
Гадаад харилцааны яамны дэд сайд Г.Амартүвшин энэ 2 дугаар сарын 03-ны өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзлаа.
Дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, чиг үүргийг тууштай дэмжиж ирсэн улс орнуудын нэг учраас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг өөрийн улсад хүлээн авах шийдвэр гаргаж, 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны хооронд зохион байгуулах зохих бэлтгэлийг ханган ажиллаж байна гэв.
Мөн тэрбээр Гадаад харилцааны яам уг бага хурлыг амжилттай зохион байгуулахад үргэлжлүүлэн бүх талаар дэмжиж ажиллах бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай цаашид илүү нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүлээн авагч улсаар ажиллах хүндтэй үүргээ биелүүлэн, зохион байгуулалтын бэлтгэлээ хичээнгүйлэн хангаж буйд талархал илэрхийлж, тус бага хурлын үеэр зохион байгуулах дээд, өндөр түвшний уулзалтыг 8 дугаар сарын 23-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн тухай албан ёсоор мэдэгдэв.
Мөн зохион байгуулалтын чиглэлээр Гадаад харилцааны яамтай үргэлжлүүлэн нягт уялдаатай ажиллах болно гээд бага хуралд оролцох төлөөлөгчдөд виз олгох асуудалд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )