хулгайчийг арван тавны цагдаа хөөж явтал мань хулгар шургааган хашаа давж нуугдан байх үеэр өндөр Гонгор таарч, мөнөөх эрийг дал мөрөн дээрээс нь шүүрэн хашаан дээгүүр өргөж гаргаад тушааж дээ. Чадал буурай монгол өвгөнийг сүрээр далайлган элдэвлэж асан гамингийн даргыг мөн л өндөр Гонгор хашаа давуулан заамдаж өргөөд хамаг зэвсгийг нь мулзлаад тавихад мөнөөх гамин аль хэдийн орхиод зугтсан нөхдийнхөө араас тавхай гялалзуулан одсон гэх.

Өндөр Гонгор Богдын их сангийн даамал ахуйдаа босоо хашаа барих гэж зэхсэн гурван метр урт, 20 см бүдүүн хүнд нойтон шургаагийг хоёр гартаа таяг мэт тулж түүртэлгүй явж байсан гэнэ лээ.

Эд өлөг, эгэл бус өв

Богд гэгээнтэн П.Гонгортой анх нүүр учирмагц “Энэ өндөр хархүүгийн сур сармай дээл, суунги майжиг гутлыг ч хаялгүй хадгал” гэсэн нь эгэлгүй хүний дээл хувцас хожмоо эд өлгийн чухал нандин өв болно гэдгийг  бодож холыг харсан үг байж.  Энгийндээ 60 хурганы арьс эгнэж дээл оёдог, төлгөн хонины бүтэн арьсаар малгай хийдэг, есөн толгой хятад даалимба ганц тэрлэгт нь таардаг, гутлын ул нь хагас метр, түрий нь дунд зэргийн нуруутай хүний ташаагаар татдаг хүний дээл хувцас ховор нандин балгүй яах вэ. Гурван настай хүүхэд гутал дотор нь нуугдахад харагддаггүй байсан гэдэг юм.  

Гонгорт тааруулж дээл эсгэнэ гэдэг мундахгүй их ажил. Гэрийн хоймрын зай давчдах учир хүүхнүүд гадаа зүлгэн дээр дээлийн өнгө, дотрыг дэлгэж торго, даавууны тал талаас татаж тэнийлгэн байж тэхий дунд нь том чулуу сэлтээр даруулан үйлээ эхлүүлдэг байжээ.

Хоорондоо ганц насны зөрүүтэй Бүдханд, Бадамханд охидоо насанд хүрэх үед ээж Должинсүрэн нь аавынх нь цэнхэр торгон дээлийг ханзалж дээл хийж өгөхөд хоёр ханцуй нь илүү гарч, тэр нь нэг өмд оёход элбэг хүрч байсан гэхээр ямархан том хүн байсан нь төсөөлөгдөх буй за. Өндрийн хоёр охин ч нуруулаг бүсгүйчүүд гэдэг нь гарцаагүй. Энгийн хүний тохой хэрийн гаансаар тамхилж суух нь өндөр Гонгорт оготорхон мэт үзэгддэг амуй. Нэгэнтээ хоёр жаал тэрхүү гаансны толгой, соруулоос бариад, гурван настай дүү нь модноос нь зүүгдэн тоглож байсан гэнэ лээ. 

Айргийн томхон хул гэмээр нэг литрийн мөнгөн аяга нь түүнд бол дунд гарын мэт харагддаг байжихуй. Үр хүүхдэд нь өндөр Гонгороос хэдэн гэрэл зураг, мөнгөн аяга өв болж үлдсэнээс нэг мөнгөн аягыг нь Гонгорын ууган хүү Данигайн хүү, хүүхдийн зохиолч Д.Давааням хадгалж буй. Өндөр эрийн эдэлж хэрэглэж явсан нэлээд зүйл нь 1932 оны эсэргүүний хэмээх үймээн бужигнаан дундуур үрэгдсэн юм гэнэ билээ.

