Лиг 1 | ПСЖ итгэл төгс ялалт байгууллаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Францын дээд лигийг тэргүүлэгч Парис Сен-Жермен клуб Ница клубийн талбайд зочлон тоглож 4-0 харьцаагаар итгэл төгс ялалт байгууллаа. Ингэснээр тэд бүх тэмцээнийг оролцуулаад дөрөв дэх ялалтаа байгуулсан ПСЖ клуб хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ.

Аваргуудын лигт шөвгийн наймд шалгарсан ч Лиг 1-ийн тэргүүллийн байр сууриа алдаад байсан ПСЖ клуб анхнаасаа л ялах тэмүүлэлтэй талбайд гарсан. Улмаар тоглолтын 12 дахь минутад Квица Кварацхелиа зүүн хөлөөрөө гайхалтай цохилт гүйцэтгэсэн ч гоол болж чадаагүй. Хэдхэн минутын дараа дахин нэг боломж үүсгэсэн ч бас л гоол болж чадаагүй. Зочид сөрөг довтолгооноор хоёр ч боломж үүсгэсэн. Тоглолтын 41 дэх минутад эзэд торгуулийн талбайд алдаа гаргаснаар ПСЖ торгуулийн цохилт гүйцэтгэхээр болж, улмаар Нуно Мендеш амжилттай болгосноор тэргүүллийг багтаа авчрав. Ингэснээр эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар үе эхлэхэд л ПСЖ зочдын итгэл найдварыг үгүй хийсэн. Тоглолтын 49 дэх минутад эхний гоолын эзэн Нуно Мендешийн дамжуулалтыг Дизире Дуэ гоолдож 2-0 харьцаатай болов. ПСЖ тоглолтыг хяналтад оруулсаар байхад тоглолтын 61 дэх минутад Ница клубээс Ндайшимие ноцтой алдаа гаргаж улаан хуудас авч талбайг орхисон. Энэ нь эргэлтийн цаг болж ПСЖ улам бүр довтолсоор байлаа. Тоглолтын сүүлийн минут үндсэндээ Ницагийн хамгаалалтын шугамд үргэлжилсэн. Энэ нь үр дүнгээ өгч тоглолтын 81 дэх минутад Барселона клубээс ПСЖ-тэй нэгдсэн Дро Фернандез гоол оруулж тэргүүллээ баталгаажуулж, үүнээс дөрөвхөн минутын дараа Уоррен Зайр-Эмери гоол оруулснаар тоглолт 4-0 болов.

Ялалт байгуулсан ПСЖ клуб хүснэгтийн оройд дахин заларч, Ница клуб 15-р байрт унасан юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top