АНУ, Ираны яриа хэлэлцээний гуравдугаар үе шат боллоо

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Женев хотноо АНУ, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээний гуравдугаар үе шат болж өндөрлөв. Яриа хэлэлцээ нь АНУ Ойрх Дорнод дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, Иранд эсэргүүцлийн давлагаа өрнөж, хэвлэлүүд Тегераныг ОХУ, БНХАУ-тай батлан хамгаалахын тухай шинэ гэрээ байгуулсан хэмээн мэдээлж байгаа зэрэг тус бүс нутаг дахь хурцадмал байдал нэмэгдэж байгаа цаг үед боллоо.

Хэлэлцээний үеэр талууд цөмийн хөтөлбөр болон Ираны эсрэг хоригийг цуцлах талаар хэд хэдэн чухал санал дэвшүүлснийг Ираны гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаи мэдэгджээ.

Ираны зүгээс Олон улсын атомын энергийн агентлагийн хяналт дор ураны хэмжээг бууруулах, тодорхой хугацаанд уран баяжуулалтыг царцаах санал дэвшүүлжээ. Ингэхдээ Тегеран пуужин хөгжүүлэх хөтөлбөр болон батлан хамгаалах чадавхын талаар хөндөөгүй байна.

АНУ-ын тал Тенеранд анагаах ухааны зорилгоор судалгааны реакторыг ажиллуулах боломжийг хангах боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн, АНУ-ын засаг захиргаа Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийн тулд Ирантай яриа хэлэлцээ хийхээс татгалзахгүй бөгөөд гэхдээ асуудлыг шийдэх өөр хувилбарууд байгаа гэдгийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдсэн байна.

АНУ Ираны цөмийн хөтөлбөрөөр хугацаагүй гэрээ байгуулах сонирхолтой байгааг АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top