Өндөр хүний урт хутганы нэгэн түүх

Халхын их өндрийн хэрэглэж явсан урт хэт хутга өөрөө тусдаа судлагдахуун болохуйц өвөрмөц түүхийг агуулжээ. Аман ярианд өгүүлэх нь “Монголд 1920-1929 онд амьдарч, “Ардын цэнгэлдэх” буюу Бөмбөгөр ногоон театрын зураг төслийг гаргаж, удирдан бариулсан унгар инженер Иозеф Гелета нэгэнтээ Гонгорын хоол идэж байсан хутгыг ихэд шохоорхон худалдаж авахаар гуйжээ. Тэгэхэд нь Гонгор “Чи миний энэ хоёрдугаар гарын /өлдөр тутмын хэрэглээний/ тааруу хутгаар юу хийх вэ. Чамд нэгдүгээр гарын /гоёлын/ хутгаа өгье” хэмээн мөнгөн хэт хутгаа наймаалжээ. Тэрхүү хутга нь 82 см урт, 3,6 орчим кг жинтэй мөнгө, агар, булигаараар бүтээж, агар модон хуйны мөнгөн дугтуй дээр нь арван хоёр жил, эвэр угалз хээ товойлгосон, сийлбэр мөнгөн тольттой  суман модон бариултай ган хутга ажгуу. Тэрхүү хэт хутга Унгар улсын нэгэн музейд байсныг тус улсад Элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, эх оронд нь авч ирэн Улсын төв музейд өгсөн нь Монголын Үндэсний музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй” гэсэн нэг хувилбар бий.  Төрийн шагналт нэрт зохиолч, орчуулагч Чойжилын Чимэд энэ тухай өгүүлсэн “Өндөр Гонгорын тухай олж сонссон минь”  тэмдэглэлдээ “Бөмбөгөр ногооныг бариулсан  Иозеф Гелета  гэх унгар инженер өндөр Гонгорыг ихэд сонирхож зоог барьж байсан хутгыг нь гуйжээ. Тэгсэн Гонгор “Чи миний энэ муугаар яах вэ? Би чамд цайныхаа хутгыг өгье”  гээд мөнгөн хэт хутгаа наймаалсан гэнэ. Би өнгөрсөн намар /1963 онд/ Унгарт очихдоо тэр хутгыг нь үзсэн. Ёстой нэг хутган жад шиг эд байна лээ” хэмээн Билгүүн номч Бямбын Ринчин хуучилсан” гэж бичжээ.

Төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо “Хэдэн жилийн өмнө би Унгарт Иозеф Гелета гэх хүний сургийг гаргаж уулзсан юм. Өндөр Гонгорын өнөөх хэт хутга өнгө зүсээ алдаагүй  тэнд байж байв. Миний хэрэг зоригийг мэдсэн бололтой Иозеф Гелета гуай “Танай улсын түүхэнд холбогдолтой эд. Энэ дурсгалт хутгыг та ав л даа. Энд байж байхаар эзэн улсынхаа музейд тавигдвал аштай биз дээ” гэж билээ. Тэгээд би тэр хүнийг гомдоохооргүй мөнгө төлөн байж Өндөр Гонгорынхоо хэт хутгыг өөрийн биеэр Үндэсний төв музейд авчирч өгсөн дөө” хэмээжээ. Мөнөөх “нэгдүгээр гарын” буюу цайны /гоёлын/ хутганы тухай ам дамжсан ийм яриа бий.

