Дэлхийн 30 гаруй орны цэргийн стратегичид лхагва гарагт Лондон хотноо цугларч, Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг сэргээх төлөвлөгөөг хэлэлцэнэ гэж Их Британийн батлан хамгаалахын яамнаас мэдээлжээ.
Хоёр хоног үргэлжлэх бага хурлаар оролцогчид Ормузын хоолойг нээх нарийвчилсан төлөвлөгөө гаргахад өөрсдийн хувь нэмрийг оруулна гэж мэдэгдэлд дурдаад өнгөрсөн долоо хоногт Парис хотноо болсон 51 орны дээд хэмжээний уулзалтын үр дүнд тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Ормузын хоолойн асуудлаарх Парисын дээд хэмжээний уулзалтад оролцсон 50 гаруй орны төлөөлөгчид усан тээврийн замыг нээх Ираны мэдэгдлийг дэмжсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын мэдэгдсэнээр, Их Британи, Франц улс хамтран Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг хангах олон улсын цэргийн багийг тэргүүлэхээр болжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин энэ сарын 13-нд Ираны боомтуудаас гарч, орж байгаа усан замыг бүхэлд нь бүслээд байгаа билээ. Ирантай холбоогүй хөлөг онгоцнууд Тегеранд төлбөр төлөөгүй нөхцөлд Ормузын хоолойгоор чөлөөтэй нэвтрэх боломжтой гэж Вашингтон мэдэгдэж байгаа. Харин Ираны эрх баригчид төлбөр ногдуулах төлөвлөгөөний талаар ярьсан болов ч хэрэгжүүлээгүй байгаа тухай мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )