Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн бонд босгоно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хурлаар 2027 онд 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргаж, санхүүжилт босгохоор төлөвлөжээ. Уг бондыг өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд босгох юм.

Уг бондоор дулааны V цахилгаан станц болон Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал “Дулааны V цахилгаан станц” төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн Улаанбаатар трамвай төсөлд 50 тэрбум төгрөгийг энэ бондоос бүрдүүлэхээ тооцсон байна.

Ташрамд дурдахад нийслэлийн өрийн удирдлагын бодлогын хүрээнд өмнө гаргасан гадаад үнэт аасны эргэн төлөлтийг үе шаттайгаар зохицуулах, 2027 онд төлөх дүнгийн тодорхой хэсгийг хойшлуулах саналыг холбогдох яаманд хүргүүлжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард Дулааны V цахилгаан станц төслийг санхүүжүүлэхэд гурван жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 200 тэрбум төгрөгийн нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй 200 мянган ширхэг дотоод бондыг нийслэлээс олон нийтэд нээлттэй арилжаж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top