Гэтэл бодит түүх өөрийг өгүүлнэ. Хэрэг дээрээ Иозеф Гелета бээр уг хутгыг Гонгороос өөрөөс нь авсангүй. Хутга Богдын хөрөнгөд данстай байж, гэгээнтнийг таалал төгссөний дараа сангийн хөрөнгөөс дуудлага худалдаанд оруулахад Иозеф Гелета хутгыг нэг ам.доллараар авсан тухайгаа өөрийн биеэр тэмдэглэн үлдээжээ. Тиймээс бодит үнэн нь тэр гэсэн үг буюу. Өндөр Гонгорыг Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн шадар бараа бологчоор Орос улсад мордоход Богдын сангаас мөнөөх дээл хувцасны хамт хутгыг хийлгэж, Гонгор Богдын албанаас халагдахад санд үлдсэн бололтой. “Бөмбөгөр ногоон”-ы “автор” Иозеф Гелета 1920-1929 оны хооронд Монголд есөн жил амьдраад нутагтаа буцжээ. Өндөр хүний урт хутгыг тэрээр Богд хаан таалал төгссөн жил болох 1924 онд дуудлага худалдаанаас авсан болж таарч байна. Богдыг жанч халахад түүний харьяа сангийн хөрөнгийн заримыг Сангийн яам, Дотоод яам, Цэргийн яаманд хуваан өгч, мөн зарим эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулсан санжээ. Богд гэгээн элдэв зүйл цуглуулах дуртай тул дуудлага худалдаанд сонин хачин эд юмс мундахгүй тавигдсан биз ээ.

Иозеф Гелета өдрийн тэмдэглэлдээ “Эгэл жирийн байдалтай хийдэд сүүлчийн Богд гэгээний эд хөрөнгө, аяны цүнх, хутга, цаг, гутал болон бусад зүйлийг худалдсан юм. Гэхдээ дуудлага худалдааны маягаар хэн хамгийн их үнэ өгсөнд худалдаалж байлаа. Харин Монголын талаас үнэ хаялцуулгад дуудагч үгүй. Эд юмсыг эгнүүлэн тавина. Бараа бүгдийн дэргэд нэг самбар, шохой тавиастай байна. Худалдан авах сонирхолтой хүмүүс авах үнээ самбар дээр бичнэ. Өөр авах хүсэлтэй нь шинэ үнээ доор нь бичнэ. Хэсэг хугацааны дараа өөр авах хүсэлтэй хүн гарахгүй бол хамгийн их үнэ өгсөн хүн нэмэгдэл үнээр авна. Тэгээд шийдэх хүртэл долоо хоног, сар ч өнгөрнө. Энэ газар тийм хурдан шийдэх нь үгүй. Аз болоход нэмэгдэл үнэ хүлээж байгаа хүн саналаасаа буцаж болно. Би ч гэсэн энэ ламын эд хогшлоос ганц нэг зүйл, тухайлбал, Вена хотын гаралтай цүнх, нэг хэт цохиур, Богд гэгээний бие хамгаалагч хоёр метр өндөр хүний эдэлж хэрэглэж байсан нэг хутга авахаар саналаа өглөө” хэмээжээ.

