Аутсайдераас гол дүр хүртэл: The MongolZ багийн PGL Cluj-Napoca 2026 тэмцээний амжилт

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хоёрдугаар сарын 23-нд энэ улирлын гурав дахь tier-1 тэмцээний их финал өндөрлөж, Монголын шилдэг багийн хувьд хамгийн амжилттай тэмцээнүүдийн нэг болж үлдлээ. The MongolZ баг топ-4-т шалгарч, 43 мянга гаруй ам.долларын шагнал хүртсэнээс гадна тэмцээний гол фаворитуудын нэгийг буулган авч, төвийг сахисан үзэгчдийн дуртай баг болж чадлаа.

Хэсгийн шатанд гялалзсан тоглолт

Б.Эрдэнэдалай “maaRaa” -н удирдсан баг Cluj-Napoca дахь гараагаа paiN багийг хожсоноор эхлүүлэв. Эхний map болох Nuke дээр 7-13-аар ялагдсан ч Mirage дээр 13-1, Dust2 дээр 13-2-оор илүүрхэж, цувралыг өөрсдийн болгосон юм.

 Дараагийн өрсөлдөгч нь CS-ийн түүхэн дэх хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнүүдийн нэг гэгддэг Vitality байлаа. The MongolZ зоригтой тоглож, Mirage дээр ялалт байгуулсан ч Shahar “flameZ” Shushan болон William “mezii” Merriman нарын гайхалтай тоглолт Францын багт давуу байдлыг авчирсан.

Сонирхолтой нь, Vitality бүх тэмцээний турш ердөө хоёр map алджээ — нэгийг нь The MongolZ-д, нөгөөг нь G2-д.

 Эхний ялагдлын дараа манай баг 1–1-ийн бүсэд B8 багтай тулж, Nuke дээр хоёр overtime үргэлжилсэн ширүүн тулаан болов. Б.Өсөхбаяр “910” CT талдаа AWP-тай гайхалтай тоглож, 1.49 рейтингтэйгээр багаа ялалтад хүргэв.

Харин NAVI-ийн эсрэг тоглолтод шинэ баатар тодорсон. Шинэ тоглогч У.Анарбилэг “cobrazera” Nuke дээр өрсөлдөгчдөө дарамталж, гайхалтай тоглолт үзүүлсэн юм. Ийм формтой rifler-тэй болсон The MongolZ-ийн фэнүүд М.Азбаяр “Senzu” -г нэг их санахгүй байж ч мэдэхээр байлаа.

 Ингэснээр баг гурав дахь ялалтаа авч, 3-1 амжилтаар плейоффт шалгарлаа.

Плейоффын ид шид: FURIA-г буулгаж, Vitality-тай дахин учирсан нь

Шөвгийн наймд The MongolZ жинхэнэ сенсаац тарьж, Valve-ийн чансааны 2-т бичигдэж байсан FURIA багийг 2-1-ээр хожлоо. Mirage дээр 13-3-аар бут ниргэж, Dust2 дээр 10-13-аар ялагдсан ч Nuke дээр 13-10-аар ялалтаа баталгаажуулсан.

Энэ тоглолтод дахин cobrazera 1.34 рейтингтэйгээр шилдэг нь болж, 910-ийн AWP тоглолт tier-1-ийн од Данил “molodoy” Голубенког ч давж гарсан юм.

Харамсалтай нь, хагас шигшээд Vitality-тай дахин таарч, тэднийг зогсоож чадсангүй. Robin “ropz” Kool болон Mathieu “ZywOo” Herbaut нар оргил формдоо хүрч, 1.40+ рейтингтэй тоглолт үзүүлжээ.

Гуравдугаар байрын төлөөх тоглолтод The MongolZ MOUZ багт 2-0-ээр ялагдсан. 910 дахин сайн тоглож (1.24 рейтинг), багаа чирсэн ч ялалтад хүрэхэд хангалтгүй байв. Ингэснээр баг нэр хүндтэй тэмцээнийг 4-р байраар өндөрлүүлж, Румыны үзэгчдээс хүндэтгэл хүлээлээ.

Энэ амжилт яагаад чухал вэ?

Хүрэл медалийн төлөөх тоглолт хүртэлх замдаа The MongolZ 4 ялалт байгуулж, чухал VRS оноо цуглууллаа. Одоогийн Valve-ийн чансаанд тэд 9-р байрт бичигдэж, Astralis болон G2 багуудыг ардаа орхиж байна.

Мөн Cologne-д болох Major тэмцээнд оролцох эрх бараг баталгаажсан нь асар том амжилт юм.

Түүнчлэн энэ тэмцээнээр:

• У.Анарбилэг “cobrazera” tier-1 түвшинд өрсөлдөхөд бэлэн гэдгээ харуулсан

• Б.Өсөхбаяр “910”  дэлхийн шилдэг AWP тоглогчдын эгнээнд багтаж, HLTV-ээс EVP шагнал хүртсэн

Тэр rifler-ээр Mathieu “ZywOo” Herbaut-тай эн зэрэгцэхгүй байж болох ч AWP барьсан үед өрсөлдөгчдөд бараг боломж олгодоггүй. 1.20+ рейтинг хадгалдаг AWP тоглогч өнөөдрийн CS2 метад үнэхээр үнэтэйд тооцогдож байна.

Одоогоор tier-1 багууд түр завсарлага авч байгаа ч удахгүй ESL Pro League Season 23-оор эргэн ирнэ. Дэлхийн 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ Stage 2-оос тэмцээнээ эхлүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top