Дээр нэр дурдсан эрдэмтэн зохиолч П.Хорлоо бээр 1963 оноос ШУА-ийн хэл, утга зохиолын хүрээлэнгийн захирлаар ажиллажээ. Тухайн үед Унгарт Элчин сайдаар ажиллаж байсан Адилбиш Өндөр Гонгорын нэг хутга Унгарт байгаа тухай П.Хорлоо захиралд уламжилжээ. Тухайн үед Иозеф Гелета өөрөө таалал төгссөн байсан бололтой. П.Хорлоо гуай Элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгч н.Аюушийн хамт Иозеф Гелетагийн гэргий орос эмэгтэйнд очжээ. Иозеф Гелета Сибирьт хувьсгалын хэргээр цөлөгдөж байхдаа орос бүсгүйтэй ханилж, тэдний охин Монголд, Нийслэл Хүрээнд төрсөн ажээ. Хатанбаатар Магсаржавт хандан захидал бичсэнээр Иозеф Гелета Монголд ирж, Цагаанхуаранд амьдарч байсан гэнэ. Гелетагийн гэргий П.Хорлоо нарт хэлэхдээ “Сайн хоён хан Т.Намнансүрэн Николай хаанд одон гардуулахаар явахдаа дагуулж явсан хоёр өндөр хүнд энэ хутгыг хийж өгсөн. Унгарын музей энэ хутгыг манайхаас 15 мянган форинтоор авъя гэхэд өгөөгүй юм. Хутгыг нутагт нь буцаана гэж өвгөн маань ярьдаг байсан” гэжээ. П.Хорлоо нар уг хутгыг хоёр альбомын хамт Элчин сайд н.Адилбишид үзүүлэхээр авч яваад элчингээс 15 мянган форинт зээлээр авч, хутгыг Иозеф Гелетагийн гэргийгээс авч Монголд иржээ. Түүний дараа нэрт эрдэмтэн, академич Б.Ширэндэв хөөцөлдөж байж хутганы үнэ болох 12 мянган төгрөг улсаас гаргуулж Унгарт суугаа Элчин сайдын яаманд шилжүүлсэн байна. Зохиолч П.Хорлоо хэт хутгыг Төв музейд тушаахад тухайн үеийн Гэгээрлийн яамны сайд болон музейн нярав Төмөр-Очир нар хүлээн авчээ. Үүнээс өөр хутга хэрхэн ямар замаар Монголд ирсэн тухай баримт ШУА, Хэл, утга зохиолын хүрээлэн, Төв музейд байдаггүй ажээ. /Д.Цэдмаа: Өндөр Гонгорын хутга музейд ирсэн түүхийг сөхвөөс өгүүлэлээс/

Өдгөө уг хутга Үндэсний музейн сан хөмрөгт байгаа бөгөөд эх сурвалжид дурдсанаар Д-237 гэсэн хувийн дугаартай, “Арван хоёр жил, эвэр угалз, ланз хээ, луун дүрстэй мөнгөн хэт хутга нь агар модон хуй, зээ бадтай хос бэл, булигаар оосортой, дөрөв нуруулдсан мөнгөн оосор, ясан савх, сийлбэр тольттой, ясан иштэй. Нийт жин 3634 гр /3,6 кг/ “ гэсэн тайлбартай ажээ. Музейд байгаа хэт хутгануудаас алийг нь Гонгорын эдэлж хэрэглэж асан гэдгийг танихад бэрх байсан бөгөөд 1990 онд Ч.Содном, Ж.Батхишиг нарын үйлдсэн картад хутганы шинж байдлыг нь тоочиж, “Гонгор хэрэглэж байсан” гэжээ. Бүртгэлийн дэвтэрт хуй модыг агар гэсэн бол, картад сум мод хэмээн үйлджээ. Хутгыг хэн музейд хүлээлгэж өгснийг аль альд нь бичээгүй аж.

Улсын төв музей, Хувьсгалын музейд 1991 онд бүтцийн өөрчлөлт хийж,  Улсын төв музейн угсаатны холбоотой бүх үзмэрийг Хувьсгалын музейд шилжүүлж, Үндэсний түүхийн музей болгох, Төв музейн байранд Байгалийн түүхийн музей дэглэх ажил өрнөв. Энэ сиймхийг ашиглах урт гарт ч бэлэн байж. Дараа жил нь буюу 1992 оны нэг орой музейн ажил тарсны дараа үл бүтэх хүн гаралгүй үлдэж, Гонгорын хутгыг эхнэр хүний хоёр ширхэг толгойн боолтын хамт хулгайлжээ. Мөнөөх хулгайч гадаадынхан олноор буудаг “Улаанбаатар” зочид буудал орж Германы жуулчдад  хутгыг худалдахаар тохиролцов.  Аз таарч орчуулагч нь самбаатай хүн байж, сэжиг бүхий наймаа болж буйг цагдаад дуулгаснаар гурав хоногийн дотор хулгайч баригджээ. Хулгайлсан этгээд нь шоронгоос өмнө нь гурвантаа оргосон Ч.Үнэнбат гэгч. Ингэж өндөр Гонгорын хэт хутга буруу гараар орж, дахин хил давж, бүрмөсөн алдагдах аюулаас аврагдсан ажгуу.

Энгийн цагт өдөр тутамдаа хэрэглэж асан хоёрдугаар гарын гэх хутга ч Унгарт байсныг ахмад дипломатч Ч.Дүүжий эргүүлэн авч ирсэн хэмээх яриа буй. Түүний Унгарт сурч, амьдарч байсан хүү Д.Түвшин нь “Монголын урт хүний” хэрэглэж байсан хэт хутга дуудлага  худалдаанд орж буйг сонсож,  аав, хүү хоёр худалдан авсан тухай сураг дуулддаг билээ.

“Хувхай ясаа үнэлж зарахгүй” буюу дэлхийн хамгийн өндөр хүн мөн үү?

П.Гонгорыг одоогоор дэлхийн хамгийн өндөр хүн гэгдэж буй АНУ-ын иргэн Роберт Уодлоугоос /хоёр метр 72 см/ / нуруугаар илүүрхдэг байсан гэдэг юм. Хэрэв батлагдвал энэ бөмбөрцгийн хамгийн нуруулаг хүн нь Халхын их өндөр болж таарах нь.

Тийм ч байх магадлалтай учраас Гиннесийнхэн аль эртнээс сураг ажиг тавьж сонирхож байжээ. Дэлхийн сонин содон, рекорд болгоныг эрж сураглаж, тэмдэглэж байдаг Guinness World Records дэлхийн хамгийн өндөр хүмүүсийн түүхийг судалж ахуйдаа Монголд ер бусын нэгэн эр байдгийн ажиг сэжүүрийг олжээ. Монголын нуруулаг эрхэм дэлхийн хамгийн өндөр хүн байж магадгүй хэмээн тун ч хачирхаж, басхүү олзуурхан тандаж эхлэв. Петрийн хотод гайхуулж явсан мөнөөх эрийн тухай яриа хорвоогийн нөгөө бөөрөнд хүртэл цуурайтаж, зураг хөрөгтэй сонин олдсон байж болно. Түүний өндрийн хэмжээг янз бүрээр тэмдэглэсэн байдаг нь анхаарал татжээ.

Монголд 1920-иод онд шинжилгээний ажлаар ирж судалгаа хийж явсан Америкийн эрдэмтэн судлаач Рой Чапман Эндрюс Гонгортой уулзаж, гэрэл зургийг нь авч, өндрийг нь хэмжиж “Бараг найман фут өндөр, 307 фунт жинтэй” буюу хоёр метр 41 см хэмээн тэмдэглэсэн бол түүнээс ч илүү хоёр метр 60 см байсан гэх хүмүүс бас бий. Ямартай ч П.Гонгор дэлхийн хамгийн өндөр 10 хүний нэгд албан ёсоор багтсан юм. Монголдоо түүний удаад Их Монгол хэмээх Шаравжамц /хоёр метр 13 см/ орж байжээ. 

Р.Эндрюсийн хэмжилтэд нэг эргэлзээ бий гэдэг. “Бараг найман фут” гэдэг нь тодорхой хэмжилт биш. Тухайн үед долоон футаас дээш өндөр хүнийг ийнхүү ерөнхийлөн бичих нь элбэг байсан гэнэ.

Хүрээнд ирсэн гадаадынхан өндөр Гонгорыг үлэмж сонирхоно. Сolgate компанийн эзэн ноён Колгейт нийслэл Хүрээнд шүдний оо сэлтээ сурталчилж явахын сацуу Өндөр Гонгортой зориуд уулзаж хүзүүн дээр нь мордож байгаад хамт авахуулсан зураг бий. Мөч чац богино саваагүй ноён Колгейт Гонгорын хүзүүн дээр сууж буй нь “хөгшин царайтай” хүүхэд аавынхаа мөрөн дээр байгаа мэт харагдах авай. Колгейтын хувьд босоо тэмээн дээр мордсон дайны л юм болж. Авирч гарсан сандал нь зураг дээр дэргэд нь үзэгдэнэ. Монголд газардсан анхны нисэх онгоцыг угтсан хүмүүсийн дунд Халхын их өндөр тэртээ тэндээс харагдах нь сүрлэг.

Өндөр Гонгорын бие чилээрхэж эхлэхэд гадаадын хүмүүс түүний хавиар үе үе эргэлдэх болов. Сонин, содон болгонд өлөн нүд унаган шуналтах тэд ямар нүгэл буян, муу ёр, цээрийг мэдэх биш. Ахиухан мөнгө болох аль ч юманд ёс бус, эрээгүй шунах нь зүй. Монгол даяар алдаршсан, өдгөө ч нэр нь цуурайтсаар байгаа өндөр Гонгорыг нэг удаа Америкийн худалдааны төлөөлөгч гэртээ урьж дайлж цайлж гарчээ. Америк хүн өндөр Гонгорыг элдвээр зусардаж, “Та манай пүүсээс дуртай цагтаа ирж хүссэн хэмжээгээрээ мөнгө, эд юм авч хэрэглэж болно. Бид танаас энэ насанд тань эргүүлж нэхэхгүй” гээд сүйд.

Өндөр Гонгор холч ухаантай, хошин зантай хүн тул “Энэ насанд өр төлөхгүй юм байж. Тэгвэл хойд насандаа яах бол” гэтэл, мөнөөх америк эр “Та их ухаантай хүн юм. Та хэзээ нэгэн цагт үхэх нь дамжиггүй. Тэр цагт энэ ховор эрдэнэт ясаа манай Америк улсад тушаавал бид бурхан адил тахиж, таны нэр алдрыг дэлхий даяар цуурайтуулна. Үүний төлөө та энэ насандаа юу хүссэнээ авч болно” хэмээв. Энэ ёрын үгийг дутуу хагас сонсмогцоо Гонгорын сэжиг, зэвүү, уур хилэн нэгэн зэрэг дүрэлзэж, “Ар халхын буян байхад үхсэн хойноо хувхай ясаа худалдаж идэх болоогүй. Өгөр ясыг минь алтанд барьцаалж авах гэв үү. Та нар манай нутгаас шалавхан зайлцгаа” гээд ухасхийн босож америк төлөөлөгчийг унатал цохиод гарч явсан гэнэ билээ.

Шарилын эрэлд

Ардын хувьсгалын дараахнаас өндөр Гонгор эхнэр хүүхдээ дагуулан төрсөн нутагтаа эргэн ирж, мал маллан аж төрөх болов. Ийн суусаар 1931 оны үес 49 орчим насандаа өөрийн нутаг усандаа таалал төгсчээ.

Хосгүй өндөр эрийн ясанд шуналтсан харийн этгээдүүдийн сонирхол огтоос буурсангүй. Хүрээнээс нүүгээд хаана очсоныг нь тандаж, отон тагнаж дагасаар явав. Ер амийг нь таслаад алтан ясыг нь авч явахаас ч сийхгүй болж. Ясыг гартаа оруулаад алт, мөнгөөр арилжихад хожоо гэгчийг олно, ховор зүйлийг мөнгөөр үзүүлж харуулсан ч хөл тасрахгүй хэмээн шүлсээ залгицгааж байсан биз ээ.

Эндрюсийн хайгуулын багийнхан гэх нэрээр хэсэг гадаад хүн нутагт нь үе үе очиж, өндөр Гонгорын лагшин чилээрхэж асан үед бүр эрээ цээргүй орж гарах болжээ. Амьд сэрүүн байсаар атал ил цагаандаа гарч, махчин тас адил насан өөд болохыг нь анаж байдаг болов гэнэ. Хосгүй өндөр эрийг бурхны хутгийг олмогц төрсөн дүү П.Довчин нь хайрт ахынхаа цогцсыг эрээгээ барсан тонуулчдад хөндүүлэхгүйн тулд алтан шарилыг нь анхлан оршоосон Багабулагийн Цагаан-Уулыг хоол нойроо умартан гурав хоног манав. Мөнөөх гаднын өлбөнгүүд Гонгорын цогцсыг хаана оршоосныг тандан, сиймхийгээр хулгайлан авахыг санаархана. Хөдөөлүүлснээс нь хойш гурав хоногийн дараа Довчин бүсгүй дүү Тойсонгоо дагуулан явжээ. Тойсонг нэгэн хадат толгойн орой дээр алсын бараа харуулан зогсоож, ахынхаа шарилыг хөндөн хүнд үл анзаарагдам газарт зөөж, ул мөрөө баллан үдшийн бүрийгээр сайтар нууцлан оршуулав. Энэ үйл явдлыг Гонгорын төрсөн дүү Довчин,Тойсон хоёроос өөр хүн үл мэднэ. Хоёр дүү энэ тухай олон жил тас нуусан гэдэг юм. Удалгүй нутгийнхан өндөр Гонгорын шарил хөндөгдсөнийг олж мэдэж, “Гадаадынхан ухаж аваад явчихаж” хэмээн шуугилдаж дээ. Анаж суусан хэд ч эрж хайгаад олсонгүй, “Хэн нэгэн өрсөж ухаад авчихжээ” хэмээн амаа барин буцав. Төрсөн дүү нар нь ахынхаа ариун цогцсыг эх нутгийнх нь шороонд гүн бат нуусныг тэртээ олон жилийн хойно л хамаатан садны цөөн хүн олж мэдсэн юм гэдэг.

Гэрэлт хөшөө сүндэрлэн буй

Өнөөдөр түүний нутагт гэрэлт хөшөө сүндэрлэн буй. XYII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жил /2023 он/-ийн наймдугаар сарын эхэн, зуны адаг, шарагчин хонь сарын шинийн арван тавны 15-ны цагаагчин туулай ерөөлт өдөр. Өндөр Гонгорын үр хүүхэд, ач, зээ, гуч, жич, дүү нар, төрөл төрөгсөд, садан хамаатан, нутгийн зон олон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гуравдугаар багийн нутаг Тосон, Багабулагийн амны Хөх хадатын өвөлжөөнд цугларчээ. Халхын өндөр Гонгор хэмээн олноо алдаршсан Пүрэвийн Гонгоржавын үр хойчис өвөөгийнхөө  намтар түүх, гавьяат үйлсийг  дурсан хүндэтгэж, Хөх хадатын өвөлжөөнд гэрэлт хөшөө сүндэрдүүлэхээр хуран цугларсан нь энэ бөлгөө.

Тэд өндөр өвөөдөө өргөх айлтгалдаа “Мөнх тэнгэрийн ивээл дор өндөр дээд өвөг дээдсээс үлдээсэн уудам Монгол орны минь төв хэсэг болох сэрүүн, сүрлэг Хангайн нуруу, түүний ноён оргил Отгонтэнгэр хайрхнаас эх аван урсах Идэрийн тунгалаг гол, үзэсгэлэнт Тарвагатайн уулсын хярд ахан дүүс булт олноороо хуран цугласны учрыг дээр хөхрөгч тэнгэр, дор ногоорогч газар, сав шимийн эзэд хийгээд дээдсийн сүнсэнд өчсүү.

Сүрлэг хангайн нуруу үзэсгэлэнт Тарвагатайн уулсын дунд эдүгээгээс 140 гаруй жилийн тэртээд Аадайхан овгийнхоны галд нэгэн хүү мэндэлжээ. Тэрээр мяралзах Идэрийн хөвөөнд тугал, хурга эргүүлэн унага даагатай ноцолдон өсөж, хожмоо өвгөдийн бадраасан их Монголынхоо гал голомтыг сэргээн мандуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эгэлгүй эрхэм хүмүүн, бидний өвөө Халхын өндөр Гонгор хэмээх Пүрэвийн Гонгоржав байлаа” хэмээгээд намтар түүхийг нь дуудаж “Өнө мөнхийн эх орныг минь үр хойчис монголчууддаа сэргээн мандуулан өвлүүлэхэд хүч, оюунаа өргөсөн өндөр өвөө таны минь гэгээн үйлс тэнгэрт нартай гагнагдан , хөрст газарт хөх монголчууддаа үеийн үед дурсагдан мөнхжихийг бэлгэдэн энэхүү гэрэлт хөшөөг үр хүүхдүүд, хойчсоос тань сэтгэлийн өргөл болгон өргөн барьж байна” хэмээжээ.

Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайдын төрийн айлчлалын үеэр  шадар хамгаалагчаар явсан 1913 оноос 1919 он хүртэл мөнөөх албыг хашсаны учир П.Гонгоржав өдгөөгийн Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн Тусгай Хамгаалалтын газрын ууган ажилтан хэмээн тооцогддог билээ. Мөн өдгөөгийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн Ерөнхий газрын ууган  ажилтан хэмээгдэнэ. Гаалийн ерөнхий газраас 2008 оны аравдугаар сараас 12 дугаар сар хүртэл “Өндөр Гонгор” хэмээх аяныг зохиож, ганц сарын дотор 370 гаруй зөрчил илрүүлж байсан удаатай.

ХIХ зууны сүүлээр нартад мэндэлж, ХХ зууны эхээр амьдарч асан Халхын өндөр, эгэлгүй их хүний намтар цадигийг түүхийн шаргал хуудас, үр ач, зээ, гуч, жич нарын хууч ярианаас сэдэвлэн товч эвлүүлэн хураангуйлахад ийм агаад тэртээ цагаас өнөөгийн шинэ зуунд улбаалан ирж, үл мартагдан гэрэлтсээр авай. 

Ашигласан материал:

-Оскар Мамен "Зүүнш зорчсон нь" /Going East/ аяллын тэмдэглэл
-Ц.Пунцагноров “Монголын автономит үеийн түүх” нэг сэдэвт зохиол.  Улаанбаатар 1955 он
-Д.Давааням “Өндөр өвөө” хүүхдийн зохиол. Улаанбаатар 1967 он
- Д.Давааням “Өндөр өвөө” хүүхдийн зохиол. Улаанбаатар 2001 он
-Д.Давааням: “Замбуулинд ганцхан өвөө минь Халхын өндөр Гонгор”. “Ардчилал” сонины 2010 оны 12 дугаар сарын 10-ны №247,248-т өгсөн  ярилцлага
-Д.Цэдмаа /Музей судлаач, Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хорооны тэргүүн/ Өндөр Гонгорын хутга музейд ирсэн түүхийг сөхвөөс өгүүлэл

/Нүүдэлчдийн өв судлал /Nomadic Heritage studies museum Nationale Mongoli  Tomus XIV, Fasciculus 1-43/ 393-396 дугаар тал/

Улаанбаатар 2013 он

-А.Дашням “Халхын Сайн ноён хан Намнансүрэн” Улаанбаатар 1990 он
-Монголын Үндэсний төв архивын холбогдох материалаас
-Үндэсний төв музейн холбогдох материалаас
-Өндөр Гонгорын охин Г.Бүдхандын дурсамж ярианаас
-Гуч охин Д.Аззаяагийн аав, авга нарын хууч ярианаас сонссон дурсамжаас

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top